С.САРУУЛ

Эрх ямба эдэлж буй хүмүүс  газрын баялгаа гадныханд арилжиж эх орноосоо урвалаа гэж халаглаж, шүүмжилдэг байсан бол хүүхдүүдийн хоолны мөнгөнөөс хумсалж, хувьдаа завшитлаа зарим хүмүүсийн ухамсар нь доройтжээ. Монголын төрөөс  хүүхдүүдийг алагчлалгүй олгодог ганц зүйл нь ЕБС-иудад хэрэгжүүлж буй “Үдийн цай” хөтөлбөр юм. Өөрөөр хэлбэл, “Үдийн цай” хөтөлбөрийн чанар, эрүүл ахуйн шаардлагаас хамаарч таны, миний хүүхэд зохих шим тэжээлээ авч чадаж байна уу гэдэг нь шийдэгдэнэ. Гэтэл “Үдийн цай” хөтөлбөрийн тендерийг атгаж суудаг төрийн зарим албан тушаалтнууд хүүхдүүдийн хоолоор бизнес хийж авлига авдаг асуудлыг АТГ шалгаж эхэлжээ.

АТГ энэ сарын 10-нд  Нийслэлийн Өмчийн харилцааны газрын мэргэжилтэн Д.Нэмэхбаяр, ахлах мэргэжилтэн Н.Раднаасэд нарыг  шалгаж  эхэлсэн байна. Тэднийг сургуулийн  “Үдийн цай” хөтөлбөрийн тендерийг шалгаруулахдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, хахууль авсан байж болзошгүй үндэслэлээр  байцааж байгаа юм.  Мэдээллийн дагуу Д.Нэмэхбаяр, Н.Раднаасэд нарын гэрт нэгжлэг хийхэд  их хэмжээний бэлэн мөнгө гарч ирсэн байна.

Ер нь ч “Үдийн цай” хөтөлбөртэй холбоотой гомдол, санал шүүмжлэл тасардаггүй нь чанартай, шаардлага хангасан нэгнийг нь буцаагаад мөнгөө бариад очсон хэнд ч болов хаалга нь нээлттэй байдаг энэ мэт төрийн зохицуулалтыг хувьдаа ашигласан албан тушаалтнуудтай холбоотой байж мэдэх. Нэг үгээр хэлэхэд албан тушаалтнуудын шуналаас болж чанар, эрүүл ахуй биш “арын хаалга”-аар шалгарсан аж ахуйн нэгжүүд өнөөдөр хүүхдүүдэд хоол биш хор өгч байгааг ч таашгүй.

“Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой УИХ-ын Байнгын хорооны хуралдааны үеэр сургуулиуд цайны газаргүй, хоол хүнс хадгалах агуулахгүй, стандарт мөрддөггүй, хоол хүнсэнд илчлэг тооцдоггүй, нүүрс ус давамгайлсан бүтээгдэхүүн хүүхдэд түлхүү өгдөг, тогооч нарын эрүүл хоол хүнсний мэдлэг муу, сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний зүйлийг сургууль дотор худалдаалсан зэрэг зөрчил дутагдал маш их байгааг албаны хүмүүс хэлж байсан юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан, улс орнуудын тав хүртэлх насны хүүхдүүдийн шим тэжээллэг хоол хүнсний  хэрэглээний судалгаагаар монгол хүүхдүүд шим тэжээлээр хангалтгүй хоол хүнс хэрэглэдэг нь тогтоогдсоныг энэ үеэр эрдэмтэд хэлж байв.

Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас саяхан сургуулийн цайны газруудыг шалгахад ихэнх нь эрсдэлтэй гэсэн үнэлгээ авснаас 32 хувь нь хүүхдийн байгууллагад худалдахыг хориглосон /чихэр, бохь, жигнэмэг, хатаасан жимс, чипс, мөхөөлдөс, царцмаг, байгалийн бус гаралтай ундаа, шүүс, ороомог, пирошки/ бүтээгдэхүүн худалдаж байжээ. Мөн 34.5 хувь нь зориулалтын цайны газаргүй, 25 хувь нь хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг хадгалах зориулалтын агуулахгүй байжээ. Энэ мэтээр хүүхдүүдийн идэж ууж буй хүнсний чанар тааруу байна гэх шүүмжлэлийн зангилгаа авлигаар “арын хаалгаа” нээдэг дарга нартай холбогдож таарах нь.

Эх сурвалж: www.polit.mn