Э.СОЛОНГО

Дэлхийд зургаан зууны тэртээ далайчдын дунд үүссэн эрсдэлийг үнэлж, өөртөө шилжүүлэн авдаг сан­хүүгийн үйлчилгээ болох даатгалын систем манайд 1940-өөд оны үед орж ирсэн түүхтэй. Эдийн засаг хөгжих ту­сам даатгалын хэрэгцээ ихэсдэг ажээ. Өндөр хөгжилтэй орнуудад даатгал нь тухайн улсын эдийн засгийн тулах баганын нэг болдог аж. Манай улсын даатгалын хууль анх 1997 онд батлагдаж, 2004 онд шинэчлэгдсэн байна. Хэдэн зуун дамжин хөгжиж ирсэн даатгалын салбар манай улсад нэлээд хожуу “мэндэлсэн”-ийг салбарынхан онцолдог. Одоогоор манай зах зээлд ердийн болон урт хугацааны даатгалын үйл ажиллагаа эрхэлдэг 17 компани, 240 даатгалын салбар, 19 даатгалын зуучлагч, 11 даатгалын хохирол үнэлэгч компани байгаа аж.

 

КОМПАНИУДЫН ХӨРӨНГИЙН ХЭМЖЭЭ ӨСӨВ 

Өнгөрсөн оны гуравдугаар улиралд даатгалын компаниудын хөрөнгийн нийт хэмжээ 122.6 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21.8 тэрбум төгрөг буюу 1.2 дахин өссөн үзүүлэлт байна. Үүнийг өнгөрсөн таван жилийн мөн үетэй харьцуулахад 83.4 тэрбум төгрөг буюу 3.1 дахин өссөн аж.  Даатгалын компаниудын нийт эргэлтийн хөрөнгө өнгөрсөн оны сүүлчээр 105.5 тэрбум төгрөгт хүрч нийт хөрөнгийн 86 хувь, эргэлтийн бус хөрөнгө 17.1 тэрбум төгрөг буюу нийт хөрөнгийн 14 хувийг эзэлжээ. Даатгалын компаниудын эргэлтийн хөрөнгө өмнөх оны мөн үеийнхээс 22 тэрбум төгрөг буюу 1.2 дахин өссөн нь дүрмийн сангийн доод хэмжээг нэмсэнтэй холбоотой юм.

 

МАЛЫН ДААТГАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ӨРГӨЖЖЭЭ

Даатгалын хураам­жийн орлогын өсөлт өнгөрсөн оны сүүлчээр өмнөх оны мөн үеийнхээс 1.12 дахин өсч 112 хувьд хүрчээ. Үүнд мал амьтадын даатгал 23.6, гэнэтийн осол, эмчилгээний зардлын даатгал 1.4, хөрөнгийн даатгал 1.2, автотээврийн хэрэгслийн даатгал 1, ачааны даатгал 1.3, барилга угсралтын даатгал 2.1, агаарын хөлгийн даатгал 0.9, хариуцлагын даатгал 1, санхүүгийн даатгал 1.3, жолоочийн хариуцлагын даатгал 0.8 дахин нэмэгдсэн нь нөлөөлж. Энэ зах зээлд хамгийн сүүлд зээл, агаарын хөлгийг өмчлөх, эзэмших, ашиглахтай холбоотой хариулагын даатгал шинээр нэмэгдсэн байна. 

Өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар даатгалын салбарын эргэлтийн хөрөнгийн 61.72 хувийг мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө, 20.89 хувийг богино хугацаат хөрөнгө оруулалт, 14.54 хувийг дансны авлага, 2.85 хувийг бусад эргэлтийн хөрөнгө эзэлсэн байна. Эргэлтийн хөрөнгийн бүтцийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад богино хугацаат хөрөнгө оруулалт 7.04 пунктээр буурч, мөнгө түүнтэй адилтгах хөрөнгө 5.44 пунктээр өссөн байна. Даатгалын зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа даатгалын компаниудыг хөрөнгийн хэмжээгээр нь жагсаахад “Монгол даатгал” 24.3 тэрбум төгрөгийн хөрөнгөөр даатгалын зах зээлд тэргүүлсэн бол 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй “гэр даатгал” даатгалын зах зээлийн нийт хөрөнгийн 2.3 хувийг эзэлжээ. Эхний гуравт жагссан компаниудын нийт хөрөнгийн хэмжээ зах зээлийн 38 хувийг эзэлсэн нь энэ салбар дахь хөрөнгийн төвлөрлийн хэмжээ буурахад нөлөөлжээ.

 

Даатгуулагчдын итгэлийг татах гол үзүүлэлт болох даатгалын компаниудын хөрөнгө ийм байна.