Б.АГИЙМАА
Уржигдраас “Хүний хөгжил сан”-гийн 23 мянган төгрөгийг банкуудаар тарааж эхэлсэн. Хугацаанаасаа дөрөв хоногоор хоцорсон учир хүлээлт үүссэн байжээ.“Капитал” банкны 915-р тооцооны төвийн гадаа 200 гаруй хүн өглөөний 05 цагаас эхлэн дараалал үүсгэн хүлээжээ. Тэдний олонхи нь өндөр настан, нярай хүүхэдтэй, тэргэнцэртэй иргэд байсан юм. Иргэд болон банкны ажилчдын хооронд үл ойлголцол үүсч байлаа. Учир нь өнөөдрөөс 670 мянган төгрөгийг олгоно гэж ойлгосон хүн олон байв. Иргэд энэ талаар ийнхүү ярьж байна.
Иргэн В.Отгонцэцэг:
-Засгийн газар дөрвөн жилийн өмнө өгнө гэж амласан мөнгөө өнөөдрийг хүртэл өгөөгүй. Сонгууль дуусахаар мөнгө олгохгүй гэсэн учир өдөр шөнөгүй хүлээж байна. Бидний амьдралд энэ мөнгө бага ч гэсэн нэмэр болдог. Харин илүү хялбар аргаар тараах хэрэгтэй.
Иргэн Б.Баатар:
-Төрөөс бэлэн мөнгө тараах нь буруу. Энэ мөнгө тэр өдөртөө л архи болон хувирч, гэмт хэрэг ихэсч, гэр бүл салахад хүрч байна. Уг нь үйлдвэр, эмнэлэг, сургууль барьсан бол бидэнд илүү үр өгөөжтэй. Миний хувьд үлдсэн мөнгөө хувьцаа хэлбэрээр авах хүсэлтэй байна.
Ахмадууд хишиг, хувийн үлдэгдэл болох 670 мянган төгрөгөө бэлнээр авах хүсэлтэй байгаа бол залуус хувьцаа нь дээр гэж байлаа. Одоогоор банкуудад 670 мянган төгрөгийг хэзээ олгох асуудлаар ямар ч мэдээлэл ирээгүй гэв.
Капитал банкны 915-р тооцооны төвийн эрхлэгч Т.Наранбат:
-670 мянгын санхүүжилт ороогүй байна. Халамжийн төвөөс ирүүлсэн мэдээллээр сонгуулиас өмнө олгоно гэсэн. Хэрэв энэ талаар мэдэхгүй байвал утсаар лавлаж болно. Заавал ингэж хүлээлт үүсгэх шаардлагагүй. Бид орой бүр маргаашийн гүйлгээнийхээ талаар зарлал тавьдаг. Санхүүжилт орсон тохиолдолд хороогоор нь хувиарлаж, олгож эхэлнэ. Иргэд сар бүр хишиг, хувиа авахдаа заавал ингэж дараалал үүсгэх албагүй. Карт, утасны үйлчилгээ гээд сонголт олон байсан.