Ц.БАЯР
Монголын хүүхдийн урлан бүтээх төвийг Японы Засгийн газрын тусламжаар засварлаж дууссан байна. Нурах аюултай гэж айдас дагуулж байсан энэ төв Наран улсын ах нарын өгөөмөр сэтгэлээр ийнхүү авьяаслаг хүүхдүүдээ хүлээн авахад бэлэн болжээ. Энэ жил тус төв 18 төрлийн дугуйланд хоёр ээлжээр 2000 орчим хүүхэд сургана. Уран зураг, уран сийлбэр, монгол зураг, ханы чимэг сийлбэр, сүрлэн наамал, сүрлэн сүлжмэл, хүүхэлдэйн бэлэг дурсгал, баримал керамек, нисэх загвар, усан загвар, авто загвар гэх зэргээр анхан шатанд 2-5 дугаар ангийн хүүхдүүдээс элсэлт авч байна. Элсэлт энэ сарын 15 хүртэл үргэлжилж 19-нөөс сургалтаа эхлэх ажээ. Хүүхдүүд сонирхсон дугуйлангуудад долоо хоногт хоёр удаа өглөө, үдээс хойш гэсэн ээлжээр хичээллэх боломжтой. Есдүгээр сарын 17-нд сургалтын нээлтийн үйл ажиллагаа болно. Энэ үер бид нисэх загварын дугуйлангийн багш Д.Лхагватай ярилцлаа.
Д.Лхагва: Манай хүүхдүүд шүдэнзний модоор 20 кг ачаа даах гүүр хийсэн
- Нисэх загварын дугуйлан хэдэн оноос эхэлсэн түүхтэй вэ?
- Нисэх загварын спорт, нисэх загвар зохион бүтээх дугуйлан 1965 онд анх Хүүхдийн Пионерийн ордонд нээгдэж Монголд анхны нисэх загварчдыг бэлтгэсэн юм. Түүнээс хойш “Залуу техникчдын ордон”, “ Идэр техникчдын ордон”, “ Нисэх клуб” –т энэ чиглэлийн дугуйлангууд нээгдэж ажиллаж байсан түүхтэй. 1990 оны нийгмийн шилжилтийн цаг үед бүгд хаалгаа барьж зогссон. Улмаар 2010 оноос энэ чиглэлийн дугуйлан сэргэж хүүхдүүд авьяас чадвараа хөгжүүлэх боломж нээгдсэн. Манай дугуйлан 2014 оны 10 дугаар сард анхны хичээлээ эхэлсэн. Өнгөрсөн хичээлийн жилд МУХБ сансрын нисэгч Ж.Гүррагчаатай хамтарч хүн төрөлхтөний анхны сансарын нисэгч Юрий Гагарины сансарт ниссэний ойг тэмдэглэж нисэх загвараа уралдуулсан. Үүнд 30 гаруй хүүхэд оролцож өөрсдийн авьяас чадвараа сорьсон. 10 -аад хүүхэд пуужин хөөргөж, 20 хүүхэд нисэх загвараар өрсөлдөж диплом үнэ бүхий зүйлээр шагнуулж сансрын нисэгч Ж. Гүррагчаатай дурсгалын зураг татуулсан баярт мөч байсан. Энэ үйл ажиллагааг Төмөр Замын Удирдах Газар ивээн тэтгэсэн.
- Жилд хэдэн хүүхэд хэрхэн амжилтай суралцдаг вэ?
- Жилд 100 -аад хүүхэд ирдэг. Суралцах явцад шалгарсаар тал хүүхэд л үлддэг юм. Манайд шилдэг хүүхүүд бий. 40 дүгээр сургуулийн 6 дугаар ангийн сурагч Н.Цогттэнгэр. Загваруудаа маш цэвэрхэн сайн хийдэг.”Жүр үр” компаниас зохион байгуулсан чөлөөт сэтгэлгээг хөгжүүлэх уралдаанд нэгдүгээр байр эзэлж сая төгрөгийн бүтээгдэхүүн жилийн турш авах эрхээр шагнуулсан. “ Blu Sky ” гэсэн энэ онгоц манай Н.Цогттэнгэрийнх. Япон Монголын хамтын ажиллагааны хүрээнд Японы хүүхдүүд манай дугуйлангийн хүүхдүүд хамтарч шүдэнзний модоор 20 кг ачаа даах гүүр хийсэн.
- Хүүхэд жилийн эцэст ямар чадваруудыг эзэмшдэг вэ?
-Нисэх загвар хийж сурсанаар онгоц яагаад агаарт нисдэг, онгоцны эд анги бүтэцтэй танилцаж, агаарын ямар хууль үйлчилдэгийг мэдэж авдаг. Тэгээд судлаад өөрсдөө загвар бүтээж хийж сурна. Энэ бүгдийн дараа тэдний хийсэн нисэх загварууд агаарт нисдэгээрээ онцлогтой. Том онгоцны бүх л эд ангийг загвартаа оруулдаг.
- Материалын зардлаа хүүхдүүд өөрсдөө гаргах уу?
- Нарийн хийцтэй томхон загвар хийвэл зардал өндөр. Сүүлийн үед гарч буй агаараас бичлэг хийдэг дроны эд ангийг худалдаж аваад угсарч болно. Үүнд гэхэд л 2-3 орчим сая төгрөг шаардлагатай. Манай дугуйлан хүүхдүүддээ аль болох шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн ололт, технолгитой танилцуулах зорилго агуулдаг. Бусад жижиг загварт өөрсдийнхөө нөөц бололцоог ашиглаж анхан шатных нь суурийг зөв тавьж өгөхийг чармайдаг. Эцэг эхчүүдтэйгээ ярилцаж байгаад дундаасаа мөнгөө нийлүүлж томхон мотор бусад зүйл авах тохилдол байдаг. Гэхдээ бид эцэг эхчүүддээ дарамт учруулахыг хүсдэггүй. Манай урлан бүтээх төвийн нэг онцлог нь Ардын багш Цэрэндорж агсан амьд сэрүүн байх үедээ хүүхдүүдэд халуун аарц өгдөг байсан. Энэ тогтсон уламжлал. Сэрүү орох үер хүүхдүүддээ үнэгүй халуун арцаар үйлчилнэ.
Эх сурвалж:www.zms.mn