Г.УНДРАМ
Монголын шатрын холбоо, Архангай амйгийн ИТХ, ЗДТГ хамтран шатрын улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 18-27-ны өдрүүдэд Архангай аймгийн Цэцэрлэг хотод зохион байгуулах болсон талаар Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Шатрын спортыг хөдөө орон нутагт ч хөгжүүлэх зорилгоор сүүлийн жилүүдэд Говь-Алтай, Завхан, Хэнтий аймгуудад зохиосон байна. Орон нутагт шатрын спортыг хөгжүүлэх, бүс нутгаа сурталчлах, аялал жуулчлал, түүх соёлын өвийг 180 гаруй оронд танилцуулахад тэмцээний гол зорилго оршдог. Мөн тэмцээний үеэр аймгийн 19 сумыг дөрвөн бүсэд хуваан Эрдэнэбулган, Батцэнгэл, Цэнхэр, Тариат зэрэг сумдуудад төвлөрүүлэн шатрыг сургуулиудад дэлгэрүүлэх, Архангай аймагт шатрын спортыг хөгжүүлэх, сурталчилах, орон нутгийн шатарчдын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Шатрын тэмцээн зохион байгуулагч”, “Шүүгч”, “Дасгалжуулагч багш” зэрэг сертификат олгох суогалт явуулах болно гэж тэмцээний зохион байгуулагчид онцолсон юм. Эрэгтэйчүүдийн 58, эмэгтэйчүүдийн 50 дахь удаагийн Улсын аварга шалгаруулах тус тэмцээнд хагас шигшээгээс шалгарсан 14 аймгийн шилдэг 24 шатарчин гүрж улсын Батуми хотод болох Дэлхийн шатрын олимпиадад оролцох эрхийн төлөө өрсөлдөх юм байна.
Эх сурвалж: www.polit.mn