Халхын голын дайны түүхт ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан ИНЕГ-аас Зөвлөлт, Монголын зоригт нисгэгчдийн дурсгалд зориулсан боржин чулуун гэрэлт хөшөөг Дорнод аймгийн Халх гол сумын нутаг Баян цагааны нуруун дээр 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүндэтгэлтэйгээр босголоо.
Одоогоос 80 жилийн тэртээ Халхыг голын тэнгэрт цэрэг дайны түүхнээ хамгийн олон нисэх онгоц оролцсон агаарын байлдаан болсон хэмээн түүхчид үздэг. Тиймээс ээнхүү газарт Монгол улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутаг хил хязгаарын халдашгүй дархан байдлыг амь бие үл хайрлан хамгаалж, харийн түрэмгийлэгчдийн эсрэг дорнод хязгаарт 1936-1939 онуудад баатарлагаар тулалдсан Монгол-Зөвлөлтийн зоригт нисгэгч, офицер дайчдын дурсгалыг гэрэлт хөшөөнөө мөнхлөн босгож байгаа юм.
Халхын голын дайны агаарын байлдаан, Нисэх хүчний агаарын зоригт шонхоруудын талаар судалгаа хийсэн, ИНЕГ-ын Захиргаа, удирдлагын газрын дарга, нисгэгч зохиолч Т.Батжаргал Халхын голын их ялалтын ойн өмнө агаарын зоригт шонхоруудад зориулсан дурсгалын гэрэлт хөшөө босгох санал гаргасныг Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан дэмжиж, ИНЕГ-ын удирдлагад чиглэл өгсөн байна. Ингээд ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Цэргийн түүх судлалын төв зэрэг газруудаас тодорхой зөвлөмж авсны үндсэн дээр НХҮА-ны мэргэжилтэн К.Энхбаярын хийсэн зураг төслийг ИНЕГ-ын Даргын зөвлөл дэмжин зохих санхүүжилтийг шийдвэрлэж, “Боржин суварга” ХХК-д захиалан 3,5 метр өндөр, 4,5 тонн жинтэй, 65х65 см өргөн боржин чулуун багана дээр 1936-1939 онд Зүүн хязгаарт болсон дайн тулаанд нисэх хүчний оролцсон товч түүхийг сийлсэн бичээс бүхий гэрэлт хөшөөг бүтээлгэжээ.
Гэрэлт хөшөөг санаачлагч, ИНЕГ-ын Захиргаа, удирдлагын газрын дарга Т.Батжаргал хөшөөг нээж хэлсэн үгэндээ “Монгол ардын хувьсгалт цэргийн нисэх хүчин эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал, хил хязгаарын халдашгүй дархан байдлыг хамгаалах удаа дараагийн дайн байлдаанд байгаа боломжоо шавхан баатарлаг тулалдаж, төр засаг, командлалаас өгсөн үүрэг даалгаврыг нэр төртэй биелүүлж, хамтын ялалтын хувь нэмрээ оруулсан юм. Тухайн цагт Халхын голын дайны агаарын байлдаанд эрэлхэг зоригтой тулалдсан Монгол Ардын Хувьсгалт Цэргийн Нисэх хүчний залуу нисгэгчид бол хожим нь манай иргэнийн нисэхийг гардан бүтээсэн ахмадууд билээ. Бид жил бүр тэмдэглэж ирсэн нисэхийн баяраа “Нисэх хүчний баяр” гэж нэрлэж ирсэн нь ийм уламжлалтай юм. Бид ахмад үеийнхээ байгуулсан баатарлаг түүхийг үеийн үед санан, хүндэтгэж явах учиртай” гэдгийг онцлон хэллээ.
Энэхүү дурсгалын хөшөө нь Халхын голын дайны түүхэн үйл явдалтай холбоотой 40 дэх хөшөө болон сүндэрлэсэн бөгөөд уг гэрэлт хөшөөний нээлтэд ИНЕГ-аас томилогдсон 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Иргэний нисэхийн үйлдвэрчний эвлэлийн хороо, Залуучуудын холбооны төлөөлөл тойрон аяллын багийнхан, ШУА-ийн Түүх археологийн хүрээлэн, Цэргийн түүхийн музей, Батлан хамгаалахын Цэргийн төв архив, Халх гол сумын удирдлага, тус сумын “Ялалт музейн” ажилчид болон нутгийн иргэд, ОХУ-ын Чит мужийн Өвөр байгалийн Улсын их сургуулийн төлөөлөл оролцлоо. Өвөр байгалийн Улсын их сургуулийн дэд захирал, түүхийн ухааны доктор, профессор В.В.Кузнецов хөшөөний нээлтэд үг хэлэхдээ “Латви, Литва, Эстони гэх мэт хуучин Зөвлөлтийн бүгд найрамдах улсууд болон Польш зэрэг баруун европын орнуудад Зөвлөлтийн дайчид, цэргүүдийн дурсгалд зориулсан хөшөө, дурсгалыг нурааж, буулгаж байхад харин эсрэгээрээ монголд шинээр босгож байгаад сэтгэл маш өндөр байна. Монголын ард түмэн Халх голын дайнд амь үл хайрлан тулалдсан зөвлөлтийн дайчдын гавьяaг дурсаж, хөшөө босгож байгаад гүнээ талархаж байна” хэмээн цохон тэмдэглэв гэж ИНЕГ-аас мэдээллээ.