Г.ГАНЧИМЭГ

Банкны зээл хумигдсан учир иргэд барьцаат үйлчилгээг сонгож байна. Тиймээс өнөөдөр банкин дээр биш ломбардад дугаарлалт үүсдэг болжээ. Шинэ жил дөхөж буй болохоор энэ нь бүр ч илүү анзаарагдаж байгаа. Цахим ертөнцөд иймэрхүү жиргээ, зураг байсхийгээд л гарах юм. Энэ нь иргэдийн амьдрал хүнд буюу эдийн засаг хямралтай байгаагаас л үүдэлтэй дүр зураг. Нэг, хоёр хүн иймэрхүү асуудалтай байвал санхүүгийн сахилга батгүй гээд чичээд өнгөрч болно. Харин нийгэм даяараа ийм асуудалтай байгаа нь яалт ч үгүй нэг зүйл болохгүй байгааг илтгэнэ. Иргэд “1990-ээд оны сүүлчээр л ингэж их, багагүй өрийн сүлжээнд орж, эдийн засагт дарамт үүсгэж байсан даа” хэмээн хуучилцгааж, “Энэ бол бодлогын алдаа” хэмээн саарал ордон руу зааж байна.

Хөдөлмөр идэвхтэй эрхэлж буй иргэд өнөөдөр цалин, хэрэглээ, машин, орон сууцны гээд ямар нэгэн зээлээ төлөхийн тулд л өглөө ажилдаа ирдэг. Эдийн засагчид үүнийг хэрэглээний хумигдал гэж тодорхойлж байгаа. Харин наймаа, худалдаа эрхэлдэг хүмүүс “Бараа гүйхгүй байна, борлуулалт алга” гэж толгой сэгсэрдэг. Өөрөөр хэлбэл, одоо өрөө төлөхийг л хичээхээс биш ямар нэгэн байдлаар тансаглах санаа иргэдийн хувьд хориотой сэдэв болжээ. Цалингаас цалингийн хооронд банкны зээл, барьцаат үйлчилгээний сунгалтаа хийлгээд явлаа ч бас мөнгө хэрэглэх нь ойлгомжтой. Харин үүнийгээ Хадгаламж зээлийн хоршоо, банк бус санхүүгийн байгууллага, найз нөхөд гэх мэт эх үүсвэрээс шийддэг аж. Гэхдээ энэ нь хамгийн муу маркетинг. Өрөө дахин зээл авч төлөх алдаатай тооцоолол нь буруу гэдгийг мэддэг ч үнэндээ өөр сонголт үгүй.

Аль ч эх үүсвэрээс авсан зээлээ хугацаандаа төлөөд явахад ямар ч асуудал үүсдэггүй байна. Үүнийг санхүүгийн салбарынхан зээл гэж тооцдог. Харин хэд хэдэн удаа хугацааг нь хэтрүүлж төлөх, тохирсон хугацаандаа зээлээ төлж чадахааргүй нөхцөл байдал үүсэхийг өртэй боллоо гэж үзнэ. Тэгвэл өнөөдөр Монгол Улс ийм байдалд орчихжээ хэмээн зарим нь болгоомжилж буй юм.

Учир нь манай улсын нийт өр 13.2 их наяд төгрөг. Үүнээс 3.9 тэрбум нь гадаад зээл, 2.3 тэрбум нь Засгийн газрын баталгаа, 1.6 тэрбум нь төрийн өмчийн компаниудын өр, 2.7 тэрбум нь ”Чингис”, “Самурай” бонд, гадаад үнэт цаасны өр, 2.1 тэрбум нь дотоод үнэт цаасны өр юм. Энэ нь ДНБ-ий 50 хувьд дөхөж очсон статистик. Бүр үүнээс ч илүү байж болзошгүй аж. Тухайлбал, Дэлхийн болон Азийн хөгжлийн банкууд төсвөөс гадуурх зарцуулалтын хөрөнгө, хувийн хэвшлийнхний тавьсан өр зээл нийлээд ДНБ-ний 70 хувьд хүрсэн гэж таамаглаж байгаа билээ. Энэ нь улс орныг бүхэлд нь дампууралд хүргэж ч мэдэхээр муу мэдээ.

Гэтэл шинэ Ерөнхий сайд ажлаа авангуутаа өмнөд хөршөөс тэрбум юанийн хөнгөлөлттэй зээл авч хямралаас гарах төлөвлөгөөтэй байгаагаа танилцуулсан. Товчхондоо, их өрийн барьцаанд буй Монгол Улс эхлээд зээл тавих замаар асуудлыг шийдэх гэж оролдох юм байна. Гэхдээ үүгээр өрийнхөө хагас хугасыг төллөө  ч дараа нь үүсэх нөхцөл байдалд ямар стратеги байгаа бол?