М.БААСАНДЭЛГЭР

Бидний чадах хамгийн энгийн зүйл бол хайрлах, хайрыг бусдад түгээх юм. Энэ нь амьд явахын хамгийн том аз жаргал. Өнөөдөр гэгээн хайрын өдөр. Хорвоо дэлхий дээрх бүх хосууд хайрын баланд умбаж, бие биедээ сэтгэл доторхи сайхан бүхнээ дэлгэдэг. Харин хараахан хос болоогүй нэг нь хайртай хүндээ сэтгэлээ илчлэх сайхан боломж. Дурласан сэтгэлийн тань болох хайрын шүлгийг уншигч та бүхэндээ зориулая. Үргэлж дэргэд тань түшдэг түүндээ хайртай гэдгээ яг одоо хэлээрэй.

Нарнаас цацраг тасдаж дагина болъё би чинь

Навчисаас үндэс гуйж цэцэг болъё би чинь

Сарнаас өнгө булааж гүнж болъё би чинь

Салхинаас эгшиг авч аялгуу болъё би чинь …

Дарс ч дэргэд нь ус шиг санагдах халуухан сэтгэл минийх

Дайн ч дэргэд нь энх санагдах хатуухан тавилан минийх

Далай ч дэргэд нь гүехэн санагдах тэр агуа сэтгэл минийх

Даянд ганцхан төрсөн хорвоогийн тэр дурлал минийх …

Оддын дундаас хайсан юм шиг

Оройтож чамайгаа олсон ч

Мандан жаргах нарны хорвоод

Миний хайр наддаа итгээрэй …

Чимээгүйхэн инээх чинь надад таалагддаг

Чи минь гээд хэлчихвэл бүтэн өдөртөө өег явдаг

Уруул давах үг чинь миний хувьд үнэтэй

Учрах тавилан бий эсэхийг мэдэхгүй ч, Чамдаа би хайртай …

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин