Г.ГАНЧИМЭГ 

Өрхийн амьжиргаагаа залгуулдаг бичил бизнес, аж ахуйгаа өргөжүүлэхээр шийдэн жижиг, дунд үйлдвэрлэлийн хэмжээнд үйл ажиллагаа эрхлэхээр шийдсэн иргэд барьцаа хөрөнгө хэмээх даваанд бүдэрдэг нь нууц биш. Тэгвэл иргэддээ боломж олгож жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх зээлийг олгохоо төр, засгийн зүгээс амаллаа.

Хөдөө аж ахуйн салбарт нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг дэмжиж Зээлийн батлан даалтын сангийн үйлчилгээг нэвтрүүлэхээр болжээ. Энэхүү арга хэмжээний хүрээнд Сангийн яам Төрийн болон “Капитал” банктай зээлийн батлан даалтын гэрээнд гарын үсэг зурсан юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хооронд 2011 онд байгуулсан “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн санхүүжилтийн хэлэлцээрийн хүрээнд дээрх үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр болсон байна.

“Зах зээл ба бэл­чээрийн удирдлагын хөг­жил” төслийн Зээлийн батлан даалтын сан нь 2.9 сая ам.долларын сан­хүүжилттэй. Архангай, Булган, Говь-Алтай, Хөвсгөл, Хэнтий аймагт уг төсөл хэрэгждэг аж. Мөн төслийн бус аймаг, сумдын зээлийн барьцаа хөрөнгөний дутагдалтай жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж, иргэн, малчны бүлэг, эмэгтэйчүүд давамгайлсан бүлэг, хоршоонд зээлийн батлан даалтын үйлчилгээг үзүүлэх юм байна. Ингэхдээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжид олгох зээлийн хэмжээ 300 мянган ам.доллар хүртэлх буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн батлан даалтын хэмжээ нь 50 хүртэлх хувь бол малчны бүлэг хоршоонд олгох зээлийн хэмжээ 100 мянган ам.доллар хүртэлх буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн батлан даалтын хэмжээ нь мөн 50 хүртэлх хувь, эмэгтэйчүүд давамгайлсан бүлэгт олгох зээлийн хэмжээ нь 10 сая хүртэлх төгрөгийн батлан даалтын хэмжээ нь 80 хүртэл хувь байхаар урьдчилан тооцоолжээ.

Зээлийн хүү болон ху­гацаа нь олгогдох эх үүсвэрээс хамааран Засгийн газрын Жижиг, дунд үйлдвэрийг хөг­жүү­лэх сан, Японы ЖАЙКА байгууллагын санхүүжилттэй “Жижиг дунд үйлдвэрийг хөг­жүү­лэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээл”-ийн төсөл, Азийн хөгжлийн банкны сан­хүү­жилттэй “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил” төслийн зээлээс банкаар дамжуулан олгож буй зээлийн хүү, хугацаатай адил байх юм байна.