Б.СОЛОНГО
Олон ястны өлгий нутаг Ховд аймгийн төвөөс чанх урагш явахад хоёр талаараа эгц, цавчим хад асгатай, дундуур нь гол хоржигнон урсч, модод найгасан үзэсгэлэнт хэрнээ сүрдэм дүр төрх нь 80 гаруй км үргэлжлэх Бодончийн хавцал хэмээх газар бий. Ховд аймгийн төвөөс Алтай сум, цаашлаад Булган сум, БНХАУ-тай хиллэх Ярантын боомт орохын тулд асга, чулуу хөшилдөж, өөд, уруу мушгирсан шороон зам бүхий Бодончийн хавцлыг туулж гарахын тулд хамгийн багадаа 24 цаг явдаг байжээ. Одоогоос найман жилийн өмнө Ховд аймгийн Булган суманд сургуулийн хүүхдүүд үдийн цайнаасаа хордлого авахад аймгийн холбогдох хүмүүс цастай хавцлыг туулж хүрэхийн тулд хоёр өдөр, хоёр шөнийг зарцуулж байсан тухайгаа дурсан ярьсан юм. Харин бидэнд тийм зовлон байсангүй. Байгалийн сайхныг биширч, толь шиг замаар сүнгэнэсээр тэр хавцлыг туулсан азтай аялагчид байлаа.
69-ИЙГ ПРИУСЭЭР СОЛИВ
[caption id="attachment_47507" align="aligncenter" width="684"] Баруун бүсийн босоо тэнхлэгийн 768 км замын 403 км-т нь Азийн хөгжлийн банк хөрөнгө оруулжээ.[/caption]Азийн хөгжлийн банкны санхүүжилт, дэмжлэгээр амжилттай хэрэгжсэн төслүүдтэй танилцахаар суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен тэргүүтэй багийнхантай бидний хэдэн сэтгүүлч баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт хийсэн хэвлэлийн аян энэ байв.
ОХУ-тай хиллэх Улаанбайшинтын боомтоос Баян-Өлгий, Ховд хот, Ховд аймгийн Алтай, Булган сумаар дайран БНХАУ-тай хиллэх Ярантын боомт хүртэлх босоо тэнхлэгийн 770 км замын 403 км-т нь Азийн хөгжлийн банк 207.6 сая ам.долларын хөрөнгө оруулж, Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг 2016 онд амжилттай хэрэгжүүлж дуусгасан юм. “Зам дагаж хөгжил” гэдгийн жишгээр Ховд аймгийнхан хоёр хөрштэйгээ холбогдсон хатуу хучилттай, улсдаа нэгд бичигдэх толь шиг замтай болсондоо талархаж сууна. Ховдоос Улаанбаатар, Ховдоос Булган сум хүрэх хоёр замын уулзварт цайны газар, дэлгүүр ажиллуулдаг Манхан сумын иргэн Х.Цэнд-Аюуш өнгөрсөн нэг жилийн хугацаанд дахин нэг салбараа нээж чадсан байна. Эл хуль оргисон алс холын нутагтаа ашиг, орлого багатайхан суусан тэрээр замын буянаар амьдрал нь сэргэсэнд баяртай байгаагаа илэрхийлэн сүү өргөн үдсэн юм. Түүнтэй адил замтай болсноор орлого нь сайжирч, бизнес нь сэргэсэн олон иргэнтэй бид тааралдав.
Босоо тэнхлэгийн хатуу хучилттай тус замыг Бодончийн хавцал зэрэг байгалийн хүнд хэцүү орчин, нөхцөлд барьж дуусгажээ. Зам барилгын үеэр үер буух, цасан шуурга шуурах гээд бэрхшээл, саад багагүй тохиолджээ. Барьж дуусгасан гүүрээ үерийн усанд эвдүүлээд дахин барьсан жишээ ч байна. Замын хажуугийн тэмдэг тэмдэглэгээ, уулын чулуунаас хамгаалсан хаалт хашлага, ойр ойрхон тааралдах стандарт хэмжээтэй замаас гарч зогсох зориулалт бүхий зогсоол гээд цогцоороо Монгол Улсдаа жишиг болж чадахуйц анхны авто зам тэнд зурайж байна. Нутгийн иргэд 69-өөс өөр маркийн автомашин унах боломжгүй байсан бол одоо шатахуун бага хэрэглэдэг приусээс эхлээд төрөл бүрийн машины хэрэглээ нэмэгдсэн тухай Жаргалант сумын Баянзүрх багийн иргэн Б.Жанцан бидэнд сонирхуулан ярилаа. Түүнчлэн шатахууны хэрэглээ багасч, машины эвдрэл гэмтэл гарахаа больсон гэв. Баянзүрх баг нь зам дагуу байрладаг бөгөөд хөдөлгөөний урсгал нэмэгдсэнээр тэндхийн цайны газар, дэлгүүрүүд тогтмол орлоготой болсон байна.
ОЛОН УЛСЫН ТЭЭВЭР, ЛОЖИСТИКИЙН ТӨВ БОЛОХ БОДИТ ИРЭЭДҮЙ
Аймгийн төвөөс 300 км алслагдсан Алтай сумынхан төв суурин газар бараадсан иргэдийн нүүдэл, шилжилт хөдөлгөөн багасч, хүн амынх нь тоо нэмэгдсэн сайхан мэдээгээр биднийг угтав. Тэд зам тавигдаагүй байхад Бодончийн хавцлыг 90 гаруй гатлага усаар гарч аймгийн төв ордог байж. Одоо хоёр гуравхан цагт төв рүүгээ очдог болсон, малчид сүү, цагаан идээгээ төвийнхөнд борлуулах гээд олон сайхан боломж нээгджээ. Хоёр хөрштэйгээ холбогдсон босоо тэнхлэгийн зам дагуу байрлаж байгаа тул цаашид үйлдвэрлэл, үйлчилгээгээ нэмэгдүүлэх, үзэсгэлэнт газруудынхаа судалгааг гаргаж аялал жуулчлалаа хөгжүүлэх зорилго тавьснаа сумын Засаг даргын орлогч Б.Алтангэрэл хэллээ.
Хятад, Оросыг холбосон босоо тэнхлэгийн замыг нутагтаа бариулаад авсан Ховд аймаг бүс нутгийн төдийгүй олон улсын тээвэр, ложистикийн төв болох бодит ирээдүй харагдаж байгааг нутгийнхан онцоллоо. 13 угсаатан амьдран суудаг, өв соёлын гайхамшигт түүх, баялагтай тэд өнгөрсөн зун хөөмийн тэмцээн, тэмээн жин тээх арга хэмжээг зохион байгуулахад олон жуулчин ирж сонирхсон байна. Сэнхэрийн агуй, Хар-Ус нуур, Цамбагарав хайрхан, Баянзүрхийн Буган хөшөө зэрэг Ховд аймгийн есөн гайхамшигт багтсан газруудаар аялахдаа босоо тэнхлэгийн шинэ замаар зорчих боломжтой болсон тул цаашид аялал жуулчлалдаа түшиглэн ногоон эдийн засгаа хөгжүүлэх томоохон боломж байгаад аймгийн удирдлагууд итгэл дүүрэн байлаа.
Харин нутгийн иргэдийн санаа зовж байгаа ганцхан зүйл байв. Юу гэвэл Увс аймгийн Наранбулаг сумаас төмрийн хүдэр зөөж Ярантын боомтоор гаргадаг хүнд даацын тэрэгнүүд шинэхэн замыг нь эвдэх вий гэдэг болгоомжлол. Замын стандартад заасан даацаас хэтрүүлэхгүйн тулд гурван газарт хяналтын пост байгуулж зөөврийн даац хэмжигч ажиллуулж байгаагаа Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав хэлсэн юм. Ирэх оноос суурин хэмжигчийг ашиглаж эхэлнэ гэв. Нэгэнт хүлээгээд авсан сайхан замаа хамгаалах, үр ашигтай ашиглах нь биднээс шалтгаална гэдгийг Засаг дарга нь онцолж байлаа.
200 ХҮНД ХЭРЭГЛЭХ СИЙВЭНГИЙН НӨӨЦ БАЙНА
[caption id="attachment_47508" align="aligncenter" width="684"] Баруун бүсийн эмчилгээ, оношлогооны төвийн Цусны төв нь тоног төхөөрөмжөө сайжруулснаар цус, цусан бүтээгдэхүүний хангалттай нөөцтэй байна.[/caption]Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр үйл ажиллагаа нь жигдэрч, сайжирсан бас нэгэн газар бол Баруун бүсийн оношлогоо, эмчилгээний төв. Жилдээ зөвхөн Ховд төдийгүй баруун аймгуудын 130 гаруй мянган хүнд оношлогоо, эмчилгээ хийж, 2300 эх төрүүлдэг тус эмнэлэгт тоног төхөөрөмж, барилгын засварын хөрөнгө оруулалтыг хийснээр иргэд хот руу явалгүй аймагтаа эмчлүүлж цаг хугацаа, хөрөнгө мөнгөний зардлаа хэмнэж байгаад баяртай байгаагаа дуулгаж байв.
“Азийн хөгжлийн банк нь Эрүүл мэндийн салбарын хөгжил, хөтөлбөр-5” төсөлд улс даяар 30 сая ам.долларын санхүүжилт хийснээс тус эмнэлэгт л гэхэд 600 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээр баруун таван аймгийн хэмжээнд үйлчилдэг жишиг Цусны төвтэй болж, цус, цусан бүтээгдэхүүний нөөц нь нэмэгдсэн байна.
Тухайлбал, -80 хэмийн хөргөгчтэй болсноор бүтээгдэхүүнийг хоёр жил хүртэл хугацаанд хадгалах боломжтой болжээ. Осолд орсон, төрөх үедээ цус алдсан зэрэг хүндрэлтэй тохиолдлуудад ямар ч асуудалгүй нөөцөөсөө хэрэглэж чадахаар болсон тухайгаа мэс засгийн тасгийн эрхлэгч, их эмч Ж.Ганхуяг хэлэв. Ховд аймаг нь идэвхтэй 500 орчим донортой бөгөөд өнөөдрийн байдлаар 200 хүнд хэрэглэх сийвэн, бүлэг бүрээс 5-10 хүнд хэрэглэх цус, цусан бүтээгдэхүүн бэлэн байгаа ажээ.
Түүнчлэн тус эмнэлэг нь хог хаягдлын асуудлаа олон улсын жишиг, стандартын дагуу шийдэж чадсан орон нутгийн анхны эмнэлэг болжээ. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр авсан тоног төхөөрөмжийн тусламжтайгаар сард 200 кг халдварт, 280 кг хурц үзүүртэй, 20 кг эмгэг төрлийн хог хаягдлыг зориулалтын дагуу ангилан устгаж байна.
40 гаруй жилийн өмнө баригдсан эмнэлгийн өргөтгөлийн барилгын ажилд Азийн хөгжлийн банк ирэх онд мөн хөрөнгө оруулахаар болжээ. “Аливаа төсөл хөтөлбөр удаан цаг хугацаа, олон хүний хамтын хүч, хөдөлмөрөөр бүтдэг. Энэ бүхний дараа хэрэгжсэн төсөлтэйгээ газар дээр нь танилцаж, үр дүнг нь сонсч суугаа нь маш өөр сайхан мэдрэмж байна” гэж суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен хэлэв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин