Ж.ИДЭР

Валютын ханш анх удаа 1824 төгрөгт хүрч, Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгтийн худалдан авах чадвар ихээр буурч байна. Төсөв улайж, төсвөөс санхүүжих сургууль, цэцэрлэгийн барилга “дуншиж” байгаа. Харин хувийн хэвшлийнхэн төгрөгийн ханшийн уналтаас үүдэн олон зуун саяын алдагдалд дансаа шавхаж, хэдэн арваар нь ажилчдаа халлаа. Гудамжинд гарсан хүмүүс маргаашаа төсөөлөх ч үгүй явахад Гадаад харилцааны сайд Лу. Болдын хэтэвч түнтийж, хадгаламж зузаарчээ.

2010 онд мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгт нь дурдсанаар тэрээр хямрал ид эрчээ авч байх үед Авлигатай тэмцэх газрын цахим хуудаст мэдээлснээр 159 сая 105.6 мянган төгрөгийн орлоготой гэж мэдүүлжээ. Нэг орон сууцтай, хадгаламжиндаа 27 сая 721.6 сая төгрөгтэй гэж бас тайлагнасан байв. Тухайн үед айхтар зуд нүүрлэж, малчдын хот харлаж, нийслэлд нийлүүлэх махны хэмжээ ч буурсан. Дараа жил нь зуд турханы шокноосоо монголчууд гарч амжаагүй байхад нийтлэлийн баатрын маань орлого 168 сая 994.6 мянга болж нэмэгдсэн байлаа.

Тэгвэл 2012 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт өмнөх жилийнхээсээ хамаагүй ихээр буураад байсан юм. Гэхдээ л мань хүний орлого эдийн засгийн хандлагыг дагаж “уурших” нь бүү хэл “өгссөн” дүнтэй байв. Өөрөөр хэлбэл, орлого нь 208 сая 58 мянга болж 40 сая төгрөгөөр арвижжээ. 2010 онд дөнгөж 27 сая төгрөг байсан хадгаламж нь 49 саяд хүрчээ.

Энэ жилийн хувьд эдийн засаг маань санхүүгийн гамшигтай нүүр туллаа. Үмх махныхаа үнийг дийлэхгүй монголчууд бухимдалтай байна. Автобусны тасалбарын үнэ хүртэл өсөөд байгаа болохоор ядууст ч газар хороох унаа олдохгүй болсон цаг. Тэгвэл энэ л үед гадаад харилцааг зохицуулж байгаа сайдын орлого 33 тэрбум 139 сая төгрөг болж нэмэгдсэн байлаа. Ингэхээр Лу.Болдод валютын ханшийн өсөлт ч, эдийн засгийн хямрал ч нөлөөлсөнгүй.

 

Монгол Улсад 2009 онд валютын ханш анх удаа 1700 төгрөгийн босго давж, хямрал хойморт заларсныг мэдэгдэж байв. Тухайн үед дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ унаж, улсын төсөв төрийн албан хаагчдыг цалинжуулж чадахааргүй хүнд байдалд ороод байв. Банкууд ч зээлээ хумьж, нэг ёсондоо Монголын эдийн засагт эргэлдэх цусны эргэлт “саатсан” үе байлаа. Тэгвэл энэ жил бид түүнээс хүндхэн даваатай нүүр тулах нь эргэлзээгүй болоод байна. Валютын ханш 1824 төгрөг давж, сургууль, цэцэрлэгээ барих мөнгө нь ч төсөвт алга. Үнийн өсөлт гадаад, дотоодын бараа бүтээгдэхүүнд ялгаагүй тусгалаа олж, кг үхрийн махны үнэ 10 мянган төгрөг даваад байна. Ийм нөхцөлд энгийн олны болоод энэ улсын хөгжлийг тодорхойлж байгаа бодлого боловсруулагчдын амьдрал ямар ялгаатай байна вэ.

 

Ч.Болдын орлого хүрэлцэхгүй байна

Б.ИРЭЭДҮЙ

Баянзүрх дүүргийн иргэн Ч.Болдын сарын орлого 260 мянган төгрөг. 

Тэрээр хөгшинтэйгээ, хүүхдүүтэйгээ амьдардаг аж. 2010 онд 240 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг байж. Харин одоо 260 мянгыг авч буй. Дөрвөн жилийн дотор 20 мянган төгрөгөөр тэтгэвэр нь өсчээ. Тэрээр сүүлийн жилүүдэд бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаа нь амьдралд нь хүндээр тусч байгааг ярив. Тухайлбал, өндөр насныхаа мөнгийг сард нэг удаа авна. Түүгээрээ хүнсээ цуглуулахад тэр сардаа арай ядан хүрдэг байж. Одоо бол бүр л хэцүү болж. Учир нь шуудайгаар нь гурил, будаагаа авчихдаг. Ургамлын тосоо таван литрээр нь авдаг байсан бол одоо бүгдийг нь ганц литр, ганц кг-аар авдаг болжээ. Сүүтэй цай ууна гэдэг ч асуудал болжээ. Учир нь 2012 онд нэг литр сүүг 1650 төгрөгөөр авдаг байсан бол өдгөө 2500 төгрөг болсон. Өдөр бүр сүүтэй цай уувал дор хаяж 75 мянган төгрөг нь урсаад гарна. 

Түүнд тулгамддаг бас нэг бэрхшээл нь ач хүүгээ улсын цэцэрлэгт өгөх гэтэл орон тоо байхгүй учраас хувийнхад өгчээ. Энэ жил хоёр хөгшин ач хүүгийнхээ цэцэрлэгийн төлбөрийг төлж байгаа аж. Хоол хүнсээ арай ядан залгуулж байхад хувцас болон бусад хэрэглээнд мөнгө зарцуулна гэдэг зангууны үлгэр болжээ. Төр засгаас эдийн засгийг эрчимжүүлэх тухай яриад байх юм. Тэр нь хөрсөнд бууж, ард иргэдийнхээ амьдралыг өөд нь татаасай л гэж бодож суугаагаа өвгөн ах нуусангүй. Тэрээр “Хүмүүсийн амьдрал хэт уруудаад сульдсан гэдгийг төрийн толгойд суугаа хүмүүс олж хараасай” гэв.

Амьдралын хатууг нуруундаа үүрч буй нь ард түмэн гэдгийг хүмүүс хэлдэг. Харин бодит амьдралд жирийн иргэн хэрхэн амьдарч буйг уншигч танд хүргэхийг зорьлоо.