С.САРУУЛ
“Аравт" олон улсын морин уралдааны бэлтгэл ажил Тавантолгой дахь цэргийн нэгдсэн сургалтын төвд болж байна. Оролцогч талууд сугалаа татаж морьдоо сонгосон. Мөн Монголыг дэлхийд таниулах урлаг, соёлын наадмаар үргэлжилж буй “Аравт”-д оролцогч багууд сэтгэгдлээ хуваалцлаа. Киргиз улсын Зэвсэгт хүчний багийн дасгалжуулагч, дэд хурандаа К.А.Айдарбек “Юуны өмнө энэхүү уралдаанд урьж оролцуулж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний удирдлагад талархал илэрхийлье. Манай багийн хувьд маш богино хугацаанд бэлтгэсэн. Үндсэндээ зургадугаар сарын 25-ны өдрөөс эхлэн бэлтгэлээ базаасан. Гэхдээ монголчуудын адил моринд ойрхон ард түмэн учраас уралдаанд амжилт үзүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна. Монгол морь манай орны адууны хажууд давжаа биетэй атлаа хүч чадал, тэсвэр сайтай бололтой. “Аравт” уралдаан цэргийн алба хаагчдын ур чадварыг шалгахаас гадна монгол морины шандсыг сорино. Энд би нэг зүйлд их итгэлтэй байгаа. Тэр нь монгол морь иймэрхүү нөхцөлийг хялбархан давахаар харагдаж байна. Бидэнд дахин урилга өгвөл энэхүү уралдаанд тогтмол оролцох зорилго бий. Манай улс “Олон улсын цэргийн наадам”-д “Танкийн батальон”, “Мэргэн буудагчийн зааг”, “Артиллерийн гал” тэмцээнүүдэд амжилттай оролцож ирсэн бөгөөд энэ жил “Аравт”-аар хүрээгээ тэллээ. Монгол Улсын Зэвсэгт хүчин уралдааныг өндөр зохион байгуулалттай явуулахаар эрмэлзэж байгаад бид маш их талархаж байна” гэлээ.
Эх сурвалж: www.polit.mn