Дорноговийн Алтан ширээ суманд. 2018.06.12
Д.ЦЭРЭННАДМИД
ҮЙЛДВЭРИЙН ШАВ ТАВЬЧИХЛАА. НЭГ Л АЛХАМ
Шал солиотой юм асуулаа гэж битгий зэмлээрэй. Нийтлэлийнхээ явцад тайлбарыг хэлэх хүртэл тэвчин хүлээзнээрэй гэж уншигчдаасаа хүсэх байна. Сүүлийн 20 гаруй жил Монгол Улс газрын тос боловсруулах үйлдвэртэй болох тухай мөрөөдөж олон удаагийн оролдлого, горьдлого үгүй болсон байдаг. Бүр 15 удаа үйлдвэрийн суурь тавих ёслол болсон гээд боддоо. Тэр бүхэнд тухайн үеийн төр, засгийн удирдах хүмүүс оролцож тууз хайчлалцсан. Мөн л мөрөөдлийн үгээ хэлж байсан. Гэвч нэг нь ч биелэлээ олоогүй. Монгол Улс газрын тос боловсруулах үйлдвэргүй цөөхөн орны нэг хэвээр л байгаа.
Бензин шатахуунаа гадаадаас бүрэн импортолж жилд тэрбум ам.доллараа “тавьж туусаар” л. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө Дорноговь аймгийн Алтан ширээ сумын нутаг Сайн ус гэдэг газарт газрын тосны үйлдвэрийн барилгын ажлын болон төмөр зам барих суурь тавих ёслол болов. Энэтхэгийн засгийн газраас олгох хөнгөлөлттэй нэг тэрбум ам.долларын зээлээр үйлдвэрээ барих шийдлийн эхний алхам нь энэ.
150 га талбайг эзлэн байрлах уг үйлдвэр жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай. Санхүүгийн өртгөө ашиглалтад орсноосоо хойш эхний 10 жилд нөхөх боломжтой гэж ТЭЗҮ-д нь заажээ. Зарим хүмүүсийн төсөөлөн хэлж байгаагаар тэнд Эрдэнэтээс дутахгүй том үйлдвэр, хотхон босох ирээдүйтэй гэх юм. Дагалдах 20-иод үйлдвэр байх. Тэндээс жилдээ 380 мянган тонн бензин, 800 мянган тонн дизель түлш, 40 мянган тонн онгоцны бензин болон шингэн, хатуу түлш 20 мянган тонныг үйлдвэрлэнэ гэсэн бэлэн зэлэн тоо баримт яригдаж байна. Энэ бүхнийг сонсоход сайхан л санагдавч хэлэх, төлөвлөх амархан хийх л хэцүү дээ гэсэн нэгэн бодол төрөх юм. Бас үйлдвэр ашиглалтад орсноор төсөвт жилдээ 150 сая ам.доллар оруулна. Шатахууны импорт нэг тэрбум илүү доллараар буурна. ДНБ-ий хувьд 10 хувийн өсөлт бий болно гэсэн тооцоо яригдаж байна.
У.Хүрэлсүхийн Засгийн газар маш их зориг гаргаж газрын тосны үйлдвэрийн 16 дахь шавыг тавьлаа. Үүнд талархахын зэрэгцээ Дорноговийн гэмгүй сайхан тал нутаг Алтан ширээгээс сэтгэлээ шилэрээхээ түр азная.
ТУУЗ ХАЙЧЛАХААС ҮР ДҮНГИЙН ТАЙЛАН ТАВИХ ХҮРТЭЛ...
Говийн алдуул зэрэглээнээс өөр эзэнгүй мэт зэлүүд талд гурван жилийн дараа 2022 онд газрын тосны том үйлдвэр бүрэн утгаар нь босгочихно гэдэг нэг л үнэмшил төрүүлэхгүй юм. Хугацаа ч байна л даа. Амжуулж ч болно. Гэхдээ хэлэх ярихаас хэрэгжүүлэх хооронд алд дэлэм зөрөө бий. Хамгийн гол юм үйлдвэрээ босгочихлоо гэж бодьё. Их хүчилж ийм бодолд хүрнэ. Тосоо дамжуулах 600-гаад км хоолойг газар дор байгуулж 20 км төмөр замаа барьж бас чадъя. Харин дараа нь үйлдвэрлэл эхлэх тэр цагт түүхий эд хангалттай юу. Өнөөдөр шав тавих үед юу яригдаж байна вэ гэвэл нөгөө л Хятадад экспортолж байгаа 1-1.2 сая тонн тос бий тухай. Тэгтэл уг тос нь уг нь манай өөрийн баялаг ч гэлээ гэрээний утгаараа Хятадын мэдлийнх байгаа.
Одоо бид өөрийн боловсруулах үйлдвэртэй боллоо. Тосоо өөрөө хэрэглэе гэхэд Хятадын тал нөгөө манайхны олон жил нууцалсан гэрээг ил гаргаж ирээд “найр тавихдаа” тэгвэл энэ газрын тосоо буцаагаад зах зээлийн үнээр худалдаж ав даа гэх юм болов уу. Энэ үйлдвэртээ жилийн хэрэгцээний 1.5 сая тонн нефтийг ОХУ-аас 100 хувь худалдаж авсантай адил гэсэн үг. Саяхан үйлдвэрийн шав тавих үед холбогдох албаныхны хэлж байгаагаар үйлдвэрийн түүхий эдийг Тамсаг болон Матадаас авахаар хэлэлцээ хийж байна гэсэн бүдүүвчхэн мэдээлэл сонсогдоно лээ.
Авах, өгөхөд учир бий. Урьд нь бодлоготойхон хандаад бүтээгдэхүүн хуваах гэрээндээ өөрийн үйлдвэртэй болсон нөхцөлд тэндээс олборлож буй нефтээ манайх ашиглана гэсэн заалт оруулсансан бол одоо өөрийнхөө баялагийг бусдаас худалдан авах тухай ярихгүй байж болох байж.
Тиймээс үйлдвэр баригдлаа гэхэд бүрэн ажиллаж эхлэнэ гэдэгт нэг л итгэмгүй. Бас нэг том саад бий. Зориглож үйлдвэр барихаар шийдвэрлэсэн нь У.Хүрэлсүхийн Засгийн газрын нэг гавьяа. Тэгтэл энэ Засгийн нас хэд билээ. Ердөө хоёр жил хүрэхгүй мэт. Яагаадав. 2020 оны сонгуулиар өөр нэг нам хүчин гарч ирээд үйлдвэрийн бүтээн байгуулалтыг бужигнуулчихаж мэднэ. Үнэн нь тэр. Монголын төрд залгамж бодлого гэж юм огт байхгүй болсон цаг.
Нэг нам гарч ирээд төр, засаг толгойлохоороо өмнөх Засгийн газрынхаа үед санаачилсан, бүтээсэн бүхнийг баллуурддаг. Бусдын хийсэн бүтээсэн, эхлүүлсэн бүхнийг зөв ч байсан үргэлжлүүлдэггүй ийм юм бий шүү дээ. Аль нэг Засгийн газрынхан тэмээ том мал шүү гэсэн бол дараагийн Засгийн газрынхан бишээ ямаа нь том гэж ор тас эндүүрэх жишээтэй юм л даа. Ямаа тэмээ хоёрын аль нь том бэ гэсэн гарчигийн маань утга санаа энэ юм шүү. Уг нь газрын тос боловсруулах үйлдвэртэй болох төсөл нам, төрөөс ангид байвал зохистой байсан болов уу.
Нөгөө талаар үйлдвэр төрийн өмч байхаар төлөвлөгдсөн нь шатахуун импортлогчдын таалалд нийцэхгүй байгаа бололтойдог. Энэтхэгийн зээлийн хөрөнгөөр газрын тосны үйлдвэр барих тухай яриа дөнгөж гармагц яалаа. Нефтийн бүтээгдэхүүн импортлогчид Засгийн газраас 360 тэрбумын татаас шаардаж бас шатахууны үнийг өсгөж шахалт үзүүлсэн. Тэгвэл газрын тос боловсруулах үйлдвэрийн шав тавилаа гэсэн сонины мэдээний будаг хатаагүй байхад өчигдөр, уржигдраас шатахууны үнийг дахиад нэмлээ. Тайлбар нь долларын ханш өссөн гэх ч Засгийн газрыг “буланд шахах” оролдлого гэдэг нь тодорхой л доо. Угтаа нефть бүтээгдэхүүн импортлогчид үйлдвэртэй болохыг битүүдээ л эсэргүүцэж байна гэсэн үг. Маргааш нөгөөдрөөс өргөн хэрэгцээний барааны үнэ өснө. Засгийн газар чухам юу хийж чадах бол.
Нефть бүтээгдэхүүн импортлогчдын монополь эрх ашгийн тулгалтад үе үеийн Засгийн газар бараг бууж өгч ирсэн. Үүний учир шалтгаан юу вэ гэвэл өнөөгийн улстөрчид түүний дотор МАН, АН-ынхан алин ч шатахуун импортлогч гол компаниудтай сүнс, сүлд нь холбоотой ний нуугүй хэлэхэд түрийвч нэг байдагт оршдог гэж хэлж болно. Ингээд газрын тосны үйлдвэр барих тухай ужигтай, дуусашгүй үлгэрээ түр орхиё.
2022 онд үйлдвэр яасан бэ гэхэд “Өнгөрсөн үйлд хэрвээ гэж байхгүй ээ” гэсэн хариу сонсох вий гэсэн бодол толгойд эргэлдэнэ. Хаширна гэдэг л энэ байх.
ТҮҮХИЙ ЭД ДУТВАЛ ЯАХ ВЭ?
Үйлдвэртэй болсны дараа түүхий эд дутвал яах вэ гэж санаа зовох юм. Тэгвэл “бусдаас эрэхээр авдраа ух” гэсэн үг бий. Түлш болдог ид шидтэй нэгэн чулуулаг шатдаг занар байна. Түүнээс гардаг шим бодис кероген нь нефтийг орлодог. Монголд 700 гаруй тэрбум тонн шатдаг занарын нөөц бий гэдэг. Чанар нь ч өндөр гэдэг юм билээ. “Монгол алт” компанийнхан Дундговийн Хөөтийн ордыг түшиглэн занараас түлш гарган авах төсөл санаачилсан байдаг.
Бас “Жени Ойл”-ынхон шатдаг занараас онгоцны шатахуун болон дизель түлш гарган авах боломжтой гэж мэдээлж байв. Тэд занарыг ашиглаад өдөрт 50 мянган баррель газрын тос гаргаж авахад нэг км-ийг 10 хуваасантай тэнцэх газарт олборлолт хийхэд болно гэсэн бий. Энэ бүх санаа, санаачлагыг дэмжвэл зөв юм даа. Занар хатуулаг учир боловсруулах зардал өндөр. Тэгвэл шатдаг занарыг газар дор нь хүчилтөрөгчгүй орчинд халаахад газрын тос болж шингэрдэг технологи бий гэж эрдэмтэд хэлсэн байналээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхан “Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэр барих” төсөл өнгөрсөн онд боловсруулсан. Уг төслийг дэмжих юм бол нийслэлийнхэн нийлэг байгалийн хийгээр хангагдах бололцоотой юм билээ. Энэ мэтийг газрын тос боловсруулах үйлдвэр барих явцад анхаарч үзвэл нэг л чигийн ажил юм даа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин