Т.САЙХАН

Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол дахь Америкийн худалдааны танхим /АмЧам/-аас зохион байгуулж буй  бизнес эрхлэгч болон хөрөнгө оруулагч нарын уулзалтад оролцлоо.

Ерөнхийлөгч  Х.Баттулга “АНУ нь бидний хувьд чухал “гуравдагч хөрш”, улс төр, эдийн засгийн ойрын түнш мөн. Технологи үйлдвэрлэлийн дэлхийн тэргүүлэгч улс, худалдааны том тоглогч, гадаадын хөрөнгө оруулалтын арвин эх үүсвэр болдог АНУ-тай худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг илүү өндөр түвшинд хөгжүүлэхийг бид чухалчлан үзэж байгаа. Та бүхний мэдэж байгаачлан миний бие Ерөнхийлөгч Д.Трамптай Цагаан ордонд ганцаарчилсан уулзалт хийж, манай хоёр улсын харилцаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрснийг тунхаглан зарласан. Манай улс 192 улстай дипломат харилцаа тогтоосноос Стратегийн түншлэлтэй тав дахь стратегийн түнш улс нь АНУ болсон юм. Шат ахиулсан түншлэл маань хоёр улсын харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн бэхжүүлэх, ялангуяа чамлалттай байгаа худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулах, нэмэгдүүлэх чухал хөшүүрэг болох учиртай.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай ярилцах үеэр хоёр улсын эдийн засгийн харилцааг бодит тоон утгаар сайжруулах прагматик шийдэл, арга замуудын талаар санал солилцсон.  Монгол Улс нь АНУ-ыг худалдааны чухал түнш, томоохон хөрөнгө оруулагч байлгах эрмэлзэлтэй байдаг гэдгийг тодотголоо. Тэрээр  үргэлжлүүлэн.

Оюутолгойн асуудлаар:

-Гадаадын хөрөнгө оруулалт ярихаар Оюутолгойн асуудал зайлшгүй яригддаг. Энэ бол маш том хөрөнгө оруулалт. Бид өөрсдөө уул, уурхайн ийм том хөрөнгө оруулалтын гэрээ хийж байсан туршлагагүй. Хоёр талаасаа асуудал хаана байгааг олохын тулд уулзалтын ширээний ард суух ёстой. Оюутолгой гүнийн усыг одоо хүртэл хэрэглэсээр байна. Монгол улс бэлчээрийн мал аж ахуйтай. Гүнийн усыг аль болох хэрэглэхгүй байх, гадаргын усаар үйл ажиллагаа явуулах ёстой гэж үзэж байгаа.

Тавантолгойн асуудлаар:

-Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын дагуу Тавантолгойн ордоос “Эрдэнэс Монгол” компанийн олсон ашгаар Зүүнбаян-Тавантолгойн төмөр замыг тавьж байгаа. Гадаадын хөрөнгө оруулалт авахгүйгээр, өөрсдийн хөрөнгөөр, хүүгүй мөнгөөр энэ замыг тавьж байна. Энэ зам Монгол Улсын эдийн засгийг 3-4 дахин тэлэх боломжтой.

Төсвийн асуудлаар:

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг бид маш идэвхтэй ярьж байна. Улс төрийн сонгуулийг тогтвортой болгож, бодлогоо залгамж чанартай болгох гол зорилготой. Өнөөдөр бид 76 гишүүн буюу 76 жижиг тойрогтой. Улсын төсвийг 76 тийш татаж байна гэсэн үг. Хөрөнгө оруулалт нь төвлөрдөггүй, аж үйлдвэрийн бодлогогүй, гарч ирсэн УИХ-ын олонх нь сонгуулийн хуулийг өөрчилдөг болсон. Тиймээс сонгуулийн тогтолцоог Үндсэн хуулиар өөрчилж, 54 нь Монгол Улсын бодлого, аж үйлдвэр ярьдаг, үлдсэн нь бусад асуудал, тойрог руу чиглэсэн ажил хийдэг байя гэсэн санаагаар Үндсэн хуульд саналаа өгсөн.

Сонгуулийн хуулийг өөрчлөх болгонд “тоглоомын дүрэм” өөрчлөгдөж байна. Бид 1990 оноос хойш олон сонгуулийн тогтолцоотой байснаас хамгийн зовлонтой нь жижиг 76 юм.

Аж үйлдвэржилтийн асуудлаар:

-Ноос, арьс, шир боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-г Испанийн хөдөө аж ахуйн тэргүүлэх компаниар хийлгэсэн. Үүнийг дагаад Хөдөө аж ахуйн бирж ажиллах ёстой. 21 аймаг, 330 суманд түүхий эд цуглуулах нэгж бий болгох зорилготой байгаа.

Өнөөдөр Улаанбаатарт нийт хүн амын 50 хувь нь амьдарч байна. Утаа, замын түгжрэл, ажилгүйдэл гээд олон асуудлаас гарах чухал шийдлүүдийн нэг нь түүхий эдийг боловсруулах үйлдвэр барих юм. Өнөөдрийн залууст хоёр зүйлийг бий болгож өгөх ёстой. Ахуй буюу 21-р зууны хөдөөгийн хотыг бий болгох, нөгөөх нь эдийн засагт нь төрөөс дэмжлэг үзүүлж түүхий эдийг нь тогтвортой худалдан авах бодлого юм. Ахуйг нь өөрчлөх Шинэ сум төсөл хэрэгжиж байна. Бид одооноос бодлогын арга хэмжээ авч, эзэнгүй болж буй газар нутагтаа анхаарах хэрэгтэй” зэргээр хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн асуултад багцлан хариуллаа.

Эх сурвалж:www.polit.mn