С.УЯНГА

Архангай аймгийн Цэнхэр суманд олборлолт явуулж байгаа алтны компаниуд байгаль дэлхийг ус, ургамалтай нь сүйтгэсэн. Алтны компаниуд нөхөн сэргээлт хийдэггүй, замбараагүй үйл ажиллагаа явуулж байгаагаас Монголын хамгийн урт Орхон голыг тэжээдэг есөн голын тав нь ширгэж, Орхоны хөндий хүн мал амьдрах аргагүй болсныг “Зууны мэдээ” сонин газар дээрээс нь сурвалжилсан билээ. Бид “Өлтийн хөндийг өрөмдсөн алтны компаниуд Орхон голыг онилж байна” гурван удаагийн цуврал сурвалжлага бэлтгэн хүргэсэн.
Тэгвэл манай нийтлэлийн дараа Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрынхан уул уурхайн компаниудыг шалгаж, үйл ажиллагааг нь зогсоогоод байсан бол өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Архангай аймгийн Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн 13 компанийн лицензийг цуцлах шийдвэр гаргалаа. Тэр дундаа байгаль орчны нөхөн сэргээлт хийдэггүй,хууль зөрчдөг “Монгол газар” компани болон тус компанийн захирал Ц.Мянганбаярын эзэмшиж байсан 13 тусгай зөвшөөрлийг цуцалсан юм. Тодруулбал, Орхоны хөндийг сэндийчиж, ой модыг хядаж, гол горхины голдрилыг өөрчилснөөс ширгэж алга болгоход хүргэсэн “ БМНС”, “Монгол газар”, “Голден хаммер”, “Алтай гоулд”, “Эм Жэй Эйч”, “Шиншие Монголиа”, “Улз” группийн лицензийг цуцаллаа. Эдгээр компанийн лицензийн талбайд хамаарч байсан Бодонтын амын 739 га, Гүүтийн амны 114 га, Харгуйтын амын 323 га, Шийртийн салааны 173 га, Өлзийт тээлийн 1652 га, Улаан чулуутын 144 га, Ястын голын 366 га, Ар чулуутын 141 га, Өлийн голын 1417 га, Гүүтийн амны адгийн 49 га газруудын тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.8.22  Пүрэв  №167  (6134)