Ц.МЯГМАРБАЯР

Монголын нүүрсний экспортын гол зах  зээл бол Хятад. Тус улсын хувьд оны эхний хагаст  коксжих нүүрснийх нь импорт 29 сая тоннд хүрсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 19.4 хувиар буурчээ.  Мөн Хятадын коксжих нүүрсний дотоодын олборлолт ч буурсан дүнтэй харагдаж байна. Хэдийгээр импорт буурсан ч гангийн үйлдвэрлэл нь өссөн аж. Дэлхийн гангийн холбоо Хятадын гангийн үйлдвэрлэл  6.5 хувиар өсч, 451.2 сая тоннд хүрсэн тухай мэдээлэв.Мөн Хятадын коксжих нүүрсний үйлдвэрлэл оны эхний хагаст 214 сая тонн болж буурсан нь мөн үетэй харьцуулсан үзүүлэлт юм. Хятадын хувьд агаарын бохирдлыг бууруулах, байгаль орчинд ээлтэй  үйлдвэрлэл явуулахын тулд томоохон үйлдвэр, уурхайн хүчин чадлыг хумих, авто замаар эрдэс түүхий эд тээвэрлэхийг хязгаарлах бодлого баримтлан “ Цэнхэр тэнгэр “ хөтөлбөрийн хэрэгжилтийг чангатгахаар болжээ.  Өөрөөр хэлбэл, дотоодын хуучин, үр ашиггүй уурхайнуудыг хаах бодлого тус улсын импортын эрэлтийг тодорхой хэмжээнд хязгаарлаж буй. Ингэснээр 2018-2020 он гэхэд Хэбэй мужид нүүрсний хэрэглээг  200 сая тонноор буулгахаар болсноо хэлээд байна. Түүнчлэн Хуанхуа  болон Таншан боомтоос  эрдэс түүхий эд, нүүрсийг зөвхөн төмөр зам болон усан замаар тээвэрлэдэг болохоор идэвхийлэн ажиллаж байна гэдгээ “Сoal Mongolia-2018”  чуулганы индэрээс Хятадын коксжих нүүрсний зах зээл, эрэлт, нийлүүлэлт үнэ, өрсөлдөөн сэдвээр илтгэл тавьсан  “Фэнвей Энержи Информэйшн Сервисез” компанийн дэд ерөнхийлөгч Сара Лиу мэдэгдэж байна. Ийнхүү Хятадын агаарын бохирдлыг бууруулах бодлоготой холбоотой үйл ажиллагаанууд Монгол Улсад шинэ дохио өгсөөр байгааг “Coal Mongolia-2018”  чуулганы илтгэлээс харж болох юм.

ХЯЗГААРЛАЛТ БА БОЛОМЖ

Өнгөрсөн оны хоёрдугаар хагасаас эхлэн Хятад улс  авто замаар түүхий эд тээвэрлэлтийг хориг­лосон. Энэ  бодлого нь Монголын нүүрсний экспортод хүчтэй мэдрэгдэж эхэл­сэн. Хэдийгээр бид урд хөршийн дүрмээр тоглох учиртай ч цаашид Монголын нүүрсний тээвэр­лэлт авто замаар бус төмөр замаар хийх  шаардлагатайг харуулж байгаа. Тиймээс манайх нүүрсээ төмөр замаар тээвэрлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Коксжих нүүрсний зах зээлд шинэ түнш айсуйг олон улсын шинжээч Пралаб Бхаргава тэмдэглэж байна. Тодруулбал, Энэтхэг улс. Тус улсын хувьд коксжих нүүрсний хэрэглээ нь өсчээ. Гангийн үйлдвэрлэл нэмэгдэж  дотоодын олборлолт нь эрэлтээ гүйцэхгүй байгааг судлаачид онцоллоо. Энэтхэгийн коксжих нүүрсний импорт энэ онд 47 сая тонн байх бол 2023 онд 58 сая болж өсөх таамаг дэвшүүлжээ. Хятадын коксжих нүүрсний  импорт аажимдаа саарах ч Энэтхэг  2023 он гэхэд хамгийн том импортлогч болох хандлага ажиглагдаж буйг  судлаач хэлж байна.

ДЭД БҮТЭЦ БА ГУРАВДАГЧ ЗАХ ЗЭЭЛ

Дэлхийн зах зээл дээр коксжих нүүрсний ханш энэ жил  харьцангуй сайн байх бөгөөд ирэх онуудад аажимдаа буурна хэмээн үзэж буй. Тэгэхээр өсөлттэй үеийг хэрхэн ашиглах вэ гэдэг асуудал бий. Тухайлбал,  ОХУ болон бусад орноос өрсөж тэрхүү орон зайг эзлэх боломж  Монгол Улсад байгаа хэмээн  олон улсын шинжээч Пралаб Бхаргава онцлон тэмдэглэв. Монголд коксжих болон чулуун нүүрсний экспортын баримжаатай 20 гаруй уурхай бий. Гэтэл манай улсын нүүрсний экспорт 36 сая орчим тоннд хүрч байгаа нь нөөц бололцоо ашиглалтгүй үлдэж байгааг илтгэнэ. Тээвэр ложистик, хил гаалийн зохион байгуулалтаас ха­маа­р­алтайгаар экспор­толж чадахгүй байгааг олон улсын шин­жээчид илтгэл бүрдээ дурдаж байна лээ. Төмөр зам, дэд бүтэц, хэдэн зуун км үргэлжлэх урт дарааллын тухай ярьж суусаар “цонх” үеэ өнгөрөөх вий гэсэн болгоомжлол салба­рынхан болоод хөрөнгө оруулагчдад байна. Үнэн хэрэгтээ авто машинаар нүүрсээ зөөж  гурав дахь орны зах зээлд нийлүүлнэ гэдэг үлгэр болохыг чуулганы үеэр ярьж байв. Биднийг мунгинаж суух зуур  ОХУ урд хөрш руу 400 орчим сая тонн нүүрс экспортолсон байгаа юм. Харамсалтай байгаа ч  хил гааль, тээвэр ложистикийн зохион байгуулалт, дэд бүтцийн асуудлаа шийдэхгүй бол ирэх жилд дахиад л энэ тухай ярих болно хэмээн нүүрсний салбарынхан хэллээ.

ДАЛАЙН ЧАНАДЫН ОРНУУДАД НҮҮРС ТЭЭВЭРЛЭХ БОЛОМЖ

“Coal Mongolia-2018”-д манай улс төмөр замын тээврээр нүүрс экспортлох бодит хэмжээ, ойрын чиг хандлага, шинээр бий болгох гарцын талаар тодорхой санал болоод Тяньжинд 10 га газарт тээвэр ложистикийн төвийг байгуулах төслийн мэдээлэл  анхаарал татаж байв. Уг төслийг хэрэгжүүлэх санамж бичигт 2009 онд Хятадын  Ардын засгийн газар болон  манай ЗТХЯ хамтран санамж бичиг байгуулж гарын үсэг зурсан.  Энэ  ажлыг гацаанаас нь гаргаж хоёр улсад ажлын хэсэг байгуулан хамтарсан тусгай компанийг байгуулахаар зорьж буй.Монгол Улс далайд гарцтай болж  бусад бараа бүтээгдэхүүнээ гаргах  Хятадын талаас “Тяньжин Форт групп” Монголын талаас “Монголын төмөр зам”  51:49 харьцаатай тусгай зориулалтын компани байгуулагдаж байгаа аж. Ажлын хэсгийн ээлжит  VIII хуралдаан энэ сард Улаанбаатар хотод болох юм. Төвийн шаардлагатай  хөрөнгө оруулалт нь 48 сая ам.долларын 30 орчим хувийг хамтарч байгуулсан компаниуд оруулах бол үлдсэн хөрөнгө оруулалтыг зах зээлийн зарчмаар босгох төлөвлөгөөтэй гэнэ. Энэ төв ашиглалтад орсноор  нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж Хятадын зах зээлд болон гуравдагч оронд гаргах боломж нээгдэнэ. Ирэх хавраас энэ төслийн бүтээн байгуулалт баригдах юм байна.

Монголын нүүрс тээвэрлэлт нэг зах зээлээс хамааралтай байх ёсгүй. Тиймээс ОХУ манай чанартай коксжсон нүүрсийг өөрсдийн  боомтоор дамжин өнгөрөх тээвэрлэлтээр гуравдагч орон болох Японы зах зээлд гаргах сонирхолтой. Саяхан ОХУ-ын Тээв­рийн сайд манай улсад айлчилж нүүрсэнд  тарифын хөнгөлөлт үзүүл­сэн. Тэгэхээр Хятадын Тяньжин боомт ОХУ-ын Влади­восток боомтын тариф нэг ижил байх боломж бүрдэх юм. Эдгээр боомтоор нүүрс тээвэрлэх асуудлыг нэн даруй шийдвэрлэх нь манай улсын хувьд ашигтай байх гарц гэдэг нь  чуулганы хэлэлцүүлгээс харагдаж байна. Эцэст нь тэмдэглэхэд “цонх”  үеийг  ашиглан сул дэд бүтцээ хэрхэн үр ашигтайгаар зохион байгуулж  экспортоо нэмэгдүүлэх вэ гэдэг асуулт гарч ирнэ. Энэ бүхэн эрх баригчдаас шалт­гаална хэмээн чуул­ганд оролцогчид онцлон тэмдэглэснийг уламжилъя.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин