Ч.ГАНТУЛГА

Дорнодын Хөгжимт драмын театрын тайзнаа энэ сарын 19, 20, 21-ний өдрүүдэд Уильям Шекспирийн “Лир ван” эмгэнэлт драмын жүжиг нээлтээ хийхэд бэлэн болжээ. Жүжгийн продюссерээр тус театрын захирал, Соёлын тэргүүний ажилтан Л.Наранхүү, ерөнхий найруулагчаар урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Пүрэвдорж ажиллаж байгаа юм байна. Уран бүтээлчид энэ удаад илүү орчин үеийн шийдэл, өвөрмөц найруулгыг үзүүлэхийг зорьсон тухайаа онцолжээ. Жүжигт олон жил хаан ширээнд сууж, жаргалын дээдийг эдэлсэн Лир ван нас ахиснаа ухаарч, улс гүрэн, газар нутгаа үр хүүхдүүддээ хуваан өгч, амар амгалан байхыг хүссэн ч хар санаатны хорт явуулга, тэдний өрсөлдөөн тэмцэлд өртөж буй тухай өгүүлдэг. “Лир ван” жүжиг анх 1964 онд тайзнаа УДЭТ-д тавигдаж байсан түүхтэй. Дорнодын Хөгжимт драмын театрын хувьд өнгөрсөн онд “Ярьдаг мод” жүжгээрээ “Гэгээн муза” наадмын гранпри шагналыг хүртсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn