Т.САЙХАН
Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн V чуулга уулзалтад оролцохоор өчигдөр/09.04/ ОХУ-ын Владивосток хотод очсон. Төрийн тэргүүнийг ОХУ-ын талаас тус улсын ГХЯ-ны Төрийн ёслолын газрын дэд захирал А.И.Яковлев, Владивосток хотын Засаг даргын Тамгын газрын орлогч дарга В.В.Черепков, Приморийн хязгаарын Олон улсын хамтын ажиллагааны газрын захирал Старичков Алексей, Приморийн хязгаарын Амбан захирагчийн нэгдүгээр орлогч дарга хатагтай В.Г.Ширбин нарын төлөөлөгчид угтав. Владивостокт өнөөдөр /09.05/ томоохон уулзалтууд болох бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулга Япон болон Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхий сайд нартай уулзаж, Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд оролцож үг хэлэхээр төлөвлөж байна.
Тэрээр өмнө нь 2017 онд ОХУ-ын Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн гурав дахь удаагийн форумд оролцож байсан билээ. Дорнын эдийн засгийн анхдугаар форум 2015 оны есдүгээр сард зохион байгуулагдаж, 1.3 их наяд рублийн үнийн дүн бүхий 80 гаруй томоохон хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурж байжээ. Эдгээр төслүүд эхнээсээ үр өгөөжөө өгч, Алс Дорнод дахь хөрөнгө оруулалтын хэмжээг 10 хувиар нэмэгдүүлж, эдийн засгийн хөгжилд чухал нөлөө үзүүлж буй юм.
Эх сурвалж:www.polit.mn