Б.НОМИНЖАРГАЛ, А.ОТГОНЖАРГАЛ
Энэ жилийн улсын баяр наадам Ази, Европын дээд хэмжээний уулзалттай давхцан жуулчдын хөлд дарагдан сүр ихтэй болох төлөвтэй. Жил ирэх тусам баяр наадмын хүрээ улам тэлж, үндэсний дээл хувцасны загвар ч тухайн үеийнхээ загварын чиг хандлагыг даган хувьсан өөрчлөгдөж байдаг. Гэхдээ энэ жил элдэв чимэггүй энгийн дээл илүү эрэлттэй байна. Харин содон, сонинд дуртай наадамчид мөр, энгэрээрээ угалзан хээтэй дээл сонгож байна гэдгийг загвар зохион бүтээгчид онцлов.
УЛААН ХҮРНЭЭС УСАН ЯГААНД УУСАВ
Түрүү жилийн наадмын гоёл ихэвчлэн тод улаан хүрэн өнгөтэй байсан бол энэ жилийн наадмаар харьцангүй олон өнгийн дээл “нүд хужирлах” шинжтэй. “Нарантуул” олон улсын худалдааны төвийн бөс барааны лангуунуудыг ажиглахад усан цэнхэр, номин ногоон, цайвар ягаан зэрэг нимгэн пүүсүүгээр хийсэн дан дээлээр бараагаа өргөтгөжээ. Харин загварын дээлнүүдэд хүрэн ягаан өнгө зонхилж, хормой хэсэгтээ цэцэг навчин хээ үзэгдэнэ.
Өөрсдөө дээл хувцасаа урладаг үйлчин бүсгүйчүүдийн хувьд дээлийн үнэ ханш гэхээсээ илүү дээлийн өнгө, загварын чиг хандлага чухал байдаг. Тэгвэл “Нарантуул” зах дээр дээлийн өнгөний сонголт арвин байна. Торго дурдан метр нь 5500-110000 төгрөгийн үнэтэй, пүүсүү, даавуунууд 6500-21000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.
“УРБАН ГОЁЛ”-ЫН ХҮРЭЭ ДОНЖ
Эх орондоо жийнсэн өмд үйлдвэрлэх боломжтойг харуулсан “Урбанжийнс” ХХК саяханаас жийнсэн өмднөөс гадна үндэсний хувцас үйлдвэрлэж эхлээд байгаа юм. Ингэхдээ үе үеийн залуусын дуртай, тэдний мөнхийн сонголт болох жийнсэн материалыг үндэсний хувцасанд шингээж, дээлийг орчин үеийн загвартай хослуулсан нь загварлаг залуусын анхааралд өртжээ. Гэхдээ дан жийнсэн материалаар биш өөр бусад материалтай хольж загварын дээл, монгол цамц урласан сонирхолтой шийдэл нь “Хүрээ” гоёлын коллекци байв. Цэвэр даавуу болон тааран материалаар хийсэн уг коллекцид эрэгтэй, эмэгтэй хүүхдийн монгол цамц, богино загварын дээл багтаж байна. Өнгө загварын хувьд цайвар ягаан, ногоон, цэнхэр зэрэг зуны тод, хөнгөн өнгөнүүд зонхилж байна. Мөн принттэй буюу хэвэлмэл хээтэй загварууд энэ коллекцийн бас нэгэн чухал хэсэг юм. Наадмын халуун өдрүүдийг орчин үеийн загвартай, сэрүүхэн үндэсний хувцастай өнгөрүүлэх боломжийг ийнхүү “Урбан жийнс” ХХК-ийнхан олгож байна.
МОНГОЛ ДЭЭЛ ОРЧИН ҮЕИЙН ЗАГВАРЫН ШИЙДЭЛТЭЙ “ХӨЛ НИЙЛҮҮЛНЭ”
Энэ жилийн наадмаар энгийн хийцтэй хэрнээ өвөрмөц шийдэлтэй загварын дээлнүүд зонхилох бололтой. Дээрээ элдэв янзын хэвлэмэл зурагтай, цэцэг навчны хатгамалтай бол таараар ч дээл хийгээд өмсч болох нь. Иймэрхүү загварын дээлнүүд хэдийнэ худалдаанд гараад эхэлчихсэн харагдана. Тухайлбал, “Хайрын хурим” салон өөрсдийн дээлэн дээрээ хатдын зургийг хэвлэж байгаа бол Мичел Амазонко харин хатгамалаа үргэлжлүүлэн хийсээр байна.
Харин ойрын хэдэн жил тренд болоод байсан Хүннү захтай дээл энэ жил өнгөлсөнгүй. Мөн ихэнх лангуун дээр торгоор л хийсэн болохоос биш зуны, гоёлын даашинзуудыг жирийтэл өнгө алаглуулан өлгөсөн байв. Түүнчлэн энгийн сайхан хийцтэй даруухан даавуун дээлнүүд ч байна. Хувиараа бизнес эрхлэгч Ш. Баттулга “Энэ жил солонгос, энэтхэг даавуугаар хийсэн загварын дээл тренд болж байгаа. Харин өнгөний хувьд аль нэг рүү нь илэрхий хэлбийсэнгүй. Хүмүүс олон өнгө сонирхож байна” гэв.
“НАРАНТУУЛ”-ЫН ДЭЭЛ ХАМГИЙН ХЯМД НЬ 50000 ТӨГРӨГ
Дээл үнэ өртөгийн хувьд материал, загвараасаа хамааран янз бүр байна. “Нарантуул” зах дээр дээл 50-180 мянган төгрөгөөр зарагдаж байна. Мэдээж, нэртэй дизайнер, томоохон салонуудын зөвхөн танд зориулсан ганцхан хувь загвар илүү үнэтэй. Мичел Амазонкагийн наадмын гоёл 350 мянган төгрөг, “Хайрын хурим” салоны дундаж үнэ 500 мянга орчим төгрөг байна.
Залуу дизайнер А.Каталиа “Сүүлийн үед дээлийн загвар их өргөн хүрээтэй, олон чиглэлд өөрчлөгдөж байгаа. Ингэхдээ үндсэн дээлийн загвараа хэт эвдэж, монгол хэв маягаа гээж байсан тал бий. Харин энэ жилийн хувьд энгийн хийцтэй хэр нь чамбай оёсон дээлээр наадамчид илүү гангарах болов уу” хэмээн энэ жилийн наадмын гоёлыг тодотгов.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин