Д.БОЛД
“ADMON” компанийн ерөнхий захирал Р.Энхбаттай ярилцлаа.
-Та өдөр тутмын сонин хэвлэлд хааяа санал бодлоо бичсэн харагддаг. Таны тэр нийтлэлийн санаа заримдаа үнэн ч юм шиг эсвэл огт бүтэхгүй зүйлийн төлөө бухимдаж явдаг хүн юм уу гэж бодогдохоор. Тэгэхээр та ойлгомжтой хэлж чадахгүй байна уу эсвэл таны бичсэнийг ойлгох хүн алга уу?
-Юу нь тийм ойлгомжгүй гэж?
-Жишээ нь саяхан бичсэн “Тендерийн төр” нийтлэл чинь гарчгаасаа эхлээд л уншигчдад тийм сэтгэгдэл төрүүлнэ. Манайд төр бий, тэр ажлаа хийж байгаа. Тэгээд та яалгах гээд гомдол тавиад явдаг юм бэ.Нэгэнт өөрчилж чадахгүй юмыг одоо та юу гэж бодогдуулах гэсэн юм бэ?
-Төрийн бодлого зөв, цэгцтэй байж л түүгээрээ улс орноо хөгжүүлэх чиг шугамаа гаргана. Тийм бодлого боловсруулж, хэрэгжүүлэхийн оронд төр гэдэг тендерийн комисс манайд ажиллаж, тэнд яаж ахиухан мөнгө шомбодох вэ гэсэн хүмүүс л ширээ тойроод сууцгааж байна шүү дээ. Энэ болгоныг зүгээр хараад суух уу эсвэл сэргэлэн зан гаргаж, тэдэнтэй нийлэх үү?Эрхэлдэг ажлынхаа чиг хүрээнд би энд боловсрол тойрсон асуудалтай холбож яриад байгаа болохоос биш манай бүх салбарт бодит байдал ялгаагүй ийм л болсон. Идэж уух нь ялсан хүчнийхэнд ногдох хууль журамтай юм шиг боддог хүмүүс хүлээлгийн өрөөнд дараагийн сонгууль хүртэл гиюүрээд л. Надад тэгж хүлээх юм ёстой алга. Харин ч “түрийний бөөс толгойд” гэдэг шиг муусайн юмнуудад доромжлуулж суух албатай биш, би гомдол тавьж гоншгоноогүй, адгийн юмнуудад дээрэлхүүлэхгүй гэсэн бодол л надад байдаг.
-Яг үнэндээ шүүх нь хүртэл өнөөдөр холион бантан болчихоод байхад таны тэмцэл тэгээд ямар үр дүнд хүрнэ гэж?
-Би хувийн ямар нэг амжилт олохын төлөө ер хөөцөлдөөгүй юм шүү. Тийм хувийн амжилтыг би лав өөрийнхөө нүдээр үзэхгүй ч байх гэж боддог.Гэхдээ би үүнийхээ төлөө хэн нэгнээр өрөвдүүлмээргүй, тэгээд ч дандаа ийм асуултанд бас өртмөөргүй байна. Үр ашиггүй юмаар хөөцөлдөж яваа хүн бусдад өрөвдмөөр харагддаг бололтой.Тиймээс та ч бас надад сануулаад байна шүү дээ. Дахиад хэлэхэд “Та нар өөрсдийгөө л өрөвдөцгөө, би хийх ажлаа хийх цагтаа хийгээд, хэзээ ч хэний ч өөдөөс эгц харж чадахаар явъя гэж боддог” гэж тэдэнд хэлье.
Миний саяхны тэр нийтлэлд төрийн эрх барих нэрээр улс орноо дампууруулж байгаа хүмүүсийг бичсэн. Үүнтэй адил зүйл ч зөндөө гарч байгаа. Гэхдээ өнөөдөр хэн ч үүнийг тоохоо больсон, тэр хэрээр тэдгээр хүмүүс цагаандаа гарсан! Мань мэт нь юу ч бичсэн тэдэнд саад болж, гай тарьж чадахааргүй болсон учраас бичиж байгаа нь ч, бичүүлж байгаа нь ч санаа зовохгүй болж дээ.
-Та тэгээд “Энэ болгонтой тэмцэгч нь шүүгч нар байх ёстой” гэж үзээд байгаа юм уу. Тэд чинь хуулиа тэврээд л сууж байдаг, тэдэнд хуулиас гадуур шийдвэр гаргах эрх байхгүй шүү дээ?
-Харамсалтай нь тэр үнэн. “Эрх баригчид өөрсдийнхөө эрх ашигт нийцсэн хууль гаргаж чадаж байгаа цагт тэдгээр хуулийн дагуу шүүх гэдэг газар тэдний эрх ашигт л үйлчлэхээс өөр замгүй” гэж надад шүүгч нар учирладаг. Манай шүүхийн өнөөх хараат бус байдал гэдэг нь энэ! Үүгээрээ манай захиргааны хэргийн шүүх бол ард түмний эсрэг чиглэсэн эрх баригчдын бусармаг үйлдлийг хамгаалах цайз бэхлэлт нь болж байгаа хэрэг.Наад захын жишээ гэвэл тендерийн хууль.Энэ хуулийг эрх баригчид яаж л бол яаж өөрсдөдөө ашигтайгаар гарамгай сайн ашиглана.Эрх баригчид өөрсдийгөө хэрэгт хийчихээр хууль гаргана гэж юу байх вэ дээ. Түрүүчийн эрх баригч намынхны лобби, өөрсдийгөө мөнхийн юм шиг санаад хийчихсэн энэ тендерийн хууль одоогийн эрх баригчдад мөн ч их хэрэг болж байна даа. Эрх баригч манай хоёр намын симбиоз холбоо тэднийг нэг нэгэндээ цаагуураа ингэж баярлуулдаг, тиймээс л би “Одоогийн мөрдөж буй тендерийн хууль бол эрх баригчдад нийгмийн баялгийг тонох баталгаажсан эрхийн бичиг болж байгаа юм” гэж бас бичсэн. Ийм байхад шүүгч нар сүртэй хар нөмрөг нөмөрчихөөд, иргэдийнхээ өөдөөс дүрдээ итгээд мундаг царайлаад суух чинь инээдтэй биз дээ.
-Баабар гэдэг ганцхан хүний номыг тийм их мөнгөөр номын сангуудад шахсан гэдгийг та яаж батлах юм бэ?
-Өөрөөс нь очоод асууж болно. Тэр хүн наадмын комиссоор дамжуулаад хурдан морины хүүхдэд хүртэл даахын аргагүй олон ном шахдаг гээд бод доо.Ичихээ бүр байсан.
-Үнэндээ номын сангуудад ийм аргаар ном шахдаг гэхээр харамсалтай санагдах юм. Би ч бас таны бичсэнийг үгүйсгэхгүй байна л даа.Тэгэхдээ одоо яах ёстой вэ?
-Яах ч аргагүй. Хаа нэгтээгээс тараагаад байгаа мессеж л аюултай. Энгийн хүмүүс хүртэл ийм бодолтой болж, нийгмийн энэ муу муухай бүхнийг эсэргүүцэхийн оронд өөрийн мэдэлгүй эрх баригчдыг дэмжээд явах болдог юм байна. Жишээ нь, боловсролоор аваад үзэх юм бол “Кембриж Монголыг аварна” гэж нэг хэсэг бөөн сүр дуулиан болсныг багш бүр сайн мэднэ, тэд ч бас чадлынхаа хэрээр дэмжицгээж байсан. Гэтэл тэр ажил одоо юу болсон нь тодорхойгүй. Тэр үед дэмжиж, талархлын үгээ хайр найргүй өргөж байсан өч төчнөөн багш одоо ядаж “Кембриж маань хаачсан бэ” гээд асуухгүй л юм даа. Эрхэлсэн ажилдаа үнэнч бус манай нийгмийн ялзрал энэ мэт жишээгээр харагдах нь энүүхэнд болж. “Эрдмийн өргөө” гэгддэг номын сангууд шахааны номоор дүүрсэн, тэрийг нь унших гэж хэн ч тийшээ зорихгүй нь лавтай. Тэгэхээр номын сан хэний шахсан барааг овоолоод, хэнд үйлчилж байгааг харахад бидэнд гунигтай санагдалгүй яах юм бэ.
-Хүн бүрийн хариуцлагын асуудал руу энэ бүхэн чиглээд байна аа даа?
-Тийм, өөрөөр хэлбэл иргэний ухамсар. Манайд хүнийг багаас нь юманд хариуцлагатай болгож хүмүүжүүлэх зорилгыг тавьдаггүй юм, эцэг эх нь ч, багш нар ч. УИХ-ын гишүүнээс эхлээд хариуцлагаас зайлсхийх систем тогтоож, нийт иргэдэд тийм үлгэр дуурайл үзүүлэх болж.Тэдэнд улс орноо яаж ч баллаж байсан хариуцлага хүлээх тухай ойлголт үгүй.Ажлаас нь ч халахгүй.Ажлаас хална гэдэг бол уг нь хариуцлага хүлээлгэж байгаа хэрэг биш шүү дээ, зүгээр л хорлон сүйтгэх ажлыг нь зогсоох боломж.Энэ бол хариуцлагагүйн шийтгэл биш. Төр нь өөрөө улс орныхоо эзэн шиг байж чадахгүй бол хариуцлага бүх шатанд алдагддаг юм байна гэдгийг бид мэдрэхээрээ нэг боллоо. Эх оронч биш, амиа бодсон хүмүүс л олширч байна.“Эх оронч бус төртэй байх шиг их эмгэнэл улс оронд, ард түмэнд үгүй“ гэдэг дээ.
-Бүх юмыг хар талаас нь хараад байвал болж бүтэх юм гарахгүй нь мэдээж биз дээ?
-Юмыг хар талаас нь харж, муу муухай болгох гэсэн санаатай хэн байгаа юм бэ? Юу ч хийж бүтээхгүй хэрнээ Монголоороо хий хоосон омогшиж онгирдог эсвэл мухар сүсэг ярьж, энд тэндээс бэлэн зэлэн амьдрал горьдож суудаг хүмүүст л над мэт нь дараа болдог байх. Яс ажил хөдөлмөрөөр явдаг хүмүүст сайн муугаа яриад урагшлах ганцхан л зам бий. Би одоогоос 400 жилийн тэртээд хэлсэн Германы алдарт философич Эмануэл Кантын үгийг уншаад, бидний өнөөдрийн дүр төрхийг үнэн мөнөөр нь хэлж өгөхөд, өөрсдийгөө ойлгоход маань тус болно гэж үзээд орчуулж,компанийнхаа байрны гадна ханан дээр томоос томоор бичээд тавьчихсан. Бид өөрсдөдөө шүүмжлэлтэй хандах цаг болсон гэдгийг тэндээс харж болно. Тэд шүүмжлэх замаар муу муухайгаасаа салж хөгжсөн юм.
Таны сая хэлсэн шиг би цагаан байсан юмыг хар болгож хөөдөөд байгаа юм биш ээ. Наад хэлж байгаа жижүүрийн үг хэллэгийг чинь би олхиогүй, залхуу, бэлэн зэлэнд дуртай, юм боддоггүй хүмүүсээс гарч буй ааш зан гэж ойлгохоос яах юм. Юмыг бодитой ярьдаг хүнээс залхаж, өөдрөг өөдтэй юм ярих нэрээр өөрсдийгөө хуурч суух тэдэнд л сайхан байдаг байх.
-Таны энэ ярьж хэлж байгааг дэмждэг хүн хэр олон бэ?
-Бараг байхгүй.