Т.САЙХАН

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд болон аймгуудын Засаг дарга нарт үүрэг өглөө.  Түүний хэлсэн  үгнээс эшлэн хүргэж байна.

-Гэнэт хүйтэрвэл мөстлөг тогтоно. Газар хөлдөнө. Экологи урьдчилж таахын аргагүйгээр өөрчлөгдөж байна. Тиймээс ялангуяа гурил, махан дээр онцгойлон анхаарч ажиллах ёстой. Энэ талаар би Ч.Улаан сайдад албан ёсоор үүрэг даалгавар өгөөд байна.

-Ирэх жил мах, гурилын үнэ тэнгэрт хадвал Ч.Улаан сайд өөрөө толгойгоороо хариуцна гэдгийг би эртхэн хэлье. Эртхэн шиг энэ тал дээр зохицуулалтаа хийж, арга хэмжээ аваарай ХХААХҮЯамны холбогдох хүмүүс ээ. Мал нядлагаа эхлэхээс өмнө би Ерөнхий сайдын хувьд хэллээ шүү.Дараа нь зохицуулалт хийж чадахгүй юмаа алдчихаад янз янзын тайлбар тавих шаардлага байхгүй учраас одооноос энэ асуудалд сайн анхаар.

-Мөн бүтээн багуулалтын асуудал дээр шаардлага тавих хэрэгтэй байна. Орон нутгийн болон улсын бүтээн байгуулалтийн асуудлууд байна. Графикийн дагуу явах хэрэгтэй байна. Аймаг орон нутгийн дарга нар та бүхэн хариуцсан ажилдаа эзэн байх хэрэгтэй. Сахилга бат хариуцлага дэг журмыг тогтоож ажиллах хэрэгтэй байна.

– Энэ зорилтыг ханган хэрэгжүүлэх үүрэгтэй хүмүүс бол өнөөдөр энд сууж байгаа хүмүүс та бүхэн юм. Нэг дэх асуудал дээр бид онцгойлон анхаарах хэрэгтэй байна. Нийгэмд шударга ёсыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Үүний тулд бид хууль хяналт прокурор гэх мэт олон асуудлыг шийдэж явна. Шударга ёс гэдэг чинь нэг өдрийн дотор тогтохгүй нь ойлгомжтой ч түүнийг тогтоох ёстой хүмүүс нь дарга нар.

-Газрын баялгаас авахуулаад төрийн баялгийг уландаа гишгэж ард түмнийг доромжилдог, эрх мэдлээ ашиглаж байгалийн баялгийг хууль бусаар олборлож байгаа нөхдүүдтэй хатуу тэмцэх хэрэгтэй. Үүнийг би хүний өөрийн нам засаг ч гэж ялгалгүй маш олон удаа хэлж байна.

-Монголын төрд олигархууд орж ирснээс болж Монголын төрийн үйл ажиллагаа гацаанд орж байгаа юм. Тэр олигархуудтай тэмц гэж би олон удаа хэлж байна.  Тиймээс аймаг орон нутгийнхаа олигархуудтай тэмц. Хэдэн халтар цаасан амаа үдүүлж болохгүй. Өнөөдөр олигархууд Монголын төрд орж ирснээр Монголын төр ийм гутамшигт байдалд орсон. Монгол төр мөнгөний өмнө гудайж болохгүй гэж би олон ч удаа хэлж байна.

-Би шударгаар бизнес хийж байгаа баялаг бүтээж байгаа бизнес эрхлэгчдээ хэлээгүй байна. Харин хууль бусаар монголын ард түмний баялгийг хулгайлж авсан олигархуудын тухай ярьж байгааг ялгаж салгаж ойлгоорой. Цаашдаа монголын төр бизнес улс төр хоёрыг салгаж хэрэгтэй байна. Энэ хоёрыг салгаж байж төр ариусна. Энийг удирдлагууд анхаарах хэрэгтэй.

-Байгаль орчноо хамгаалах тал дээр ихээхэн анхаарал тавь. Тост Тосон бумбын ордыг бид яаж байж эргүүлж олж авав. Тэрийг дагаад хэд хэдэн компаниуд өнөө маргаашгүй газар ухах гээд зогсож байгаа. Үүнийг Байгаль орчны яам анхааралдаа ав. Лецинзүүдийг нь цуцал. Төрд төмөр нударга байдаг гэдгийг харуулах хэрэгтэй. Энэ асуудал дээр төрийн хуулийг зөрчсөн ямар ч олигархууд бөхийдөг гэдгийг харуулах хэрэгтэй байна.

-Улс орон гэж байдаг юм бол замбараагүй уул уурхайтай тэмцэх ёстой. Эх орноо хамгаалах ёстой. Шаардлагатай гэвэл цэрэг, цагдаагаа хөдөлгөе. Цэрэг, арми газар нутгаа очиж хамгаалаг. Хамгаалалтад авъя. Яах гэж бид цэрэг тэжээдэг юм. Эх орноо хамгаалах гэж. Тэгвэл хэдэн тонуулч нар ухаад дууслаа

– Тэр Орхон голын асуудлыг хэдэн жил ярив. Таван аймгийг дамжиж явдаг Орхон гол ширгээд дууслаа. Одоо энэнд цэг тавих хэрэгтэй. Сэлэнгэ, Хүдэр, Ерөө, Орхон, Эко Алтан заамар, Тост тосон бумба, Гутайн даваа гээд газруудыг эхний ээлжинд шалга, арга хэмжээ ав. Та нар ажлаа хийцгээ. Чадахгүй бол ажлаа өг. Хийх хүн байгаа.

-Ө.Энхтүвшин даргаар ажиллуулсан дөрвөн сайдтай  ажлын хэсэг гарсан. Монгол Улсад олгогдсон бүх лицензийг эргэн шалгана. Аль нь хууль ёсны, аль хууль ёсны биш гэдгийг шалгана.

-Бидэнд алт хэрэгтэй юм уу экосистем хэрэгтэй юм уу. Байгалийн тогтвортой байдал, экосистемийн өмнө ямар ч дарга, хууль бөхийх ёстой. Байгалийн эсрэг хууль дүрэм, албан тушаалтан гэж байхгүй. Нийгмийн хууль байгалийн хуулийн доор байдаг. Хамгийн агуу хууль бол байгалийн хууль.

-Хууль бусаар газар ухаж төнхчиж байгаа хүмүүс, олигархуудтай тэмцэх ёстой. Сумын Засаг даргад авилга өгөөд Тост тосон бумбын ордыг зогсоох гэж оролдсоныг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Тагнуулын дарга аа, тэр АТГ-ын даргыг дуудаж аврах хэрэгтэй. Манай өрөөнд өнөөдөр цугла. Гэмт хэргийг одоо илрүүл, шийтгэ. Ямар албан тушаалтан байх нь хамаагүй. Монгол Улсын өмнө гэмт хэрэг хийсэн бол тэр хүн ялаа эдлэх ёстой. Одоо цөмөөрөө ингэж ажиллая. Би энийг та нарт олон удаа хэлж байгаа. Одоо би ард түмний өмнө, телевизээр хэлж байна.

– Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх үүрэгтэй. Тэмцэх хүмүүс нь та бүхэн. Шударга ёсыг тогтооход хатуу, чанга ажил дарга нар аа. Та бүхнийг дарамтлаад, амь насанд чинь занахийлээд байвал энд нэр устай нь хэл. Та нарыг хамгаална. Төр томилсон хүнээ хамгаалах үүрэгтэй. Тэр олигарх, хулгайч нараас битгий ай. Битгий худалдагд. Цаашдаа Монгол төрд олигарх, хулгайч нар сонгогдох ёсгүй. Хэн нь хулгайч вэ гэдгийг ард түмэн мэддэг болсон.

-Хулгай хийнэ, хүн амины, хүчингийн хэрэгт холбогдоно, концессдоно, ЖДҮ-днэ ер нь бүх юмыг хийж байгаа. Ийм төр байж болохгүй.

Эх сурвалж:www.polit.mn