Т.САЙХАН

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн төсөл дахь  “Нам иргэдийн хүсэл зоригийг илэрхийлж улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна” гэсэн заалттай холбоотой асуудлыг хэлэлцлээ. Уг заалтыг МАН-ын бүлгийн хувьд дэмжээгүй, харин Зөвшилцлийн ажлын хэсэг, байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэн байсан юм.  Тэгвэл гишүүд энэ асуудлаар байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

-Нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэснийг дэмжихгүй байгаа. 365 суманд 365 нам байгуулагдах нөхцөл бүрдэнэ. Нам төрийн ажил ойртож байгааг шүүмжлэх болсон. Энэ талаас нь харвал уг заалтыг дэмжих боломжгүй.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зөвшилцлийн асуудал. Улс төрийн намтай холбоотой асуудалд бид сайн бодох хэрэгтэй. Янз бүрийн заалт оруулж ирж бужигнуулах хэрэг байна уу, хүссэн, эс хүссэн Монгол Улс нам төвтэй улс болох алхам руу орох заалтыг оруулаад ирлээ.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

-Одоогийн улс төрийн намууд аймаг намын хороотой, суманд мөн намын хороо багуудад намын үүр ажилладаг. Өөрөөр хэлбэл энэ нь маш нүсэр бүтэц. Гэтэл Үндсэн хуулиар нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэж тусгавал одоогийн намуудын үйл ажиллагааны нүсэр бүтцийг хуульчилсантай адил болж хувирна. Улс төрийн олон намын тогтолцооныхоо эсрэг заалт оруулж болохгүй. Мөн эвлэлдэн нэгдэх гэсэн суурь үзэл баримтлалтай зөрчилдөж байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-Улс төрийн нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэдэг заалтыг дэмжихгүй байна. Энэ нь баг, сум бүрт намынхаа хороог байгуул гэдэгтэй агаар нэг. Үндсэн хуулийн нэг л буруу үг, өгүүлбэр цааш буруу үр дагаварт хүргэнэ шүү. Монголчууд цаашаагаа нам төвтэй нийгэм рүү явах уу эсвэл иргэн төвтэй нийгэмтэй байх уу гэдгээ шийдэх цаг болсон. Хэрэв улс төрийн нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулбал нам төвтэй тогтолцоо цааш үргэлжилнэ гэсэн үг.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

-Нам иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэдэг саналыг дэмжиж байна. Өнөөдрийн нийгэмд улс төрийн намуудыг үнэлэх үнэлэмж, иргэдийн хандлага ямар болсныг, нийгмээ хэрхэн хагалан, хувааж байгааг, улстөрчид ёс суртахууны доройтолд хэрхэн орсныг харж байна. Тиймээс улс төрийн намуудын сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх, нээлттэй, санхүүжилтийг олон нийтэд ил тод болгох зэрэг асуудлыг Үндсэн хуульд тусгах шаардлагатай. Ер нь намуудад тавих шаардлагыг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаагаар нь харахаас өөр аргагүй.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Одоогийн байгаа улс төрийн намуудыг хязгаарласан зүйлгүй. Судалгааны үндсэн дээр харгалзаж, заалт оруулсан. Нам бол сайн дурын уран сайхны байгууллага биш. Төрийн бодлогоороо өрсөлддөг улс төрийн байгууллага. Дээр нь орон нутгийг улстөржүүлэх гэсэн зүйлгүй. Орон нутагт үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн заалт хийж болохгүй гэж үзсэн.

Ийнхүү гишүүд үг хэлж дууссаны дараа зарчмын зөрүүтэй асуудлаар санал хураахад олонхи нь “Нам иргэдийн хүсэл зоригийг илэрхийлж улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна” гэсэн заалтыг дэмжсэнгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.8.30  БААСАН  №173  (6140)