Г.ГАНЧИМЭГ

“Чингисийн хүрээ” жуулчны баазын гүйцэтгэх захирал Д.Бат-Амгалантай аялал жуулчлалын салбарын хөгжлийн талаар ярилцлаа.

-“Чингисийн хүрээ” жуулчны баазад долоохон хоногийн өмнө буюу гуравдугаар сарын 5-нд “Бүргэдийн баяр”-ыг зохион байгуулсан. Энэ арга хэмжээнд хэдэн орны хэчнээн жуулчин хамрагдав. Очиж үзэх сонирхолтой монголчууд олон л байсан болов уу. Гэтэл ажлын өдөр таарчихсан. Яагаад энэ өдрийг сонгосон юм бол?

-Бид ССАЖЯ-тай амралтын өдөр болгоё гэж ярьсан л даа.

Гэтэл гуравдугаар сарын эхний долоо хоног тэр чигээрээ “Нүүдэлчдийн өвөл” арга хэмжээтэй байснаас Хөвсгөлийн “Мөсний баяр” дулаарал, Өмнөговь аймагт болох байсан “Түмэн тэмээний баяр” шүлхийн хорио цээрийн улмаас цуцлагдсан. Эдгээр арга хэмжээг аялал жуучлалыг хөгжүү­лэх, жуулчны улирлыг ихэсгэх, Монголд ирэх жуулчдын тоог нэмэг­дүүлэх, орон нутгийн жуулч­ны баазуудын үйл ажиллагааг дэмжих зорилгоор зохион байгуулдаг. ССАЖЯ-аас жил бүр аялал жуулчлалын цагалбар гаргадаг. Энэхүү цагалбартаа хаана ямар баяр, наадам зохион бай­гуулахаа нийтэд зарладаг юм. Тэгээд хоёр ч арга хэмжээ цуцлагдсан болохоор “Бүргэдийн баяр”-ыг ямар ч сонголтгүйгээр ажлын өдөр зохион байгуулсан л даа. Бүх Элчин сайдын яаманд урилга өгсөн. Франц, Хятад, Турк, ОХУ, Казахстаны Элчин сайдын яамнаас манай арга хэмжээнд оролцсон. Урилгаар 200 гадаадын иргэн, дотоодын 300 орчим жуулчин ирсэн.   

-“Бүргэдийн баяр”-ын өмнө 500 орчим хүн ирнэ гэж байсан. Ерөнхийдөө зорилгоо биелүүлчихсэн юм байна?

-Ажлын өдөр болохоор ин­­гэж тооцоолсон. Амралтын өдөр таарсан бол 5000 орчим хүн ирэх боломжтой.  

-Цаашид амралтын өдрийг л тааруулж бай­маар юм байна?

-Ирэх жил Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөл, аймгийн Засаг даргын Тамгын газар, УИХ-ын гишүүн А.Бакей нар хамтран зохион бай­гуулна. Ингэхдээ ам­ралтын өдөр энэ баярыг хийе гэж ярилцаж байгаа.

-Цаг уур, малын гоц халдварт өвчний улмаас ойрын хугацаанд хоёр ч арга хэмжээ цуцлагдлаа. Үүнийг эс тооцвол аялал жуулчлалын салбар  өнөөдөр ямар байна даа? 

-Хүндхэн байна шүү дээ. Гадаадаас ирдэг хүн алга. Сайд, дарга нар бо­лохоор баахан жуулчны тоо л яриад байдаг. Үнэн­дээ Монголд ирж байгаа аялагчид цөөхөн байна.

-Монголд яагаад жуул­­чид ирэхгүй байна вэ?

-Үзэж харах зүйл бага, дээрээс нь үйлчилгээ муу, тариф өндөртэй. Монгол хүн, гадаад хүн гэсэн хоёр янзаар үнэ тогтоодог. Энэ нь Монголд ирж байгаа аялагчдад таагүй сэтгэгдэл төрүүлдэг юм. Манай улсыг зорьж ирснээрээ торгууль төлж байгаа юм шиг ойлгогддог нь хамгийн аймаар зүйл шүү дээ. Тиймээс манай “Чингисийн хүрээ” жуулчны бааз өнгөрсөн жилээс тарифтаа дотоод, гадаадын хүн гэсэн ялгааг байхгүй болгосон. Бусад компаниудаа ч  ингэж уриалж байна.

-Тэгвэл энэ бүхний буруутан нь хэн юм бэ. Үйчилгээ муу байна гэлээ. Үүнийг сайжруулах нь аялал жуулчлалын компаниудын хийх ёстой ажил биз дээ. Үзэж харах зүйлийн тухайд гэвэл Өвөр Монголд нүцгэн талд гэр бариад л тэндээ нүүдэлчдийн хуримлах ёсыг үзүүлчихэж байна. Ирсэн жуулчин үүнийг л үзнэ. Өөр үзээд байхаар юм байхгүй, тэнд?

-Нүүдэлчдийн ахуй, соёлыг л монголчууд сайн үзүүлэх ёстой байхгүй юу. Манайхан ингэж ажил­лах боломжтой. Хийе гэхээр манайд дэд бүтэц асуудалтай байна. Тухайлбал, МИАТ монополь үнэтэй. Манайд жуулчид төмөр зам, агаарын тээврээр л ирдэг. Монголд ирж байгаа жуулчид ихэвч­лэн орон нутгийн галт тэрэг дамжин орж ирдэг үүргэвчтэй аялаг­чид байна. Орж ирээд интернэтээр танилц­сан хүмүүсээ хөтөчөөр дагуулаад явчихдаг. Ингэ­сэн нь тэдэнд хямд тусч байна. Аялал жуулчлалын компаниудтай тохи­ролцоод ороод ирэхэд өндөр өртөгтэй. Гэтэл манайхны үйлчилгээ тэд­ний сэтгэлд хүрч, хүс­сэн хэмжээнд бай­даг­гүй. Энэ нь мон­голчууд хүнд үйлчилж чаддаггүйдээ биш жуулч­ны баазын эзэд, удирдаж байгаа хүмүүсийн буруу. Сүүлийн үед хоолоор биз­нес хийж байгаа то­моохон компаниуд бий. “Модерн номадс”, “Irish”, “Зочин бууз”-ын сүлжээнүүд үйлчилгээг бизнес болгож, мөнгө олоод сурчихсан. Тэд маш хүчтэй менежментийн баг аваад, тодорхой хугацаанд үр дүнд хүрч байна шүү дээ. Нөгөө үлдсэн газрууд нь хувийн өмчөө ах дүү буюу төрөл садан, найз нөхдөөрөө удирдуулдаг. Үгүй бол эхнэрүүд нь энэ бизнесийг нь авч явдаг. Энэ нь буруу биш ч эргээд бодох л асуудал. Нөгөөтэйгүүр, аялал жуулчлалын чиглэлээр сургууль төгсөөд ирж байгаа залуусын ур чадвар хангалтгүй байгаа. Сургуулиуд оюутнууддаа таван орны хэлээр үйлчилгээний наад захын 200 гаруй өгүүлбэрийг хэлж сургамаар байна. Гэтэл хов хоосон хүмүүс диплом өвөртлөөд ирдэг. Ингээд л зөөгч, ресепшн хийнэ. Өөр чадах ажил байдаггүй. 

-Сүүлийн үед аялал жуулчлалын салбарыг эрчимтэй хөгжиж байгаа гэж яриад байгаа?

-Энэ ч дарга нарын буюу төрд ажиллаж байгаа хүмүүсийн л үг. Бид өнөөдөр дотоодын аялал жуулчлалаа түшээд л амьдарч байна. Түүнээс биш өдөр шөнөгүй гадаадын жуулчдын хөлд дарагдаад ч байдаг юм биш. Ер нь гадаадын хүнээс мөнгө авна гэж байхгүй.

-Яагаад гадаадын хүнээс мөнгө авахгүй гэж?

-Зун буюу жуулчны улирлын хугацаанд манай “Чингисийн хүрээ” гэхэд л тогтмол 4-5 компанитай, заримдаа 10 компанитай гэрээ хийдэг. Ингээд гэрээтэй компаниуд маань сард 3-4 жуулчин, эсвэл сард нэг удаадаа 15 жуулчин авчирдаг юм. Гэтэл тэр жуулчдыг ирүүлэхийн тулд хамгийн бага үнийг санал болгодог. Ингэхээр чинь бидэнд ашиг гарах уу. Өөрөөр хэлбэл, бид аялал жуулчлалын салбарт оруулсан хөрөнгөө ойрын 50 жилд нөхөж чадахааргүй дүр зураг харагдаж байгаа. 

-Уг нь Монголд ирэхэд Парис, Бээжин, Москвагаар аялсанаас бага өртөгтэй байх. Жуулчдын сэтгэлд хүрсэн үйлчилгээ байхгүйгээс янз бүрийн хэл үг гарах нь ойлгомжтой. Тэгвэл бид одоо энэ алдаагаа яаж засах вэ? 

-Манай Улаанбаатарын өртөг, үнэ Европоос дутахааргүй шүү дээ. Жуулчдын сэтгэ­лийг татдаг ганц зүйл нь Монголын хөдөө, нүү­дэлчдийн ахуй л байдаг. Хөдөөний хүмүүс юу байгаагаараа дайлаад, нэг ч төгрөг авахгүй. Хоновол хонуулаад, байвал байлгаад л байдаг. Үүнийхээ төлөө юу ч нэхэхгүй. Энэ нь гадаадын жуулчдад их таалагддаг. Зарим жуулчин бүр хагас сар ингэж амьдарсан түүх ч бий. Гэтэл ингэж тааваараа амарч, сайхан сэтгэгдэлтэй буцсан жуулчид Монголд буцаж ирээд асар их хөрөнгө оруулах жишээтэй. Тиймээс бид нүүдэлчин ахуйгаа,  дээрээс нь үндэсний зоогоо сайн брэнд болгох хэрэгтэй. Монголд ирсэн хятадууд “Нэг насандаа идэхгүй махаа ганцхан өдөрт идээд явлаа” гэж ярьдаг. 10 хятад хүн өрөөл хонины махаар хорхог хийлгээд, дээрээс нь хуушуур, гурилтай шөл захиалдаг. “Та нар ямар их иддэг юм бэ” гэж асуухаар “Бид хэзээ ч дахиж ийм сайхан мах идэхгүй” гэж хариулдаг.

-Гэтэл зарим хүн “Монголд олигтой хоол байдаггүй. Бүхэл мах, гурилтай шөл, бууз, хуушуур, бантан гээд л хэдхэн нэр төрөлтэй” хэмээн шүүмжилдэг шүү дээ?

-Манай “Чингисийн хүрээ” жуулчны бааз 20 гаруй жилийн түүхтэй. Манайд “Хаадын зоог”, “Ноёдын зоог”, “Хүндэтгэлийн зоог” гэж бий. Монгол зоог учраас бүгдээрээ л битүү хоол. Бид үндэсний зоогоо сайн бэлтгэдэг учраас өнөөдөр манайд зөвхөн хоол идэх гэж очдог хүн, гэр бүлүүд ч байна. “Танай тулам хийхийг харъя”, “Хорхог яаж хийж байна”, “Боодог суръя” гээд камер барьсан хятад орж ирдэг. Бид харуулдаг ч үгүй, зааж өгдөг ч үгүй. Технологио мэдүүлэх шаардлагагүй. Тиймээс монгол хоолыг брэнд болгож болно. Өөрөөр хэлбэл, хоолоо брэнд болгосон Франц, Итали, Хятад, Энэтхэгээс бид дутахааргүй. Хамгийн гол нь мэргэжлийн менежментийн баг авч ажиллуулах хэрэгтэй. Ингэж ажилласан газрууд түрүүчээсээ нүдэн дээр чинь хөгжиж байгаа биз.

-Хоёулаа ирсэн жуулчиндаа таатай сэтгэг­дэл төрүүлж, сайхан хоол­лох талаар ярилцлаа. Тэг­вэл оюун санааны хэрэг­цээг нь яаж дүүргэх вэ?

-Хоолоо идээд гарч ирэхэд нь морь унуу­лах, эсвэл оньсон тоглоом тоглуулж болно. “Чингисийн хүрээ”-д ирсэн гадаадын жуулчинд бид оньсон тоглоом өгөөд “Үүнийг эвлүүлж чадахгүй бол чиний оюун ухаан таван настай монгол хүүхдийн IQ-д хүрэхгүй байна гэсэн үг” гэж хэлдэг. Ингэхээр тэр хүний шар хөдөлж, атаархдаг. Нөгөө тоглоомоо эвлүүлэх гэж олон янзаар оролдоод, чадахгүй бол орилдог. Тэгээд “Энэ тоглоомоо надад өгөөч. Би нутагтаа очоод тоглож сурна” гэдэг. Мөн манай баазад ирсэн жуулчид гольф шиг сур харвах талбайтай. Энэ мэтчилэнгээр манайд ирсэн хүнд үзэж харах зүйл зөндөө. Гэхдээ жуулчны баазууд бүгдээрээ ингэж ажилладаггүй. 

-Гэтэл манай улс жилд нэг сая жуулчин авна гэдэг зорилт тавиад ажиллаж байгаа. Өнөөдрийн байд­лаар Монголд жилд хэдэн жуулчин ирж байна вэ? 

-Одоо 400 гаруй мянган жуулчин Монголд ирээд байна. Нэг сая жуулчин авахаасаа өмнө бид хамгийн түрүүнд үйлчилгээгээ цэгцлэх хэрэгтэй. Дараа нь аялал жуулчлалын хүний нөөцөө чанаржуулах ёстой. Ингэхийн тулд аялал жуулчлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг сургуулиуд сургалтынхаа чанарт анхаарвал зохино. Тэр цагт инээж буцсан жуулчид эргэж ирдэг болно шүү дээ.

-Хятадууд хөдөөгүүр машин доороо металл хайгч суурилуулчихсан явдаг гэдэг яриа бий. Өөрөөр хэлбэл, жуулчны визээр орж ирсэн хятадууд тэр болгон аялаад явдаггүй юм байна гэж ойлгогдохоор байна л даа. Ер нь жинхэнэ жуулчдын хэдэн хувь нь хятадууд байдаг юм бол. Тухайлбал, танай “Чингисийн хүрээ” жуулчны бааз дээр ихэвчлэн аль улсаас ирсэн жуулчид очдог вэ?

-Өнөөдөр жуулчдын хэд нь барилгын хятад болж таараад байгааг хэлэхэд хэцүү болчихсон. Гэхдээ Монголд ирж байгаа жуулчдын олонхи нь хятад мөн.  Дараа нь солонгосууд, үлдсэн нь Европын жуулчид байдаг. Би хятадуудыг Монголд тодорхой хэмжээгээр мөнгө оруулдаг хүмүүс гэж боддог юм. Тэд алба, амины аль ч шугамаар ирсэн бай хамаагүй нэг газар хононо, хоол иднэ. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн эргэлтэд мөнгөө оруулдаг гэсэн үг. Солонгосууд бол хэцүү хүмүүс. Тэд солонгос эзэнтэй буудалд бууна. Нутаг нэгтнийнхээ хоолны газарт л орно. Юм үзэхдээ огт мөнгө төлөхгүй байх санаатай, бүр. Ийш тийшээ зугтаана. Хойно, урдаас нь хөөцөлдөн байж авах ёстой таксыг нь авахуулдаг юм. Тэгсэн хэр нь Монголд ирэх, цаашлаад амьдрах дуртай. Солонгос эзэнтэй зоогийн газарт хэдэн сая төгрөгөөр хоол иддэг мөртлөө манайд 10 жолоочоо 100 мянган төгрөгөөр хооллохдоо “луу унжих” гээд байдаг.

-Европын жуулчид шаардлага өндөртэй гэдэг? 

-Тэдэнд сэтгэлээсээ үйлчлэх хэрэгтэй. Асуусан асуулт болгонд нь чадахаасаа чадахгүйгээ хүртэл хариулж, идэж буй хоолыг нь хүртэл тайлбарлаж өг. Өөрөөр хэлбэл, байнга анхаарал халамж тавих буюу нүүр тулсан харилцаанд дуртай хүмүүс байдаг юм. Азиуд бол эсрэгээрээ. Их нэрэлхүү хүмүүс. Нэг хятад жуулчин гэрт хонолоо гэхэд хөл, гар нь хөлдчихгүй л бол чимээгүй сууж байдаг. Гэтэл европ жуулчин гэрийн температур жаахан буурахад л “Гал түлж өг” гэж дуудна.

-Аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэдэг нь мэдээж нэг компанийн хийх ажил биш л дээ? 

-Манай улсын Жуулч­ны гудамжийг харахаас ичмээр. Ахуйн үйлчилгээ, гутал засвар, дарханы газартай Жуулчны гудамж дэлхийн хаана ч байхгүй. Үүнийгээ болих хэрэгтэй. Жуулчны гудамж гэдэг чинь шөнө ч үйл ажиллагаа нь тасардаггүй  зах, дэлгүүр, зоогийн газар, түргэн үйлчилгээний цэг, парк, зугаа, цэнгээний төвүүдтэй газрыг хэлдэг юм. Ер нь мөнгө олох аргыг бид өөрсдөө л олох хэрэгтэй. Төр зас­гийн зүгээс дэлхийд таниулах ажлыг нь зохион байгуулахад л болно. Энэ хооронд олон улсын нисэх онгоцны буудлаа хурдан барьж, олон гарц нээх хэрэгтэй шүү дээ.