Ц.БАЯР
Азийн хөгжлийн банк өнгөрсөн 26 жилийн турш Монгол улстай хамтран ажиллахдаа нийтдээ 1.9 тэрбум ам.долларын санхүүжилтээр боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарт 310 гаруй төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн нь бусад азийн оронтой харьцуулахад бага хувийг эзэлж байгаа аж. Харин энэ жилээс эхлэн Азийн Хөгжлийн банк Засгийн газар болон арилжааны банкуудын оролцоотойгоор хувийн хэвшлийхэнд нэг тэрбум ам.доллароор санхүүжилтыг нэмэгдүүлэх боломжтой гэдгээ төр, хувийн хэвшлийнхэнтэй “Туушин” зочид буудалд өнөөдөр хийсэн уулзалтын үеэрээ мэдээллээ. Энэхүү санхүүжилтыг жижиг дунд бизнес эрхлэгч болоод дэд бүтцийг сайжруулах болон агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн төслүүдэд зориулагдахаар байна.Мөн хөрсний бохирдолыг бууруулах ариун цэврийн бизнес буюу жорлонгийн зээл олгоход зориулагдах боломж байгаа тухай Азийн хөгжлийн банкны Хувийн хэвшлийн салбар хариуцсан захирал Мишель Барроу мэдээлэлдээ дурьдаж байв. Мөн тэр “Монгол Улс бол маш чухал зах зээл гэж бид харж байна. Хэдий тийм боловч бид цаашид илүү хөгжүүлэхийг зорьж байгаа. Түүхийн хувьд авч үзвэл бид санхүүгийн салбарт анхаарал хандуулсаар ирсэн. Үүнээс гадна жижиг, дунд бизнес эрхлэгчдэд санхүүжилт олгох зорилгоор Монголын банкнуудтай хамтран ажилласаар ирсэн. Энэ бол бидний анхаарал хандуулж байгаа чухал зүйл. Тийм учраас бид санхүүгийн салбарт анхаарал хандуулсаар байх болно. Ялангуяа банкнуудын үйл ажиллагааг дэмжих тал дээр анхаарч ажиллана” гэж онцолсон юм. Монгол Улсын Засгийн газар Эдийн засгийн коридорыг бий болгох зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Замын-Үүдийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд Азийн хөгжлийн банкнаас дэмжлэг хүслээ. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр эхэлсэн боловч төлөвлөгөөт хугацаандаа дуусгаж амжихгүй нөхцөл байдал үүссэн гурван төсөл байгаа юм байна. Үүнийг үргэлжүүлэн санхүүжүүлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хүсэв.
Эх сурвалж:www.polit.mn