-Ч.Хүрэлбаатарын өргөн барьсан төсвийн төслийг ерөнхийд нь харлаа. Улс төр эдийн засгийн талаасаа сонгууль угтсан, тийм л төсөв байна лээ. 2016 оны сонгуулийн жилийн төсвийг би Сангийн сайд байхдаа боловсруулж байсан. Хэдий сонгуулийн жил ч гэлээ эх орны эрх ашгийг нэгдүгээрт тавьж, улстөржсөн төсөв оруулж байсангүй. - Өмнөх Засгийн газрын үед ОУВС-тай хийсэн хэлэлцээр байгаа. Тэр үеийн ярьж тохирсон зүйлүүд цаашаа явах нь зүйтэй байлаа. Гэтэл дараагийн Засаг гарч ирээд маш олон асуудал дээр ухралт хийлээ. Оруулж ирж байгаа төсвийг нь хар л даа. Төсвийн хөрөнгө оруулалтаар баахан барилга байшин барихаар оруулж ирсэн байна. -Валютын ханшийг өнөөдөр огцом хэмжээгээр алдаж байгааг нь зохион байгуулалттай мэт харагдаж байна. Уг нь валютын ханш унах нөхцөл байдал бүрдээгүй байна гэж харж байгаа. Монголбанк Засгийн газар хоёр зөв талаараа биш өөр асуудал дээр уялдаа холбоотой ажиллаж байж магадгүй юм. -Одоо бол нэг тойрогт 5-10 тэрбумыг тавьж байна гэж ойлгосон. Гишүүний нэг жилийн зардал өсөөд 160-170 сая төгрөг болсон юм байна. Үүнийгээ МАН-ынхан нуугаад хэлэхгүй л дээ. -Монгол Улсын Сангийн сайд хүмүүс шүү дээ бид. Түүнээс биш Увс, Архангай аймгийн сайд хүмүүс биш. Өөрийн тойрогтоо их , өөр тойрогт бага гэсэн хуваарилалт байж болохгүй. -АН-ын зүгээс тойрогт нэр дэвшиж өрсөлдөх боломж өгвөл 2020 онд УИХ-д нэр дэвшинэ. “Болороо чи хэрэггүй өөр хүн дэвшүүлнэ” гэвэл зайгаа тавьж өгөхөд бэлэн байна. Өнөөдөр би улс төргүй сайхан л амьдарч байна. Нийгэмтэй хөл нийлүүлж, түмэн олныхоо дунд болж бүтэж байна. Улс төрөөс айхтар хамаарч амьдардаг хүмүүстэй харьцуулахад надад асуудал байхгүй. -Ямар үед реформ хийх вэ гэхээр бид хамгийн түрүүнд эдийн засгаа тогтвортой болгох хэрэгтэй. Ард иргэдийнхээ амьдралыг сайжруулах шаардлагатай. Тэр хэмжээнд иргэд маань улс төр сонирхохоо болино. Тэр үед реформын талаар ярьж болно. Одоо бол бид үүнийг ярих хэрэггүй. Яагаад гэхээр популист улстөрчид хаа сайгүй байна. Тэд реформ хийлгэхгүй. -Бид өнөөдөр нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Бүх хүмүүс Эрдэнэт, Оюутолгой гэж ярьж байна. Улс төржиж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг. Энэ одоо ч хэвээр байгаа. Юу ч өөрчлөгдөөгүй. Харин 49 хувь өөрөө Монгол Улсын өмч байгаагүй, ОХУ-ын Ростехнологи өмчилдөг байсан. Үүнийгээ Монгол компанид зарсан. Ийм л процесс болсон. - Ер нь манай Засгийн газар Эрдэнэтийг 100 хувь эзэмшээд эхлэх юм бол энэ үйлдвэрт нүүрлэсэн хулгай бүүр л даймжирна. Яагаад гэвэл “Эрдэнэт” үйлдвэрийн үе үеийн удирдлагууд, нэр холбогдож явсан хүмүүс, улс төрчид эндээс ашгаа хүртсэн байна. Энэ үйлдвэр улс төрчдийг саятан, тэрбумтан болгодог ийм л газар байж ирсэн шүү дээ. Сүүлийн 20-иод жил. -“Эрдэнэт”-ийг барьцаалсан зээлийн асуудал Арбитрын шүүх дээр оччихлоо. Тэрийг хэн хийсэн юм. Улстөрчид л хийсэн байгаа шүү дээ. Тийм хэмжээний зээлийг улс төрийн шийдвэр гарч байж л авна шүү дээ. Түүнээс биш зүгээр нэг бизнесмэн очоод л тийм их хэмжээний мөнгийг хуурамч баталгаагаар гаргаад авчихна гэж байхгүй.Эх сурвалж: Www.polit.mn