Г.ГАНЧИМЭГ
Уул уурхай, геологи, хайгуулын “Тэнүүн байгаль” компанийн ерөнхий захирал, Монгол Улсын зөвлөх инженер, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Л.Гомбосүрэнтэй Ашигт малтмалын хуульд оруулах зарим нэмэлт өөрчлөлтийг хэрхэн харж, дүгнэж буйг ярилцлаа.
-Манай улс зах зээлийн эдийн засагт шилжсэн сүүлийн 20 жилд эрдэс баялгийн салбарт төрийн нэгдсэн цэгцтэй бодлого дутагдсанаас улс орны хөгжил өнөөгийнхөөс илүү хурдацтай байх боломжоо алдсан гэж зарим хүн үздэг юм билээ. Үүнийг зарим нь хууль, эрх зүйн алдаатай бодлого гэж нэг үгээр амархан тодорхойлчихож байна?
-Өнгөрсөн хугацаанд геологи, уул уурхайн үйл ажиллагааг зохицуулах Ашигт малтмалын гурван хууль батлагдсан. Эдгээр хууль нь зохицуулалтын өөр өөрийн онцлогтой, өмнөө тавьсан зорилготой хууль байсныг тэмдэглэх хэрэгтэй болов уу. 1994 оны Ашигт малтмалын хууль нь эрдэс баялгаа ашиглаж, улс орноо хөгжүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих зорилготой байлаа. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулалтад хууль, эрх зүйн хязгаарлалт тогтооход чиглэгдсэн хатуувтар хууль байсан юм. Харин 1997 оны Ашигт малтмалын хууль нь Монгол Улс нийгэм, эдийн засгийн хүнд байдлаас гарах гарц хайж байхад батлагдсан. Тиймээс гадаадын хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор ашигт малтмалаа ашиглуулах нээлттэй бодлого баримталж байв. Энэ хууль нь гадаадын хөрөнгө оруулагчдад хууль, эрх зүйн нарийн хязгаарлалт тогтоож чадаагүй. Манай төрийн эрх мэдэлтнүүдийг лоббидох замаар улсын төсвөөр хайгуул хийгдэж, нөөц нь батлагдсан томоохон ашигт малтмалын ордууд лизенц нэрээр гадаадынхны эрх мэдэлд шилжсэн. Энэ үеэс л лицензийг геологи, уул уурхайн мэргэжлийн онцлогийг харгалзахгүйгээр замбараагүй тарааж олгосон юм. Өөрөөр хэлбэл, иймэрхүү замбараагүй байдал нь лицензийн наймааг цэцэглүүлсэн дээ. Манай улсын ашигт малтмалын хэтийн төлөв бүхий талбай, томоохон орд, илэрцүүд хайгуул, ашиглалтын лиценз хэлбэрээр гадаадынхны эрх мэдэлд шилжиж, тэд манай улсын нутаг дэвсгэрийг чөлөөтэй ухаж төнхөн байгаль орчныг бохирдуулах болсон. Энэ нь эцэстээ манай улсын тусгаар тогтнол, ард түмний аюулгүй амьдралд нөлөөлж, иргэдийн дургүйцлийг ихээхэн төрүүлж, хуулийг өөрчлөн цэгцлэхийг төрөөс шаардахад хүргэсэн юм. Гэхдээ 2006 оны хуулиар зөвхөн лицензийг цуцлах, олгох, сунгах үйл ажиллагааг л зохицуулж, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж байв. Өөрөөр хэлбэл, өмнө нь тараасан лицензүүдээ цэгцэлж чадаагүй. Одоо бидэнд өмнөх жилүүдэд баталж гаргасан Ашигт малтмалын хуулиудынхаа алдаатай зүйлийг залруулж, ололтыг нэмж тусган шинээр Ашигт малтмалын хууль батлан геологи, уул уурхайн салбарын эрх зүйн орчныг бүрдүүлж өгөх шаардлага амьдралаас урган гарлаа.
-Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулан УИХ-аар батлагдахаар хэлэлцэгдэж байгаа. Энэ салбарт олон жил ажилласан хүний хувьд та ямар дүгнэлт хийж сууна вэ?
-Ашигт малтмалын хуульд оруулах нэмэлт өөрчлөлт нь салбарын эрдэмтэд, төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоод оролцож, өргөн хэлэлцүүлэг явагдаж байж тусгагдсан болохоор нэлээд сайн хууль гарах болов уу гэсэн найдлага төрүүлж байгаа. Гэхдээ сайн тал нь дийлэнх боловч цаашид анхаарах асуудал ч цөөнгүй байгаа нь анзаарагдсан. Тухайлбал, өмнөх хуулиудад хайх, олборлох гэсэн хоёр төрлийн эрх зүйн орчин байсныг шинэ хуульд эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалт хэмээн дөрөв ангилан тусгасан байна билээ. Энэ нь ангилал тус бүрд тусгай зөвшөөрөл авахаар болж, лиценз эзэмшигчдэд чирэгдэлтэй, хүнд суртлыг нэмэгдүүлсэн заалт болно.
-Өмнө нь хуульд ашигт малтмал хайх эрхийн хугацааг шууд зааж өгдөг байсан. Харин одоо үүнийг яаж өөрчлөх гэж байгаа юм бол. Өмнөх хуулийн заалтаасаа ямар давуу талтай вэ?
-Шинэ хуулиар эрэх, хайх хугацааг “хүртэл” гэсэн бүрхэгдүү утгаар зааж байгаа. Энэ нь зөвшөөрөл өгөх эрх мэдэлтэй төрийн албан хаагч хугацааг үзэмжээрээ өгөх, хүнд суртал гаргахад хүргэж болзошгүй шүү дээ.
-Ашигт малтмал хайх, олборлох хугацааг орон нутгийн эрх мэдэлд шилжүүлэхээр болж байгаа гэж сонссон?
-Энэ чинь өрөөсгөл талтай шүү дээ. Байгаль орчныг хамгаалах, ашигт малтмалын ордыг хуулийн хүрээнд зүй зохистой ашиглан орон нутгаа хөгжүүлэх сайн талтай. Гэвч орон нутагт ийм эрх олгосноор хөдөөд авилга, хээл хахууль цэцэглэх магадлалыг өндөрсгөнө.
-Гэхдээ ашигт малтмал хайх, ашиглах эрхийг цуцлах үндэслэл нь өмнөх хуультай харьцуулахад тав байсныг 13 болгож эрс нэмж байгаа юм билээ шүү дээ?
-Ашигт малтмал хайх, ашиглах эрхийг цуцлах үндэслэлийг хянаж тогтоох, баталгаажуулахад төрийн захиргааны байгууллагаас гадна олон субъект оролцохоор байгаа. Энэ нь хүнд суртлыг их хэмжээгээр нэмэгдүүлж, захиргааны хэргийн маргааныг ихэсгэнэ. Би ерөөсөө энэ заалтыг хувийн бизнесийн эрх чөлөөнд хэтэрхий халдсан гэж үзэж байгаа. Хуульд ийм заалт орсноор төрийн хүнд суртал бий болох, түүнийг дагаад авилга, хээл хахуулийн зохион байгуулалттай гэмт хэргийн сүлжээ бий болох нөхцөл бүрдэх боломжтой гэдгээс сэрэмжлэх хэрэгтэй шүү дээ.
-Манай улс стратегийн 15 ордоо тодорхойлчихсон. Үлдсэн 800 гаруй орддоо ямар бодлого барьж байгаа юм бол?
-Энэ 800 гаруй ордод төрийн ямар ч бодлого, зохицуулалтгүй, хамгаалалтгүйгээр ашиглана гэсэн сэжиг бүхий санаа цухалзаж байна гэсэн хардлага байгаа. Нөгөөтэйгүүр, шинэ хуульд бичил уурхайн талаар тодорхой заалт тусгагдаагүй. Одоогоор улсын хэмжээнд 2400 орчим бичил уурхай нөхөрлөлийн журмаар үйл ажиллагаа явуулж байгаа шүү дээ. Шороон ордын олборлолтоос гарсан, үүсмэл ордын хаягдал, бага нөөцтэй, эдийн засгийн өндөр үр ашиггүй жижиг ордуудыг бичил уурхайн журмаар ашиглах хэрэгтэй. Гэхдээ эдгээр шүүмжлэлтэй асуудлуудыг одоо гарах шинэ хуульд залруулга хийж гаргах болов уу гэдэгт найдаж байна.