Т.САЙХАН
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр өчигдөр тохиолоо. Энэ өдөр хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв. Ёслолд Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ-ын гишүүд, хууль хүчний байгууллагын удирдлагууд, нийслэлийн Засаг дарга, хэлмэгдэгсдийн үр хүүхэд, төрөл төрөгсөд оролцов.
Мөн Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр намын удирдлагууд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэсэн юм. Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчилэн хийд хэлмэгсдийн хойдын буянд зориулан хурал ном хурлаа. Манай улс 1996 оноос хойш жил бүрийн есдүгээр сарын 10-нд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг зохион байгуулсаар ирсэн. Монгол Улс өнөөдрийг хүртэл улс төрийн хилс хэрэгт шийтгэгдсэн 31604 хүнд холбогдох 10226 хэргийг цагаатгасан бөгөөд одоогийн байдлаар шалгагдаагүй үлдсэн 1340 хүнд холбогдох 1030 хэргийг шалгаж байгаа талаар мэдээлэл өгөв. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн гэр бүлийн гишүүдээ цагаатгуулахаар өргөдөл гомдол гаргаж буй иргэдийн асуудлыг 1998 онд батлагдсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулиар зохицуулж ирсэн. Уг хуулийн дагуу 2011 оны арванхоёрдугаар сарын 25-аас өргөдөл гомдол хүлээж авахаа болиод байсан юм. Харин энэ оны нэгдүгээр сарын 12-нд тус хуульд өөрчлөлт оруулсан. Өнөөдрийн байдлаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, цаазаар авахуулсан болон хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчдийн төрсөн үр хүүхэд 400 гаруй байдаг юм байна.
Хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар хэлмэгдэгсдийг цагаатгуулах, гомдол гаргуулах хугацааг хоёр жилээр сунгаж, 2020 оны арванхоёр дугаар сарын 31-ний өдөр хүртэл хүлээж авахаар болжээ. Харин нөхөн олговрын тухайд энэ жилийн улсын төсөвт хөрөнгө тусгагдаагүй учраас 2019 оноос эхлэн олгох юм байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин