Т.БАТСАЙХАН
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер манай улсад айлчилж байна. Тэрээр саяхан АНУ-ын Батлан хамгаалахын сайдаар томилогдсон бөгөөд анхны айлчлалаа Азийн таван орноос эхэлж байна. Түүнийг өчигдөр Батлан хамгаалахын сайд Н.Энхболд угтан авч, хүндэтгэл үзүүлэв. Сайд нар Монгол Улс Энхийг сахиулах үйл ажиллагаанд амжилттай оролцож байгаа болон хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
1991 онд хоёр орны хооронд батлан хамгаалахын атташе харилцан суулгах хэмжээнд харилцаа тогтсон юм. Өнөөгийн хамтын ажиллагаа нь Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны чадавхийг бэхжүүлэх, хамтран үүрэг гүйцэтгэх, бүс нутгийн тогтвортой байдлыг хангуулах чиглэлд хөгжиж байна.
Хамгийн сүүлийн жишээ гэхэд энэ оны долдугаар сарын 1-нд Монгол Улсад албан ёсны айчлал хийсэн АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, Элчин сайд Жон Болтон айлчлалынхаа үеэр Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой уулзсан. Тэрээр, хоёр орны батлан хамгаалах, цэргийн харилцааны чухлыг онцолж, дэлхийн энхийн үйлст оруулж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний оролцоог өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлсэн.
Зэвсэгт хүчний чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаа нотолсон юм.
Уулзалтын төгсгөлд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Т.Эспертэд хонгор зүсмийн морь бэлэглэлээ. Сайд Марк Т.Эспер талархал илэрхийлж, бэлгийн морио АНУ-ын генерал Жорж Маршалын нэрээр нэрлэж буйгаа хэллээ.
Марк Эспер нь АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Бушийн засаг захиргааны үед Пентагонд Хэлэлцээрийн бодлого хариуцсан Батлан хамгаалахын дэд сайдын орлогчийн албан тушаалыг хашиж байсан. 2008 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр сенатор Фрэд Томсоны ажлын албанд Үндэсний бодлогын асуудал хариуцсан захирал, АНУ, БНХАУ-ын эдийн засаг, аюулгүй байдлын асуудлыг хянан тохиолдуулах хороонд Сенатаас томилсон комиссараар ажиллаж байсан юм.
Түүний айлчлалыг Ази, Номхон далайн бүс нутагт Хятадын өсөн нэмэгдэж байгаа хүчийг хязгаарлах зорилготойгоор холбоотон улсуудтай яриа хэлэлцээр хийж байгаа хэмээн зарим хэвлэлүүд онцлож байна. Марк Эспер нь 55 настай. Баруун Ронитын цэргийн сургууль төгссөн бөгөөд Персийн булангийн дайнд оролцож байв. АНУ-ын армийн аж үйлдвэрийн “Raytheon” компанийн Засгийн газрын салбарыг хариуцаж байсан. 2017 оны арваннэгдүгээр сараас АНУ-ын Хуурай замын цэргийн сайдаар ажиллаж байсан юм.
Мөн өчигдөр Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд, хурандаа генерал Фомин Александр Васильевичийг БХЯ-наа хүлээн авч уулзлаа. Талууд ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг “Цэргийн наадам-2019” олон улсын тэмцээний хүрээнд Монгол Улсад анх удаа зохион байгуулж байгаа “Аравт” олон улсын морин цэргийн уралдааны талаар ярилцсаны сацуу цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Александр Васильевич Фомин нь ОХУ-ын Гадаад эдийн засгийн холбооны яамны Цэрэг-техникийн хамтын ажиллагааны ерөнхий газрын хэлтсийн ажилтнаас ОХУ-ын Холбооны “Рособоронэкспорт” төрийн нэгдмэл байгууллагын газрын орлогч дарга, Цэрэг-техникийн хамтын ажиллагааны Холбооны албаны захирал хүртлээ дэвшин ажиллаж, 2017 онд ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайдаар томилогджээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.8.9 БААСАН №158 (6125)