С.САРУУЛ

Төв аймгийн Сэргэлэн суман дахь Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал руу хөтлөх хурдны замыг өнөөдөр /2019.07.04/ нээлээ. Тэгвэл олон улсын стандартад нийцсэн шинэ нисэх буудалд анхны онгоц газардлаа."МИАТ” ХК-ийн “Боинг 737-800” агаарын хөлгөөр туршилтын нислэг үйлдсэн юм.

Хөшигийн нисэх онгоцны буудлын менежментийг албан ёсоор эхлүүллээ. Ёслолын ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Японы зам тээврийн дэд сайд, Зам тээврийн хөгжлийн сайд М.Энх-Амгалан, Япон Улсаас манай улсад суугаа элчин сайд нар оролцов.

Шинэ нисэх буудал ашиглалтад орсноор Японы шилдэг туршлагыг Монголд нэвтрүүлэх боломж бүрдэнэ, хоёр орны найрамдал, нягт хамтын ажиллагааны шинэ бэлгэ тэмдэг нь энэ буудал болж байгааг Элчин сайд онцолж байв.  Жилд гурван сая хүртэл зорчигч, 12 мянган онгоц хүлээн авах чадалтай энэ буудлыг түшиглэн 30 мянган хүнтэй дагуул хот бий болох юм. Шинэ нисэх буудлыг Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан. Төслийн явцад нийт худалдан авалтын 30-аас доошгүй хувийг Японы талтай хийхээр заажээ. Японы Засгийн газрыг төлөөлөн тус улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага төслийн оролцогчоор хамтран ажиллаж байгаа юм.

  • Үндсэн зээл – 28.8 тэрбум  иен
  • Зээлийн хүү – Жилийн 0.2 хувь
  • Хугацаа – 43 сар
  • Нэмэлт зээл -36.8 тэрбум иен (2017 оны гуравдугаар сард гэрээнд гарын үсэг зурсан.)
  • Эдгээр зээлийн хугацаа – 40 жил
  • Зээлийн хүү – Жилийн 0.1 хувь

Эх сурвалж: www.polit.mn