Ч.ОЛДОХ
Казахстаны нийслэл Астанаг “Ертөнцийн хот”, “Хамгийн хүйтэн нийслэл”, “Шүншиглээгүй хот”, “Хөгжлийн түүчээ” гэхчлэн нэрлэсэн нь бий. Хотын билэгдэл нь бүргэд учраас “Бүргэд хот” гэх нь ч цөөнгүй. Ер нь бол Астана дэд бүтэц, хот төлөвлөлт, бүтээн байгуулалтаар дэлхий дахины жишиг болсон загвар хот юм. Их талын дунд сүндэрлэн буй залуу хот өдгөө улам өргөжиж буй мэдээллийг уншиж байснаас өмнө нь очиж байсангүй. Тийшээ аяны жолоо залах үед “Их хүйтэн газар шүү, дулаалаарай” гэх хүн цөөнгүй байв. Казахстаныг зориход Улаанбаатараас Бээжингээр дамжин тэнд нэг өдөр саатаад цааш нисдэг. Ажил төрөл амжуулах хүнд бүтэн нэг өдөр хангалттай юм. Казахстан улс хотоороо нэрлэсэн “Air Astana” нислэгтэй, шинэлэг бөгөөд тав тухтай орчныг бүрдүүлснээрээ онцлог.
“Назарбаев Астана” нисэх буудалд буух үед хүчтэй салхитай байв. Онгоц хэдэнтээ далбилзаад газардахад “Салхины хот, хөх далавчит хот” гэх бодол толгойд зурсхийн орж ирсэн. Харин хотын төв рүү давхихад олон өнгөөр солонгорсон “Гэрлийн хот” угтсан юм. Даарах вий гэж авч явсан дулаан хувцас тэнд хэрэг болсонгүй. Алтан шаргал намрын тэнгэр дор Астана хот чухам л налайн налгартаж, ер бусын дулаахан сайхан байв. Казахууд эртнээс газартай харилцаж сурсан ард түмэн болохоор хотынхоо гудамжийг ногоон байгууламж, мод бут, цэцэг навчаар гоёсон нь тун өвөрмөц юм. Хотын гудамжин дахь модод нь ер бусын алтан өнгөтэй. Ногоон бут, гацуур моддыг янз бүрийн хэлбэр, дүрст оруулан зассан нь үзэмжтэй. Казахстан улс Евроазийн төв хэсэгт оршдог, 17 сая хүн амтай. Хойд талаараа ОХУ-тай, өмнөд талаараа Туркменстан, Узбекстан, Киргиз, дорнод хэсгээрээ БНХАУ-тай хиллэдэг. Астана хот 710.2 кв.км нутаг дэвсгэртэй, 1.5 сая хүн амьдардаг ч тус улсын эдийн засаг, улс төр, нийгэм, соёлын гол цөм нь энд төвлөрчээ. Дөнгөж 25-хан жилийн түүхтэй атал Астана хөгжлөөрөө тасархай түрүүлсэн тул 1999 онд ЮНЕСКО “Ертөнцийн хот” хэмээн зарласан бол Олон улсын үнэлгээний “Moodys investors Service” агентлагаас тус хотын зэрэглэлийг байнга ахиулж ирсэн.
[caption id="attachment_47518" align="aligncenter" width="711"] Хотын гудамжин дахь модод нь ер бусын алтан өнгөтэй. Ногоон бут, гацуур моддыг янз бүрийн хэлбэр, дүрст оруулан зассан нь үзэмжтэй.[/caption]Казахтсан нийслэл хотынхоо хот төлөвлөлт, бүтээн байгуулалтын төслийг хийхдээ гадаадын шилдэг уран барилгачид, дэлхийд нэртэй барилгын компаниудыг урьж оролцуулсан байдаг. “Байтерек” цамхаг, Дэлхийн болон уламжлалт шашны тэргүүнүүд уламжлал чуулж, энэ сэдвээр хурал цуглаан зохион байгуулдаг “Энх тайван, эв нэгдлийн ордон”, “Үндэсний музей”, Дуурийн театр, банк, зочид буудлууд гээд бүгд өвөрмөц шийдэлтэй. Төв Азидаа хамгийн томд тооцогдох “Цагаан гантиг сүм”-ээс эхлээд ислам, католик,хинди, еврейн шашны сүмүүд тус тусдаа уран барилгын хэлбэр хийцийг түлхүү гаргасан нь сүрлэг. Тэгсэн хэдий ч энд тэнд өргөгч кранууд эргэлдсээр, бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилсээр л...
[caption id="attachment_47515" align="aligncenter" width="713"] “Байтерек” цамхаг дахь Н.Назарбаевын баруун гарын алтан хэв бүхий тамган дээр гараа тавих тоолонд тус улсын төрийн дуулал эгшиглэдэг.[/caption]Казахстанд хөл тавьсан хэн бүхний хамгийн түрүүнд очдог газар нь “Байтерек” цамхаг. Улсынхаа бэлгэ тэмдгийг агуулсан амьдралын модны хэлбэртэй, өндөр нь 97 метр. Казахстан улс 1997 онд Астанаг улсынхаа нийслэлээр зарласан бөгөөд тэрхүү бэлгэдлээр цамхагийг 97 метрийн өндөртэй бүтээжээ. Харин оройд нь 22 метрийн диаметртэй, нарны гэрэлд өнгө нь солигддог, 300 тонн жинтэй бөмбөрцөгийг байрлуулжээ. Цахилгаан шатаар дээш гарахад хотын эргэн тойрон алган дээр тавьсан мэт илхэн. Тус цамхагт ерөнхийлөгч Н.Назарбаевын баруун гарын хэв бүхий алтан тамга байдаг. Түүн дээр гараа тавих тоолонд Казахстаны төрийн дуулал эгшиглэх бөгөөд манайхаар бол энергийн төв, иймээс хэн бүхний зорьж очдог чухал газрынх нь нэг болжээ.
Нисэх буудлаас эхлээд ихэнх газрууд нь ерөнхийлөгчийнхөө нэрээр овоглосон байх юм билээ. Хоёр алхаад Назарбаев гэсэн нэр, Төрийн тэргүүнийх нь том хөрөг, хөшөө баримал харагдана. Үндэсний музейд нь түүний хөрөг, хөшөө баримлыг хэдэн арван янзаар бүтээж урлагийн бүтээл болгон залсан нь ч байх. Мөн “Ел Ага” хэмээн нэрийг нь хэлэхгүйгээр хүндлэн дууддаг. Тэр нь монголоор орчуулбал “Улсын Ах” гэсэн үг бөгөөд Н.Назарбаев ард түмнийхээ дунд амьд ахуйдаа хөшөө баримлаа босгуулах асар их хүндлэлийг олжээ.
Жуулчид, аялагчдын үзэж сонирхох газарт Үндэсний музей орох нь зүйн хэрэг. Улсынхаа түүхээс өгсүүлээд Астана хотын түүх, бүтээн байгуулалтын замнал, эрт эдүгээгийн дайчин баатруудын үйл хэрэг, сансар огторгуй, шинжлэх ухааны гайхамшгуудын талаар арвин мэдээллийг цогцлоожээ. Тэр дотор хот төлөвлөлтийг үзүүлсэн хөдөлгөөнт үзүүлэн нь гайхалтай. Намрын улирал Астана хот аялж жуулчлахад хамгийн тохиромжтой юм. Тэнд есдүгээр сарын сүүлчээс эхлэн бүх брэндийг нэгтгэсэн “Ханшатыр” худалдааны төв, олон үндэстний зоогийн газар, бусад үйлдвэр, үйлчилгээний газрууд нь “Золотая осень-2018” буюу намрын их хямдралаа зарладаг. Бараа бүтээгдэхүүн авахад 50-80 хувийн хямдралтай, зарим нь нэгийг авахад хоёрыг бэлэглэнэ гэхчлэн урамшуулалтай. Үнэ өртгийн хувьд Улаанбаатарын ханшаас 50 хувиар хямд байдаг бол хямдрал зарласан онцгой үедээ боломж, сонголт хоёроор ирсэн зочдыг алмайруулдаг аж. Казахстаны мөнгөн тэмдэгт нь “Тэнгээ” бөгөөд нэг нь долоон төгрөгтэй тэнцдэг. Тийшээ зорчиж буй аль ч улсын иргэн мөнгөө ам.доллараар солиулж очоод валют солих цэг дээр тэнгээ болгоно. Бутархай мөнгөнд зоос ашигладаг бөгөөд тэндээс буцаж буй хүний түрийвчинд лавтайяа хэдэн зоос дурсгал болж үлддэг ажээ.
[caption id="attachment_47516" align="aligncenter" width="712"] Казахстан улсын Үндэсний музей.[/caption]Энэ бүхний эцэст Казахстан яагаад эрчтэй хөгжив. Хөгжлийн нууц нь юу вэ гэдгийг сонирхсон юм. Авлигатай тэмцэх газраас нь хөрөнгө оруулалт ямар журмаар орж ирдэг, хэрхэн зарцуулагддаг талаар сонирхоход “Хөрөнгө оруулагчид Казахстанд хөрөнгө оруулъя гэвэл эхлээд Авлигатай тэмцэх газартай гэрээ хийдэг. Авлигатай тэмцэх газар тэдэнд баталгаа гаргаж өгснөөр ажил цааш үргэлжилдэг” гэсэн юм. Хяналт тавьдаг механизмыг нь тодруулахад “Ерөнхийлөгчийн шууд хяналтан дор” гэв. Дээр нь тус улсын ерөнхийлөгч Н.Назарбаевын санаачлан байгуулсан “Баялгийн сан” хөгжлийн, бодлогын гол цөм нь болж иржээ. Улс төрийн тогтвортой байдал нь ч мөн хөрөнгө оруулагчдын итгэл найдлагыг барометр шиг барьж байдаг бололтой.
Казахстанаас Монгол руу буцахад Киргизийн нийслэл Бишкек хотод нэг өдөр өнжөөд Турк Эйрлайнсын нислэгээр Улаанбаатарт ирдэг. Киргизийн хөгжлийг Казахстантай харьцуулах ч юм биш, тэнгэр газар шиг зөрүүтэй. Манай улс ч ялгаагүй. Авлигад идэгдсэн улс орон л хамгийн хөгжилгүй, ард түмэн нь ядуу байдгийн жишээ юм даа. Казахтсан улс, Астана хот, тус улсын ерөнхийлөгч Н.Назарбаеваас суралцах зүйл дэлхийн бусад оронд ч, Монголд ч байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин