Үндсэн хууль зөрчсөн асуудлыг хянуулах тухай

2019 оны наймдугаар сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот

Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэц нь Үндсэн Хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага мөн.

 УИХ дахь МАН-ын 62 гишүүн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг санаачлан өргөн барьж, УИХ энэхүү төслийг сүүлийн сар гаруй хугацаанд хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан Монголын улс төрийн намууд, иргэний хөдөлгөөнүүд, хэвлэл мэдээллийн байгууллагууд энэхүү үйл явцыг анхааралтай ажиглаж, зарим асуудлаар байр сууриа тодорхой илэрхийлсээр ирлээ.

Үндсэн хууль нь Монгол Улсын тусгаар тогтносон, бүрэн эрхт байдлаар оршин тогтнохуйн эрх зүйн үндэс мөн тул Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үйл ажиллагаа нь юуны түрүүн хуулийн дагуу хийгдэх ёстой.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль (ҮХНӨОЖТХ)-ийн 1-р зүйлийн 1.2.-рт “Энэ хуулиас гадуур Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг завдах, хуйвалдан оруулах аливаа үйлдлийг Монгол Улсын Үндсэн хуульт байгуулалд халдсан хэрэг гэж үзнэ.” гэж тодорхой заасныг тэмдэглэн сануулж байна. Тэгвэл өнөөгийн УИХ-аар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байгаа үйл явц Үндсэн хууль ба бусад хуулийг зөрчсөн, түүнчлэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгасан зүйл, заалтууд Үндсэн хуулийн үзэл санаанд харш болсон байна.

1.МУ-ын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль (ҮХНӨОЖТХ)-ийн “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл ажиллагааны үндсэн зарчим” хэмээх 5 дугаар зүйлийн 5.1.-д “Улсын Их Хурал, хууль санаачлагч нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл ажиллагааны бүх үе шатанд дараахь үндсэн зарчмыг баримтална:

5.1.1.Үндсэн хуулийг дээдлэн сахих, түүний тогтвортой байдлыг хамгаалах;

5.1.2.ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах;

5.1.3.бодитой, ил тод байх.” болон

Үндсэн хуулийн 5-р зүйлийн 5.3.-т “Улсын Их Хурал, хууль санаачлагч нь энэ хуулийн 5.1.2-т заасан зарчмыг дор дурдсан үндсэн арга замаар хангана:

5.3.1.Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төсөл санаачлах үеэс эцэслэн батлах хүртэл бүхий л үйл ажиллагаанд иргэд, улс төрийн нам, олон нийтийн бусад байгууллагын оролцоог хангах;

5.3.2.Иргэдэд төслийн талаар саналаа чөлөөтэй илэрхийлэх бололцоог олгох” гэсэн заалтуудыг ноцтой зөрчиж ирлээ.

УИХ-аар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэх ажиллагаа “ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангахгүй байна”, “бодитой, ил тод байх зарчмыг зөрчиж байна”, “иргэд, улс төрийн нам, олон нийтийн байгууллагын оролцоог хангах ажил ижил тэгш биш, харин санаатайгаар намуудыг ялгаварлан гадуурхах, түүвэрлэн сонгох шинжтэй байна”, “иргэдэд төслийн талаар саналаа чөлөөтэй илэрхийлэх бололцоо олгогдохгүй байна” гэж үзэхээс өөр аргагүй байдал үүсчээ. Ингэснээр МУ-ын Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 70.1.-д заасан “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино”. ҮХНӨОЖТХ-ийн 5-р зүйлийн 5.1.1.-р заалт буюу “Үндсэн хуулийг дээдлэн сахих, түүний тогтвортой байдлыг хамгаалах;” гэсэн заалтууд ноцтой зөрчигдөж байна.

2.УИХ-ын гишүүд өөрсдөө МУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн насыг 45-аас 55 болгон өөрчлөх төслийн саналын тухай Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцсэн УИХ-ын чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаанууд дээр: “Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан хүмүүс харьцангуй залуудаа Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдсөн учир улс төрийн нам байгуулах зэргээр улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна, тийм учир нэр дэвшигчийн насыг нь өндөрсгөвөл тэд Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаад албан тушаалаасаа чөлөөлөгдсөний дараа улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулахгүй байна гэж тооцсон” гэсэн утга санаа бүхий “тайлбар” хэлж байгаа нь ҮХНӨОЖТХ-ийн 5-р зүйлийн 5.4.-рт заасан “Улсын Их Хурал, хууль санаачлагч нь энэ хуулийн 5.1.3-т заасан зарчмыг дор дурдсан үндсэн арга замаар хангана:

 5.4.1.Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилга, үйл ажиллагаа нь дур зоргын шинжтэй байж болохгүй;” гэсэн зарчмыг зөрчиж байгаагийн тодорхой жишээ мөн.

3.Мөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд “улс төрийн намуудын тоог тус бүр 50 мянга, нэмэх нь 1 гишүүнтэй байх ёстой” (сүүлийн үед нийт сонгогчдын нэг хувиас доошгүй байна гэсэн зохицуулалтын тухай яригдаж байгаа, энэ нь улс төрийн нам 25 мянга орчим гишүүнтэй байх ёстой гэсэн үг билээ) гэсэн саналыг хэлэлцэн батлах гэж байгаа нь илэрхий МАН ба АН хэмээх хоёрхон намд зориулсан, тэдэнд ашигтай байдлыг бий болгох зорилготой, намын хатуу гишүүнчлэлээр дамжуулан нийгмийг хагалан бутаргах хор уршигтай ажиллагаа мөн хэмээн дүгнэхээс өөр аргагүй байна. Ингэснээр Үндсэн хуулийн 16-р зүйлийн 10-т “Нийтийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлоос үүдэж нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй” гэсэн ардчиллын суурь зарчмыг уландаа гишгэж, хүний эрхийн түгээмэл тунхаглалын холбогдох заалтуудыг зөрчжээ. ҮХНӨОЖТХ-ийн 5-р зүйлийн 5.4.2.-рт заасан ”Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь улс төрийн аль нэгэн нам, бүлэг, давхаргын ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалсан байж болохгүй;” гэсэн зарчмыг мөн адил ноцтой зөрчиж байна.

4.Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд “Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын зөвшөөрөлгүй зардлын шинэ төрөл үүсгэж, зарлага нэмэгдүүлэхгүй” гэсэн саналыг хэлэлцэн батлах гэж байгаа нь ҮХНӨОЖТХ-ийн 8-р зүйлийн 8.1-д заасан “Улсын Их Хурлын гишүүн энэ хуулийн 5.2.2-т зааснаас болон дор дурдсанаас бусад асуудлаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль санаачилж болно:

8.1.2.Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг өргөтгөх, үүрэг, хариуцлагыг сулруулах;” гэсэн зарчмыг зөрчиж УИХ-ын гишүүний бүрэн эрх, үүрэг хариуцлагыг сулруулсан утга агуулгатай болсон  байна.

5.Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд “УИХ Хянан шалгах түр хороо байгуулж мэргэжлийн хараат бус шинжээч томилох, гэрч дуудах, тайлбар, мэдүүлэг авах, нотлох баримт гаргуулах бүрэн эрхтэй. Түр хороо дүгнэлт гаргаж, шаардлагатай бол тухайн асуудлыг эрх бүхий байгууллагад шалгуулахаар шилжүүлж болно” гэсэн нь ҮХНӨОЖТХ-ийн 8-р зүйлийн 8.1-д заасан “Улсын Их Хурлын гишүүн энэ хуулийн 5.2.2-т зааснаас болон дор дурдсанаас бусад асуудлаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль санаачилж болно:

“8.1.3.гүйцэтгэх болон шүүх эрхмэдлийн тодорхой бүрэн эрхийг олж авах.” гэсэн зарчмыг зөрчиж УИХ өөрөө шүүх эрх мэдлийн тодорхой бүрэн эрхийг олж авах гэсэн оролдлого хийж, түүнчлэн засаглалын эрх мэдлийг хуваарилах онол, практикийг ноцтой зөрчиж байна гэж дүгнэж байна.

6.Төслийн 39 дүгээр зүйлийн 39.4-д “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна” гэсэн нь Улсын их Хурлын бүрэн эрхэд халдаж, УИХ-ын гишүүний Засгийн газрын гишүүнийг томилох, түүнтэй хариуцлага тооцох эрх, үүргийг сулруулж байна гэж үзэж байна.

7.УИХ-аар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэхдээ УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан төсөл, түүнчлэн Ерөнхийлөгчийн өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг зэрэгцүүлэн хэлэлцэж байгаа нь ҮХНӨОЖТХ-ийн 11 дүгээр зүйлийн

“11.1.Хууль санаачлагч энэ хуульд заасан зарчим, журмын дагуу боловсруулсан төслөө Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд заасны дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

11.3.Төслийг чуулганаар хэлэлцэхэд дараахь зарчмыг баримтална:

 11.3.4.чуулганаар урьдчилан тогтсон зөвхөн нэг төсөл хэлэлцэнэ. Өөрөөр үзэл баримтлалтай хоёр буюу хэд хэдэн төслийг саналын түвшинд харгалзан үзэж болох ба харин бие даасан байдлаар зэрэгцүүлэн хэлэлцэхийг хориглоно;” болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 3-р бүлэг буюу Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл хэлэлцэх журмын Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл хэлэлцэх үе шат хэмээх 16-р зүйлийн 16.4.-т заасан “Нэг асуудлаар хоёр болон түүнээс дээш төсөл өргөн мэдүүлсэн бөгөөд хууль санаачлагчид нь зөвшөөрсөн бол Байнгын хороо тэдгээрийг анхны хэлэлцүүлгийн шатанд нэгтгэн нэг төсөл болгож Байнгын хорооны санал, дүгнэлтийн хамтаар, хэрэв ийнхүү нэгтгэхийг зөвшөөрөөгүй бол тус тусад нь санал, дүгнэлт гаргаж нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ.” гэсэн зарчмыг ноцтой зөрчсөн байна. Тодруулвал Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг бусад хуулийн төслийн нэгэн адил гагцхүү нэгдүгээр хэлэлцүүлэг эхлэхээс өмнө УИХ-д өргөн барьсан байх ёстой бөгөөд нэгдүгээр хэлэлцүүлэг дууссаны дараа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг бусад хуулийн төслийн нэгэн адил УИХ-д өргөн барих болон түүнийг хүлээн авч болохгүй гэсэн зохицуулалттай. Гэтэл одоогийн байдлаар УИХ-ын 62 гишүүн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг өргөн барьж УИХ уг төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж дууссаны дараа Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн өөр төслийг УИХ-д өргөн барьж, УИХ энэ төслийг нь хүлээн авч хэлэлцэж байгаа нь УИХ хууль зөрчин хоёр төслийг зэрэгцүүлэн хэлэлцэж байгаа бодитой байдал үүссэн байна. Ингэсэн нь ҮХНӨОЖТХ-ийн 12-р зүйлийн нэгдэх хэлэлцүүлэг явуулах журмын 12.1.-д заасан “Улсын Их Хурлын чуулган төслийг цаашид хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэхдээ дор дурдсан дэс дараалал, журмыг баримтална:

12.1.1.хууль санаачлагчийн илтгэлийг сонсох;

12.1.2.илтгэлтэй холбогдуулж асуулт, хариулт явуулах;

12.1.3.Байнгын хорооны санал, дүгнэлт сонсох;

12.1.4.нам, эвслийн бүлэг төслийн үзэл баримтлалын талаар намынхаа бодлого, байр суурийг илэрхийлж болно;

 12.1.5.өөрөө хүсэлт тавьсан бол Ерөнхийлөгч үг хэлэх;

 12.1.6.Үндсэн хуулийн цэц санал ирүүлсэн бол түүнийг сонсох;

12.1.7.Засгийн газрын саналыг сонсох;

 12.1.8.Улсын Их Хурлын гишүүн үг хэлж, санал гаргах;

 12.1.9.Улсын Их Хурлын дарга иргэд, олон нийтийн зүгээс ирүүлсэн шүүмж, мэдээллийг чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгож болно;

 12.1.10.төслийг цаашид хэлэлцэх эсэх талаар “зөвшөөрнө”, “татгалзана” гэсэн томъёоллоор санал хураах.”, мөн уг хуулийн 12.2.-т заасан “Төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзвэл Улсын Их Хурал төслийг хоёр, гуравдахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийг хууль санаачлагчийг оролцуулан байгуулж болно.” гэсэн зарчмыг тус тус зөрчсөн байна. Тодруулвал ҮХНӨОЖТХ-ийн дээрх зүйл заалтууд бүгд зөрчигдөж, УИХ-ын гишүүд нэгдүгээр хэлэлцүүлгийн үеэр Ерөнхийлөгчийн санаачилсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг цаашид хэлэлцэх эсэх талаар “зөвшөөрнө”, “татгалзана” гэсэн томъёоллоор санал хураагаагүй атлаа хоёрдугаар хэлэлцүүлгийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг хэлэлцэж байгаа нь Ерөнхийлөгчийн санаачилсан төслийг шууд хоёрдугаар хэлэлцүүлгээс эхлэн хэлэлцэж байгаа байдал үүссэн нь илэрхий хууль зөрчсөн үйлдэл мөн гэж үзэхээс өөр аргагүй байна.

Мөн МУ-ын ҮХНӨОЖТХуулийн 11.3.6.-д хэлэлцүүлгийг тасралтгүй явуулна. Төслийг чуулган нэгэнт хэлэлцэж эхэлсэн бол эцсийн шийдвэр гартал Улсын Их Хурал өөр асуудал хэлэлцэхгүй” гэснийг зөрчиж Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төслийг зөвшилцөх зорилгоор Зөвшилцлийн ажлын хэсэг байгуулж 8 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл Чуулганы хуралдааныг завсарлуулсан нь энэхүү заалтыг зөрчсөн ноцтой үйлдэл болсон байна. Цаашлаад Ерөнхийлөгч нэгдүгээр хэлэцүүлэгийн дараа хуулийн төслийг өргөн барьсан учир энэ нь өөр асуудалд тооцогдох ёстой бөгөөд энэ төслийг хэлэлцэж эхэлсэн нь өөр асуудал хэлэлцэхгүй гэсэн зүйл заалтыг ноцтой зөрчиж байна. 

Дээрх жишээнүүд УИХ-аар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхдээ Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг ноцтой зөрчиж байгаа, иргэдэд ил тод мэдээлэгдэхгүй байгаа, иргэд, улс төрийн намуудын оролцоог хангахгүй байгааг хангалттай нотолж байгаа баримт, жишээнүүд юм.

Тийм учир улс төрийн намууд, иргэд Үндсэн хууль зөрчсөн энэхүү үйл ажиллагааг таслан зогсоохыг шаардаж Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцэд хандаж байна.

Тэгээд ч УИХ-ын 62 гишүүн (намын харьяаллаараа МАН-ын гишүүд)-ий болон Ерөнхийлөгч Х.Баттулга (АН-аас нэр дэвших сонгогдсон)-ын УИХ-д өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслүүд Үндсэн хуулийн суурь зарчмыг зөрчсөн байгааг тэмдэглэн буруушааж байна. Үүнд:

Нэгд: Төрийг хүчтэй болгоно гэсэн нэрийдлээр 1992 оны Үндсэн хуулийн нэг намын дарангуйлалыг тогтоохгүй байх зохицуулалтуудыг өөрчилж одоогийн хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөлд УИХ-д олонхи болсон нэг намын дарангуйлалыг тогтоох, хэний ч өмнө хариуцлага хүлээдэггүй Засгийн газрыг байгуулах, ард түмний сонгоогүй Ерөнхий сайд хэмээх албан тушаалтан Засгийн газрын гишүүн сайдуудыг томилох эрхийг дангаараа эдлэх зэрэг зүйл, заалтууд орохоор яригдаж байгаа нь албан тушаалын наймаа 60 тэрбумаас хэдэн арав дахин нэмэгдэх, нэг хүний гарт хязгааргүй эрх мэдлийн төвлөрөл үүсэх, ингэх нь нийгмийн зөрчил хагарал, улс төрийн тогтворгүй байдлыг бий болгоно гэж үзэж сэрэмжлүүлж байна.

Хоёрт: Байгалийн баялгийг “Төрийн нийтийн өмч” хэмээн цоо шинэ томъёолол гарган ирж тодорхойлж байгаа нь хэн нэгэн хүн, аль нэгэн байгууллагын оролцоогүйгээр буй болсон, одоогийн Үндсэн хуулийн 6-р зүйлийн 6.1-д заасанчлан “байгалийн баялаг нь ард түмний мэдэлд байна” гэсэн зарчимд нийцүүлэн “байгалийн баялаг нь ард түмний дундын өмч” хэмээн тодорхойлохоос зайлсхийж, байгалийн баялагийг бол төрийн өмч хэмээн үзэх, эсхүл шашны байгууллагын өмч, нэг бол төрийн бус байгууллагын өмч, эсхүл орон нутгийн өмч байхаар зохицуулж байгаа нь манай нийгмийн хамгийн хурц асуудал болох ядуурлыг дорвитой арилгах бодлого, зорилготой зөрчилдөж, манай өнөөгийн нийгмийн хэт баян ба хэт ядуугийн хоорондын ялгааг улам гүнзгийрүүлж, тэдгээрийн хоорондын зөрчлийг улам хурцатгаж байна хэмээн үзэж эсэргүүцэж байна.

Гуравт: УИХ-д олонхи болсон намын гишүүд нь олонхи болсон УИХ-ын Байнгын хороо тухайн намын боловсон хүчний бодлогоор Шүүхийн Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүний 30 гаруй хувийг томилох эрх эдлэх, бүрэлдэхүүний нөгөө талыг нь шүүх өөр дотроосоо томилох зохицуулалт оруулах гэж байгаа нь шүүх нэг талаар нэг намаас шууд хараат болох, нөгөө талаар өөрөө дур зоргоороо аашлах эрх зүйн үндсийг бий болгох, улмаар шударга ёс бүрмөсөн алдагдах аюул заналыг учруулж байна гэж үзэж байна.

Дөрөвт: Өнөөгийн УИХ-ын 76 гишүүний нэр хүнд олон түмний дунд урьд өмнө байгаагүйгээр доошоо унаж, тэд ЖДҮДСангийн хөрөнгийг албан тушаалаа урвуулан ашиглаж авсан, эмэгтэй хүн хүчиндсэн, концесс, тендер завшсан, 60 тэрбумын луйварт нэр холбогдсон зэрэг ноцтой алдаа дутагдал гаргасныг ард түмэн хурцаар шүүмжилж байхад тэд олон түмний санаа бодлыг санаатайгаар сөрж УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмэгдүүлэх, УИХ-ын гишүүний ажиллах бүрэн эрхийн хугацааг 4-өөс 5 жил болгон өсгөхөөр зэхэж байгаа нь төр засгийн байгуллага, албан тушаалтныг хариуцлагын гадна урт удаан хугацаагаар байлгах аюул заналыг учруулж байна.

Үндсэн хуульд оруулах эдгээр нэмэлт өөрчлөлт нь бүхэлдээ Үндсэн хуулийн суурь зарчимд халдсан ноцтой алдаа болж байгааг хатуу анхааруулж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл явц Үндсэн хууль болон бусад хууль тогтомжийн холбогдох заалтуудыг илэрхий зөрчсөн ажиллагаа болж байгааг тэмдэглэж, энэхүү бусармаг үйл ажиллагааг нэн даруй таслан зогсоож, болзошгүй сөрөг үр дагавараас урьдчилан сэргийлэх зорилгоор Үндсэн хуулийг чандлан сахиулах, хамгаалах эрх, үүрэгтэй МУ-ын Үндсэн Хуулийн Цэцэд энэхүү нэхэмжлэлийг иргэний журмаар гаргаж байна.

Монгол Улсын ҮХЦэц энэхүү нэхэмжлэлийг нухацтай авч үзэж УИХ-ын Үндсэн хуульд хууль бусаар халдсан ажиллагааг таслан зогсоох шийдвэр гаргана гэдэгт найдаж байна.

Нэхэмжлэл гаргасан:

Б.БАТБОЛД

Х.БАТ-ЯЛАЛТ

Т.БАЯРХҮҮ

О.БУМ-ЯЛАГЧ

Г.ГАНБАТ

Ц.ГАНХУЯГ

О.ЗАЯА

Ц.НАРАНГЭРЭЛ

Б.САРАНЦЭЦЭГ

Ц.ОЮУНБААТАР

Ц.ӨЛЗИЙТОГТОХ

Д.ХИШИГДЭЛГЭР

Н.ЭНХБАЯР

А.ЭРДЭНЭБАЯР