Г.ГАНЧИМЭГ
“Урбанек” компанийн захирал, эдийн засагч Б.Лхагважавтай ярилцлаа.
-Өнөөдөр бизнесийн салбар зогсонги байдалд орчихлоо. Үүнийг хүн бүхэн мэдэж байгаа ч тэр болгон ярихгүй байна. Яагаад хэн ч юу ч ярихгүй байна вэ?
-Бизнесийн салбар өнөөдөр монопольчлогдох байдал руугаа орчихлоо. Нэг ёсондоо улс төр, эдийн засгийг холбосон олигархийн бүлэглэл бизнесийг улам хумьж байна.
Энэ нь ажлын байрны 70-80 хувийг бүрдүүлдэг жижиг аж ахуйн нэгжүүдийн өсөх бололцоог хаагаад байгаа юм. Хоёрдугаарт, бүх зүйлийг 100 хувь төрийн зохицуулалтаар хийдэг байсан социализм руугаа эргэх хандлага ихэсч байна. Ялангуяа, шинэчлэлийн засгийн газар үүнд их үүрэг гүйцэтгэж байгаа.
-Сүүлийн үед жижиг аж ахуйн нэгжүүд хоорондоо өрсөлдөхийн оронд нэгдээд томоохон компаниудийн ханган нийлүүлэгч маягаар ажиллах хэрэгтэй гэж төрийнхөн голдуу ярьдаг. Үүнийг нь томоохон бизнес эрхлэгчид дэмжих хандлагатай байгаа нь ажиглагдлаа. Харин зарим жижиг аж ахуйн нэгжийн эзэд эсэргүүцэж байгаа?
-Бид одоо 1990 оноос хойш чөлөөт зах зээлтэй эдийн засагт юу болов гэдгээ сайн дүгнэх ёстой. Энэ 23 жил чинь их урт хугацаа шүү дээ. Энэ хооронд бид төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаа зах зээлийн эдийн засаг руу шилжүүлсэн. Нэг хэсэг төр юунд ч оролцохгүй гэж алдлаа. Дараа нь төр бүх зүйлд оролцоод асуудлуудыг хүндрүүлчихсэн. Эцэст нь бизнес өмчөө дагаж явдаг юм байна гэдгийг ойлголоо шүү дээ. Өмч хаана их төвлөрнө тэнд нөгөө яриад байгаа том бизнес чинь төвлөрч байдаг. 1990-ээд онд нийтийн өмч нь тарчихсан, иргэд маань өмчгүй байсан учраас тэр үед хүчтэй, том бөөгнөрөл явагдаагүй. 1990-ээд оны дунд үед хуучин социалист нийгмийн бий болгосон нийгмийн өмчийг хэсэг этгээд хууль бусаар хувьдаа шилжүүлж авсан. Тэд өмчөө цааш нь эдийн засгийн эргэлтэд оруулах гэсэн асуудал үүссэн юм. Яагаад гэвэл, тэр хүнд өмчөө ашиглан ажиллуулах мэдлэг, потенциал, ажиллах хүчний нөөц байгаагүй. Дараа нь 2000 онд татвараас нийтийн санд мөнгө цугларч эхэлсэн. Энэхүү татварын мөнгийг тендерээр дамжуулж, дундаас нь мөнгө угаах үйл ажиллагаа идэвхтэй явсан л даа. Үүгээр баяжсан хүмүүс өөрсдийгөө бизнесмэн гэж нэрлэдэг. Дараагийн нэг том ангилал нь уул уурхайн салбар. Төрийн нийтийн хамааралтай өмчийг хувьд шилжүүлэх маягаар буюу лицензээр бидний өмчийг өмнөөс маань эзэмшин ашиглаж баяжсан нөхөд гарч ирсэн л дээ. Өөрөөр хэлбэл, бид аль ч төрлийн баялаг бүтээгчидтэй улс.
-Харин өнөөдөр бүгдээрээ уул уурхай л ярьдаг болжээ?
-Газрын хэвлийн баялаг нь капиталист нийгмийн суурь болсон баялаг, хөрөнгө оруулалт, хөдөлмөрийн зах зээл гурвын үндэс юм. Тиймээс энэхүү газрын хэвлийн баялагт хэн эзэн суух вэ гэдэг асуудал үүссэн. Сүүлийн үед улс төрийн хүрээнийхний гол тоглолт ч үүн дээр явагдаж байгаа. Ийм эрх олж авах, олсон эрхээ ашиглаж тэнд хувийн болон нийтийн мөнгөөр хөрөнгө оруулуулах үйл ажиллагаа явагдаж байна л даа. Эндээс бид зарим тохиолдолд азтай тоглолтыг нь харж байгаа. Жишээлбэл, эдийн засаг өсч байсан үе бий.
-Эдийн засаг унасан азгүй тохиолдол ч бас байх л даа?
-Үүнийг ч бас харж байна. Эрх мэдлээ авсан хэр нь өнөөдөр эдийн засгийг зогсоочихсон асуудал байна. Хамгийн гол нь зах зээлд эргэлдэж буй Монголын нийт мөнгөний хэдэн хувь нь хаашаа оров гэдгийг их сайн харж байх хэрэгтэй. Манай ихэнх мөнгө уул уурхайн салбарт ороод өнөөдөр шороо болчихсон байгаа. Буцаагаад үүнээсээ мөнгө босгож чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, бид байсан мөнгөө шороо болгосон, одоо мөнгө болгох ёстой. Гэтэл чадахгүй гацсан. Дунд хугацааных нь барилга байшинд орсон. Эдгээрээс шалтгаалаад манай эдийн засаг макро төвшиндөө зогсонги байдалтай болчихлоо.
-Зарим хүн “Төр засгийн зүгээс олигтойхон шиг хэлэлцээр хийх ёстой” гэдэг. Гэтэл манай гол худалдан авагч БНХАУ. Тэд “Аль хямд үнэтэйг нь авна” гэдэг?
-Уул уурхайн бизнес яалт ч үгүй төрийн нийтийн хамааралтай өмчийн ангилалд хамаарна. Гэхдээ уул уурхайн бизнес бол нэг компани нөгөөтэйгээ хийчихдэг бизнес биш. Үүнийг бид сүүлийн 10 жилд их сайн мэдэж авлаа шүү дээ. Уул уурхайд маш их хөрөнгө оруулалт шаардагддаг. Тиймээс дэлхийн том гүрнүүдийн хооронд хийгддэг бизнесийг одоо л ойлгож байгаа юм. “Оюутолгой”-д одоо орчихсон байгаа зургаан тэрбум ам.доллар чинь компанийн санхүүд нь байхгүй шүү дээ. Үүнийг босгохын тулд Английн тэтгэвэр тэтгэмжийн сангаас ч юм уу, Канадын даатгалын сангаас мөнгө татна. Дэлхийд хаана мөнгө төвлөрч байна, тэндээс мөнгө татах үйл ажиллагаа явагдана. Нэгдүгээрт улсын төсөвт мөнгө төвлөрдөг. Энэ нь татвараас орж ирсэн мөнгө. Хоёрдугаарт, даатгалаар, гуравдугаарт хувьцаагаар мөнгө төвлөрдөг. Энэ гурван системээс мөнгө татах үйл ажиллагаа явагддаг юм байна гэдгийг одоо л нэг ойлгож байна манайхан. Энэ талын мэргэжилтэн манайд үнэхээр дутагдалтай байгаа учраас бид үүн дээрээ алдсан. Онолыг нь мэддэг нэгэн байлаа гэхэд амьдралдаа 10 сая ам.долларын гэрээ ч хийж үзээгүй байдаг. Туршлагатай бизнес эрхлэгчид нь санхүү, банкны системийн хүчтэй, том зэмсгийг ашиглаад тоглох потенциалгүй байна. Түүнээс биш тухайн цаг үедээ тодорхой нэг салбараар мөнгө цуглуулах бол өөр. Тэднийг азтай гэж хэлж болно. Харин нийт улсын эдийн засгийг харж зохицуулах нь эдийн засагч нарын ажил.
-Тэгвэл манай эдийн засагчид хаана юу хийгээд байгаа юм бол?
-Би нэг зүйлийг ажигласан. Манай улсын нийт эдийн засгийн удирдаач нь Ерөнхий сайд. Энэ удирдаач маань нотоо мэдэхгүй байгаа юм биш биз дээ гэсэн сэжиг төрөөд байна. Ийм жишээ манайд зөндөө бий шүү дээ. Манай алдартай дуучид нот мэдэхгүй тохиолдол байдаг. Байгалийнхаа авьяасаар дуулчихдаг юм билээ. Яг хөгжим, том чуулга удирдахад нот зайлшгүй мэдэх хэрэгтэй. Сүүлийн үед хийж байгаа гэнэн алдаануудыг харахад “Энэ хүнд макро эдийн засгийн төвшний ойлголт маруухан юм байна шүү” гэдэг дүгнэлт хийхэд хүрч байгаа юм. Өмнө нь 1990-1993 оны хүнд хэцүү үеийг хуучин нийгмийн тогтолцооны хамгийн мундаг эдийн засагч Д.Бямбасүрэн, П.Жасрай нар авч гарч байсан. Тэд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас гадна нөгөө капиталист талынх нь онолыг бас мэднэ шүү дээ. Эдийн засгийг хэзээ өвчилж, ханиад хүрэх вэ, хэзээ баярлаж хөөрөх вэ гэдгийг мэдэж байсан. Тиймээс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийг зах зээлийн эдийн засагт шилжүүлэх үйл ажиллагааг энэ хоёр эдийн засагч их сайн авч гарсан байгаа юм. Ингээд 1996 онд М.Энхсайхан үнэ чөлөөлсөн. Мөн л эдийн засаг их хямралтай байсан үе шүү дээ. Дараа нь 2009 онд С.Батболд хасах үзүүлэлттэй эдийн засаг хүлээж авсан. Оношийг нь зөв тавьж чадсан байдаг юм. Бусад үед нь их сонин. Манай улсад эдийн засагч Ерөнхий сайд байгаагүй.
-Та Р.Амаржаргал гишүүнийг орхичихлоо?
-Р.Амаржаргал гишүүн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалаад завсрын үед жил хүрэхтэй, үгүйтэй хугацаанд Ерөнхий сайдаар ажилласан. Үүнийг би тооцохгүй байгаа юм. Энэ үед эдийн засагчийнхаа ур чадварыг гаргаж чадаагүй. Ийм боломж ч байгаагүй. Харин дараа нь эдийн засаг өсч, бизнес эрхэлж байгаа хүмүүс урам зоригтой болсон эрчтэй үе ирсэн. Гэтэл энэ үед нь манай эдийн засагч биш Ерөнхий сайдууд гарч ирээд олсон ашгаа популизм руу явуулчихсан юм. Тийм учраас өнөөдөр хэрэв болдог бол АН-ынхан Р.Амаржаргал гишүүнийг Ерөнхий сайд болгоод үзээсэй гэж боддог. Р.Амаржаргал гишүүнийг Ерөнхий сайд болговол одоо байгаа макро төвшний асуудлуудыг шийдэхэд их үүрэгтэй оролцож чадна. Яагаад гэвэл, тэр хүн эдийн засгийнхаа өвчинг зөв оношилно шүү дээ. Бусад хүмүүс яаж ч хичээгээд оношоо гадарлахгүй. Өөрөөр хэлбэл, эдийн засгийг удирдаж чаддаг хүндээ түр өгөх хэрэгтэй. Энэ бол миний хүсэлт хэдий ч нийт монголчуудаад хэрэгтэй алхам.
-Гэхдээ эдийн засгийг зогсонги байдлаас гаргах өөр гарц бидэнд бий биз дээ?
-Өнгөрсөн жилийн нэг том алдаа нь манай улс макро төвшиндөө томоохон компаниудаа дэмжвэл нийт эдийн засгаа аваад явчихна гэж сэтгэсэн. Эдийн засгийн 70 хувийг эргэлдүүлж байгаа компаниудаа дэмжсэн ч нөгөө хэд нь томоохон салбаруудад мөнгөө хийгээд гацаачихсан. Гэтэл цаана нь үлдсэн 73 мянган аж ахуйн нэгждээ ямар ч дэмжлэг өгөөгүй. Тиймээс одоо санхүүгийн өршөөл үзүүлэх замаар жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд баялаг бүтээж байгаа хүмүүсийг урмыг нэг удаа сэргээж өгөөч. Ингэхгүй бол бид бүгдээрээ баялаг бүтээх ариун үүргээсээ татгалзах хэлбэрт орчихоод байна.
-Санхүүгийн өршөөл үзүүлээч гэвэл хэн яаж хохирсон юм бэ гэдэг асуулт гарна. Жишээлбэл, долларын ханш өсснөөс валютаар зээл авсан хүмүүс ихээхэн хэмжээний хохирол амсч, тооцоолоогүй эрсдэлээ үүрч байгаа. Гэтэл банкны төлөөлөл “Манай харилцагчид эрсдэлээ үүрч сурсан хүмүүс” гэдэг?
-Ам.долларын зээл авсан хүмүүс өнөөдөр үнэхээр хэцүү байгаа. Энэхүү эрсдэлийг банкууд мэдэрч л байгаа. Манай банкны систем өөрөө бас эрх чөлөөгүй. Арилжааны банкууд ч бас бизнесийн салбар шиг монополь хэлбэрт орчихсон шүү дээ. Улс төр, бизнесийн бүлэглэлүүд арилжааны хэдэн банкаа хуваагаад авчихсан. Арилжааны банкны ертөнцөд өөр өрсөлдөгч ерөөсөө оруулж ирдэггүй. Зах зээлд өрсөлдөөнгүй байна гэдэг монополь хэлбэрийг шууд тогтоодог. Тэнд монополь тогтсон учраас ийм үг хэлж байж магадгүй. Тиймээс монопольчлолоо эргэж харахгүй бол асуудал их эвгүйгээр эргэж магадгүй байдал өнөөдөр үүсчээ. Би бас л эдийн засгийн түүх сөхөх нь. 1997 онд болсон Азийн хямралын үед гадаадын хөрөнгө оруулалтын цутгалт нь хэвээрээ байсан. Ерөөсөө тасраагүй. Гэтэл тэр улсууд дампуурсан. Дараа нь гол шалтгааныг шинжлээд үзэхэд тухайн улсуудын банкны систем нь орж ирсэн хөрөнгийг эргэлдүүлэх, түүнтэй ажиллаж чадваргүй байсан. Яг үүнтэй адилхан жишээ манайд байгаа. Эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрлээ. Гэтэл манай арилжааны банкны систем дэндүү монопольчлогдсон учраас орж ирж байгаа их хэмжээний хөрөнгө оруулалтыг шингээх чадваргүй болчихсон байсан юм. Тиймээс томоохон хөрөнгө оруулагчид нь хөрөнгөө татсан. Тэд хоёрхон зүйлд л эргэлзсэн дээ. Нэгдүгээрт, Монголын шүүхийн системд, хоёрдугаарт санхүүгийн системд.
-Яагаад хөрөнгө оруулагчид эргэлзэх болов?
-“Оюутолгой” жилдээ эргэлтийн таван тэрбум ам.доллар хэрэгтэй үйлдвэр шүү дээ. Гэтэл таван тэрбум ам.доллар гаргаад өгчих арилжааны банк манайд байхгүй. Бүгдээрээ нийлээд ч чадахгүй. Тэр том эдийн засгийг эргэлдүүлэхийн тулд санхүүгийн хараат бус секторууд хэрэгтэй. Засгийн газар энэ алдаагаа ойлгоод өнгөрсөн оны сүүлчээр Хөрөнгө оруулалтын сангийн хууль баталлаа. Хөрөнгө оруулалтын сан байгуулахад томоохон аж ахуйн нэгжүүд өөрсдийнхөө санхүүг Монголоос хамааралгүйгээр зохицуулах заалт орсон байгаа. Хөрөнгө оруулалтыг татахын тулд ийм боломжийг олгож байгаа юм. Гэхдээ манай санхүүгийн зах зээл маань энэ том хөрөнгө оруулалтыг дааж явж чадах потенциал, менежмэнттэй байх ёстой. Үүнийг гадаадын хөрөнгө оруулагчид их харж байгаа. Тэгээд шүүхийн системийг их сонирхож байна. Тухайлбал, Монголд Арбитрийн шүүх байна уу. Арбитрийн шүүхээр ямар хэргийг яаж шийдсэн юм бэ. Өмнө нь хийгдсэн томоохон гэрээнүүдийг судална. Гэтэл Оюутолгойн гэрээ Английн арбитрийн шүүхээр орно гэж байсан. Тиймээс одоо салбар бүрт мэргэжлийн хүмүүс нь дорвитойхон шиг ажиллах хэрэгтэй. Гэтэл манай улсын эмгэнэл нь өөрсдийнхөө намын хүмүүсийг л албан тушаалд суулгах гээд байна. Энэ нь улсынхаа нийт чадамжийг сулруулчихаж байгаа юм.
-Ерөнхий сайд асан М.Энхсайхан нэг ярилцлагадаа “Бид улстөржиж талцаад байвал томоохон төслүүд маань цааш явахгүй нь” гэдгийг хэлсэн шүү дээ. Гэтэл үүнийгээ ойлгочихсон хэр нь яагаад нэгдэж чадахгүй байна вэ?
-Хэдэн жилийн өмнө намуудын нэгдэл болоод байгаа юм шиг харагддаг байсан. Тэр үед намууд цэвэр үзэл бодлоороо нэгдэж, хийж байгаа концепцио тохируулахад л болдог байлаа. Одоо яагаад нэгдэж чадахгүй байна вэ гэвэл үзэл бодол, концепциосоо илүү өмчийн асуудал гарч ирсэн. Хэдэн намдаа томоохон хөрөнгөтнүүд нь хуваагдаад орчихсон байгаа. Өөрөөр хэлбэл, чинээлэг хүмүүс өмчөөрөө нэгдэж чадахгүй байна. Нэгнийхээ өмчийг устгадаг, эсвэл бизнесийг дампууруулдаг мафийн шинжтэй бүлэглэл бий болчихжээ.
Хоёрдугаарт нь томоохон ордуудыг ашиглая гэхэд бүгдээрээ төрийн нийтийн өмч байгаа. Гэтэл энэ өмчийг хамгаалсан хууль байхгүй.