Т.САЙХАН
Заал, танхимын барилдаанд зодоглож буй бөхчүүдээс авсан шинжилгээгээр таван бөх допингийн зөрчил гаргасан талаар мэдээллэсэн. Энэ талаар Биеийн тамир, спортын газрын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны их эмч Ч.Насанбат мэдээлэл хийлээ. Тэрээр “Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/, Монголын допингийн эсрэг үндэсний төв хамтран 2017 оны есдүгээр сараас эхлэн “Допинггүй монгол бөхийн төлөө” зорилтот ажлыг хэрэгжүүлж байгаа. Бидэнд БСШУСЯ-наас үндэсний бөхөөр хичээллэж буй залуусаас допингийн шинжилгээний сорьц авах чиглэл өгсөн. Үүн дагуу 35 бөхөөс допингийн шинжилгээ авсан. Допинг хэрэглэсэн нь А сорьцоор тогтоогдсон бөхчүүдийн дунд улсын цолтой бөх ч бий, аймгийн цолтой хүмүүс ч байгаа. Шинжилгээг хийхдээ үндэсний баяр наадмаас хойш болсон томоохон барилдаануудыг сонгож, барилдааны үеэр сорьц авсан. Бөхчүүдэд хариуцлага тооцох асуудлыг Монголын үндэсний бөхийн холбоо өөрсдийн дүрмийн дагуу зохицуулна. Бөхийн холбоо маргааш /2018.02.23/ энэ талаар албан ёсны мэдээлэл хийнэ” гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn