Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Отгоны дуулснаар олны танил болсон “Сайн байна уу ээжээ”-гээс эхлээд “Дэлгэр мөрөн”, “Эрээн нуур”, “Тольтой мөнгөн эмээл”, “Галшарын унага” зэрэг сэтгэлд хоногшсон олон сайхан дууны зохиогч МУГЖ, аккардионч, хөгжмийн зохиолч Г.Тэрбиштэй ярилцлаа.
-1970-аад онд цэргийн дуу бүжгийн чуулгын тоглолт болоход найраг баян хуур хөгжмөөр яруухан хөгжимддөг болохыг чинь анх харж байлаа. Өөрийн бүтээл гээд “Сэлэнгийн шумуул” гэдэг гоцлолыг чинь сонирхож л байсансан. Та хөгжмийн урлагт хэдийд хөл тавьсан бэ?
-Би Говь-Алтай аймгийн Жаргалант сумын хүн. Арван жилийн сургуульд байхаасаа л хөгжим сонирхож байлаа.
Аман хуур, гармуунь хөгжмийг өөрийнхөө сонирхлын дагуу оролдож сурсан. Тэгээд сайн хүмүүсийн дэмжлэгээр хөгжмийн номтой нөхөрлөж, ноттой танилцсан юм. Мэргэжлийн хөгжимчин болох эхлэл тэр байж. Түүнээс биш би чинь хөгжмийн сургууль соёл төгсөөгүй юм шүү дээ.
-За тийм байж. Цэргийн чуулгад очихоосоо өмнө хаагуур явсныг тань сонирхмоор байна?
-Би 17 настайдаа Улаанбаатар хотын соёлын хэлтсийн даалгавраар Сонгино дахь шувуун фабрикийн клубт хөгжмийн багш болж байлаа. Тэндээсээ цэрэгт татагдаж Барилгын цэргийн 012 дугаар ангид очсон. Энэ үед буюу 1968 онд Монголын залуучууд оюутны урлагийн их наадам болоход цэрэг би оролцож мөнгөн медаль авсан. Аккордионтойгоо л хоёул наадамд очлоо шүү дээ.
-За тэгээд цэргийн чуулгын хөгжимчин болсон гэсэн үг юм аа даа?
-Тиймээ. Гэхдээ чуулгын хөгжимчин дуучин болоход босго өндөртэй байв. Заавал мэргэжлийн байхыг шаардана. Бас бүтэн гурван жил дагалдан тушаалтай. Гэхдээ амьдрал дээр гоцлол хөгжимчин байлаа. Миний хувьд. Мань тогдгор Д.Галсантогтох бид хоёр нэг жил тус чуулгад очсонсон.
-Тэр үед чинь чуулгын хөгжмийн багш ямар хүн байсан бэ?
-Ш.Гунаажав багш байсан. Удалгүй Б.Хаянхярваа багш уран сайхны удирдаачаар ирж байлаа. Бас Урлагын гавьяат зүтгэлтэн Бадарч гээд нэр алдраа дуурсгачихсан мундаг багш нар биднийг гар дээрээ авсан. Лимбэч Дорж, хуурч Дамбийжанцан, хөгжимчин Цэрмаа гээд гавьяатууд нөмөртэй сайхан хүмүүстэй мөр зэрэгцэн ажиллаж эхэлсэн дээ.
-Нэгэнт мэргэжлийн хөгжимчин болоод өөрөө уранбүтээл хийж эхэлсэн гэсэн биз?
-Анхны уранбүтээлийн маань нэг нь “Аварга Батсуурь” гэдэг дуу бий. Монгол Улсын аварга Шаравын Батсуурь гэдэг том бөх бол манай нагац ах л даа. Тэр утгаараа бүтээсэн. Тэгээд дараа нь “Эрээн нуур”, “Сайн байна уу Ээжээ” гэсэн дуунуудаа зохиосон. Г.Жанчив агсны дуулсан “Дэлгэр мөрөн”, “Г.Батбаярын дуулсан “Галшарын унага”, П.Ганбат агсан эхэлж дуулаад сүүлд нь А.Дашпэлжээгийн дуулсан “Тольтой мөнгөн эмээл” гээд олны сэтгэлд хоногшсон олон дуу бий. Зарим бүтээл маань хөшөөнд мөнхөрсөн гээд бод доо. Миний бахархал тэр.
-Хөшөөнд мөнхөрсөн дуу гэхээр “Халуун элгэн нутаг”, “Маамуу нааш ир” л санаанд орж байх юм.
-Манай Жаргалант сумынхан 90 жилийн ойгоороо нэг амралт, соёлын сайхан цогцолбортой болсон тэнд миний “Эрээн нуур”, “Буган сүлдтэй хайрхан” дууны маань хос хөшөөг босгосон. Г.Тэрбишийн бүтээл тэгж мөнхөрсөн гэдэг сайхан байгаа биз.
-Тиймээ сайхан юмаа. Өөрөө ер нь бүтээлээ тоолдог уу?
-Ер нь 400 гаруй бүтээлтэй болсон. Тэр дотор чинь тайзны бүжгийн хөгжим, гоцлол хөгжмийн бүтээл, найрал дуу, зохиолын дуу гээд задарна. Бас симфони удиртгал ч 10-аад бий.
-Чөлөөнд гарснаасаа хойш хэр олон бүтээл гаргасан бэ?
-Уранбүтээлч хүн чөлөөнд гарлаа ч хийх бүтээхээ сааруулж болохгүй гэж боддог. Тэгж ч ажилладаг. Ер нь нарийн цэгнээд үзэх юм бол миний бүтээлийн дийлэнх хэсэг чөлөөнд гарснаас хойш хийсэн байгаа. 2014 онд гэхэд л би дуу, бүжгийн хөгжим, дан хөгжмийн бүтээл гээд 40-өөдийг “үйлдвэрлэчихсэн” байдаг юм. Үүнийг бараг уранбүтээлийн маань ээлжит цэцэглэлтийн үе гээд хэлэхэд юу нь буруудхав.
-Одоо ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Н.Даваадашийн цомнолоор “Амьдралын төөрөг тавилан” гэдэг дуурь дээр ажиллаж байна. Бас Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зохиолч Д.Цэрэнжамцын цомнол “Учиртай дөрвөлжин” гэдэг музикль хийгээд бараг дуусах гэж байна.
-Үзэгчдэд эдгээр бүтээл чинь хэзээ хүрэх бол...?
-За хө. Тэр чинь л хэцүүхэн болчихоод байгаа юм. Урлагийн байгууллагууд шинэ уранбүтээл хийх төсөв мөнгөний хомсдолтой гээд байх юм. Өөрийн мэргэжлийн уранбүтээлч нь байсан Цэргийн чуулгад найддаг. Зарим бүтээлээ тэндээс үзэгчдэд хүргэдэг байсан. Сүүлийн үед бас л талаар болчихдог нь элбэгшлээ. Бидний ахмад уранбүтээлчдийг дэмжих бодлого ч тааруу болж. Энд би нэг бодлоо хэлчихье. Аливаа салбарт улстөржилт гэдэг хар нөлөөтэй байна. Урлаг улстөртэй хутгалдаад олигтой биш цаг ирж, Цэргийн дуу бүжгийн чуулгад гэхэд 1990 оноос хойш улстөр солигдох бүрт л нэг дарга ирнэ. Голдуу мэргэжлийн биш нөхөр байна гээч. Харамсалтай юм л даа. Энэ л уранбүтээлийг баллаж байна шүү дээ.
-Таны уранбүтээлийн гол сэдэв цэргийнх үү?
-Тийм гэж ч болох. Гэхдээ зөвхөн цэрэг гэж би туйлшраагүй өдий хүрлээ. Монголын ард түмний зан заншил, амьдрал үйл, байгалийн сайхныг магтсан олон бүтээл хийсэн дээ.
-Сайн байна уу ээжээ
Саравчилж харсаар сууна уу
Сайхан цайныхаа дээжээр
Цацлаа өргөсөөр байна уу гээд цэргийн дуу байхад.
-Наран доор давхилдсан
Монгол түмний
Нарлаг дэлхийд гайхуулсан
Монгол наадам мину зээ гээд Цэндийн Чимэддоржтой хамтарч хийсэн “Наран доорх наадам” дууг түмэн мэдэх байхаа.
Цул авьяастай сайхан хүмүүсийн дунд өсч өндийснөөрөө бахархаж явдаг төдийгүй үргэлж залуугаараа юм шиг, сэтгэл өөдрөг байна даа.
Гайгүй уран бүтээлтэй учир олон мянган үзэгч түмнийхээ хайраар хучуулж амьдарлаа. Сайхан л байна.
-Би нэг зүйлд харамсдаг юм. Өөрөө хөөргөн хөгжим сонирхож байсан болоод ч тэр үү. Найраг баян хуур, баяантай тайзан дээр гарч ирж байгаа хүн нүдний гэм болсонд...?
-Дэлхийн нийтийн хөгжмийн сонгодог зэмсгийн нэг нь найраг баян хуур юм шүү дээ. Дарьхүү, П.Чимэддорж, Дагважамц гээд олон сайхан найраг баян хуурчид байлаа. Гэтэл одоо тэдний, бидний залгамж халаа алга болж байна. Яагаад гэхээр урлагийн сургууль олон ч энэ төрлөөр сургалт байхгүй болсон. Бидний эргэн тойрон Хятад, ОХУ-д гэхэд төрөлжсөн сургууль хүртэл байгаа шүү дээ. Тийм болохоор би өөрөөс чинь илүү харамсаж байдаг юм.
-Тээр жил та Буриадын нэг том дуучин хүүхэнтэй надаар зургаа авахуулж байсан. Тэр хэн байв?
-ОХУ, Буриадын Ардын жүжигчин Лариса Егоровна Ильчна гэдэг дуучин бүсгүй. Түүнтэй 1970-аад онд танилцаж дотно найзууд болж байсан юм.
-Захиа их бичилцдэг, сэтгэлтэй энээ тэрээ гэлцэж байсан юм биш үү дээ?
-Тийм тал байсан. Тэр надад сайн байсан юм шиг байгаа юм. Даанч тэр үед гадаадын хүнтэй ойр дотно болох нь асуудалтай байсан цаг. Буриад ойрхон ч хил гарна, ирнэ очно гэдэг одоогийнх шиг биш.
Бид хоёр уулзахаараа нэг их тэврэлдэж уулзана. Ямар сайндаа манай чуулгынхан “Манай Тэрээ (намайг манайхан Тэрээ гэдэг байсан юм) орос авгайтай болох нь гэж ярьж байсан удаатай. За энэ бол нэг л сонин түүх юм. Одоо надад хэдэн сайхан дууны үг ирээд байна “Ачит багшаа дээдлэе”, “Сартай хүрэн ажнай”, “Миний л аавын хурдууд” гээд ая нэхсэн шүлгэнд дарагдчихаад амжуулна даа л гэсэн бодолтой явна даа.