Т.САЙХАН

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Чуулганаар  УИХ-д Хянан шалгах хороо байгуулах саналыг 62 гишүүний өргөн барьсан төсөлд тусгасан. Хянан шалгах хороо байгуулах талаар гэрч дуудах гэх мэт заалтуудыг хасч, хуулийн биелэлттэй холбоотойгоор нийт гишүүдийн дөрөвний 1-ийн дэмжлэг авбал цөөнхийн бүлгийн оролцоотойгоор Хянан шалгах хороо байгуулах заалт оруулж ирсэн юм.  Энэ асуудлаар  гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: -Гэрч дуудах, гэрчээс мэдээлэл, тайлбар авах зэрэг заалтууд нь хасагдсанаар энэ хороо ямар ч үүрэггүй болно. Өөрөөр хэлбэл, бусад дэд хорооноос ялгагдахгүй болно. Хянан шалгах хороо байх ёстой, ялангуяа төрийн өндөр албан тушаалтантай холбоотой асуудлыг хуулийн байгууллага шалгахад төвөгтэй байдаг. Энэ мэт хэрэгтэй заалтуудаа оруулж ирэхгүй бол Үндсэн хууль өөрчлөх шаардлагагүй шүү дээ.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: -Одоогийн хуулиар түр хороо байгуулаад явах боломж нь нээлттэй байгаа. Дүгнэлт гаргах, гэрч дуудах, шинжээч томилно гэсэн заалтыг эрс эсэргүүцэж байгаа юм. Бид хуулийн байгууллага яагаад шударгаар ажлаа хийж чадахгүй байна вэ гэдэгт дүгнэлт хийх хэрэгтэй. Шударга ёсны хүсэмжлэл өндөр байгаа нь шударга шүүх, хуулийн байгууллагыг хүсэмжилж байна. Шударга шүүх, хуулийн байгууллагатай байхын тулд хараат бус байдлыг нь Үндсэн хуульд хийх ёстой. Энэ нь өөрөө энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлт гол, чухал зүйл нь юм. Улс төрийн төлөвшил сул байгаа энэ үед цэгийг том хар зүйл болгох эрсдэл бий болох учраас бид нийгэмд, иргэдэд хариулт өгөхүйц өөрчлөлтийг хийх ёстой шүү.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: -УИХ-ын хяналтыг сайжруулах энэ заалтыг дэмжиж байгаа. Хариуцлага сайжруулах үүднээс гишүүдийг эгүүлэн татдаг болж байна, хариуцлагагүй ажиллавал хугацаанаасаа өмнө тардаг болох, давхар дээлийн асуудал зэрэг хариуцлагын асуудал оруулж ирсэн. Энэ үед УИХ төрийн эрх барих дээд байгууллагын хувьд нийгэм, ард түмний өмнө санаа зовоосон асуудал гарвал түр хороо байгуулж, шалгалт хийдэг байх нь зөв. Цөөнхийн төлөөллийг оруулж байгаа нь ч ардчиллын амин сүнс болсон цөөнхийн байр суурийг албажуулж байгаа. Хариуцлагатай асуудлыг ярьж байгаа энэ үед УИХ-ын гишүүд хариуцлагатай баймаар байна. МАН-ын бүлгийн дарга ирцээ бүрдүүл, олонхын бүлэг шиг баймаар байна. Цөөнхийн буруу байхгүй, 64-үүлээ байж, олонхиороо байж чадахгүй байгаа нь бүлгийн даргын хариуцлагагүй байдал гэж бодож байна.

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж: -Үндсэн хуулийн хэлэлцүүлэг хийж байгаа явцыг дөрөв дэх удаагаа харж байна, би. Миний хувьд санал нийлэхгүй зүйл байгаа ч олонхоороо санал нэгдэж байгаа зүйлийг дэмжээд явна гээд сууж байна. Энэ хуралдаа ирэхгүй байгаа гишүүдийг хуралд нь ирүүлмээр байна. Цөөнхийн бүлгийн хэлж, шүүмжилж байгаа зүйлтэй би санал нэг байна. Яагаад энэ хүмүүс хуралдаа ирдэггүй юм, хэн болчихсон юм бэ. Энэ залуучууд албан тушаал болох гэхээр би гэдэг хэрнээ ард түмний эрх ашиг ярьж байхад алга болдог юм бэ. Бүтэн гурван жил унтлаа, болоо юм биш үү, та нар. Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд тааллаараа ирнэ, бусад нь энд сууж байх ёстой шүү. Тэгэхээр энэ баян, тарган гишүүдээ хурдан дуудаж, хуралд нь ирүүл гэсэн горимын санал гаргаж байна.

Эх сурвалж:www.polit.mn