Д.ОЮУНЧИМЭГ

Азийн хөгжлийн банкны удирдлагууд Монголын эдийн засагт тохиргоо хийх цаг нь ирсэн гэв. Төсвийн гадуурх зарцуулалт гол хүндрэлийг бий болгосон гэсэн юм. Тус банкны “Азийн хөгжлийн төлөв 2016” тайланд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2016 оны эцэст 0.3 хувь, ирэх онд 1.4 хувьд хүрнэ гэсэн таамгийг Азийн хөгжлийн банк дэвшүүлсэн байна. Ингэж эдийн засаг өсөхөд нөлөөлөх гол хүчин зүйл нь Оюутолгой төслийн II үе шат далд уурхайн бүтээн байгуулалт болон ирэх хавраас сэргэж эхлэх хөдөө аж ахуйн салбар хэмээн АХБ-ны суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн мэдэгдлээ. Тэрээр банкныхаа эдийн засгийн гол тайлан болох “Азийн хөгжлийн төлөв”-ийн судалгааны дүнгээ танилцуулсан юм.

Инфляцийн төвшин энэ оныг дуустал 3.2 хувь орчим байх бол 2017 онд 5.4 хувь болж өснө  хэмээн тус банк тооцоолжээ. Учир нь, Засгийн газар өнгөрсөн хугацаанд хүнсний нэрийн бүтээгдэхүүнүүд болон түлшний үнийн харьцангуй тогтвортой байдал төгрөгийн сулрал, төсвийн тэлэх бодлого явуулсан нь мөнгөний нийлүүлэлтээс үүдэх инф­ляцийн өсөлтийг сөрсөн хүчин зүйл болсон байна.

“Уул уурхайн салбарт хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүдээ хөдөлгөж, улсын төсвийн болон төлбөрийн тэнцлийн алдагдлыг богино хугацаанд эерэг болгож чадвал Монголын эдийн засгийн хэтийн төлөв гэрэл гэгээтэй байна” гэж Азийн хөгжлийн банкны ахлах эдийн засагч Нориу Юсуи /Noriu Usui/ хэлсэн юм. Тэрээр Монгол Улсын өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдалд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан, түүхий эдийн үнийн уналт нөлөөлснийг онцолж байв. Хамгийн гол нь орлого их олж байх үедээ хариуцлагагүй зарцуулалт хийсэн нь буруу алхам болсон гэлээ. Түүний харж буйгаар богино хугацаандаа энэхүү хүндрэл үргэлжлэх аж. Тиймээс шийдэх ёстой асуудал цөөнгүй байгааг дуулгалаа. Тухайлбал, макро эдийн засгийг тогтворжуулах, өрийн менежментийг сайн хийх, хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй. Түүнээс гадна ядуусыг хамгаалах бодлого зайлшгүй шаардлагатай гэдгийг онцлон нэн тэргүүнд анхаарч ажиллахыг зөвлөв. Мөн уул уурхайд түшиглэсэн эдийн засгийн өсөлтийг тогтвортой, хүртээмжтэй байлгах нь Монгол Улсын хөгжил, эдийн засгийг эрчимжүүлэх хамгийн эхний сорилт болохыг хэллээ.

Монгол Улсын гадаад валютын цэвэр нөөц хасах үзүүлэлт рүү орж, 2017-2018 онуудад гадаад өрийн их хэмжээний эргэн төлөлт хийгдэж эхэлнэ. Энэ бүгд нь ирэх оны төсөвт дарамт болж, цаашид ч гадаад өр төлөгдөх хэрээр төсөв алдагдалтай гарах төлөв үргэлжилнэ гэлээ. Засгийн газрын сүүлд авсан гадаад өрийн нөлөөллөөр гадаад валютын албан нөөц зургадугаар сарын эцсээр 1.3 тэрбум ам долларт хүрчээ. Дэлхийн зах зээл дээрх алт, нүүрс, зэс, төмрийн хүдрийн үнийн савлагаа, гадаад хөрөнгө оруулалтын олдоц болоод гадаадын өрийн эргэн төлөлт Азийн 48 улсын эдийн засгийн гол эрсдэл гэж Азийн хөгжлийн банк тодорхойлжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин