Д.ГЭРЭЛЦЭЦЭГ
Урт нэртэй хууль батлагдсанаар сайн, муу яриа дагуулах болсон. Уул уурхай, байгаль орчин, эдийн засгийн салбарт хэрхэн нөлөөлж байгаа талаар геологич А.Дагвацэрэнтэй ярилцлаа. Тэрээр 1970 онд ОХУ-ын Эрхүү хотын Политехникийн их сургуулийг геологич, геофизикч мэргэжлээр төгссөн. Үүнээс хойш энэ салбарт тэр дундаа хээрийн геологийг 40 гаруй жил хийж байна.
-Урт нэртэй хууль батлагдсан нь ямар үр дагавартай талаар мэргэжлийн хүний хувьд ярихгүй юу?
-“Алт хөтөлбөр” гарч алтны шороон ордууд ашиглагдаж байх үед улсын алтан сан хөмрөгт зарим жил 20 тонн хүртэл цэвэр алт тушааж байсан түүхтэй. Мөн төрөл бүрийн татвар хэлбэрээр улсад 20-30 тэрбум төгрөг орж байсан. Энэ нь оргил үеийн нэг жилийн дүн гэж хэлж болно. Зах зээлийн хүнд үеийг даван туулахад “Эрдэнэт” үйлдвэрээс гадна “Алт” хөтөлбөр гол үүрэг гүйцэтгэсэн. Өмнө нь нөхөн сэргээх ажил бараг хийдэггүй байсан нь Монгол орны байгалийн онгон байдал, үзэмж асар их доройтсон. Харин Урт нэртэй хууль хэрэгжиж эхэлснээр уурхайчид болон газар хөндөгчид нинжа байгаль орчноо нөхөн сэргээх ажил сайжирч эхэлсэн. Энэ нь хуулийн нэг сайн тал. Гэхдээ хуулийг боловсруулахдаа олон талаас нь хараагүй, шинжлэх ухааны үндэслэл муутай хийсэн учир сөрөг тал нь давамгайлсан. Тухайлбал, Урт нэртэй хууль үндэсний алт үйлдвэрлэгчдийг унагаасан гэхэд хилсдэхгүй. Учир нь 256 лицензийг цуцалсан. Эдгээр шороон ордыг ихэвчлэн монголчууд ашигладаг. Ингээд олон иргэн ажилгүй болсон. Нөгөө талаас ашигт малтмал эрж хайх, ашиглахыг хориглосноор тухайн нутгийн ойн сан бүтэн үлдэж, байгаль орчин онгон хэвээр хадгалагдана гэж үзсэн. Хэнтийн нурууны хойд хэсэгт орших Бугант, Толгойт, Хүдэр, Их-Алтат, Бүхлэй, Цамхаг, Шарын гол зэрэг Ерөө голын сав газрын хөндийнүүдэд 1905 оноос өнөөг хүртэл алтны олборлолт хийж байна. Уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрууд 4-5 жилийн дараа зулзаган мод битүү бүрхдэг. Тэр бүү хэл модгүй газар олборлолт явуулснаар мод ургасан газар олон. Уурхай дагаж мод ургаж байгаа нь нотлогдож байна. Үндэсний алт олборлогчид ажилгүй болохын хэрээр улсын сан хөмрөгт тушаах олдворууд эрс багассан. Хэрэв эдгээр лицензийг олговол тухайн газар уул уурхайгаа дагаад тодорхой хэмжээнд сэргэх болно.
-Тэгэхээр уул уурхайн үйл ажиллагаа явуулж, хүн хүрсэн газар сэргэж харин хүний гар хүрээгүй газар сөнөж байна гэсэн үг үү. Үүнийгээ тайлбарлахгүй юу?
-Юуны өмнө хуулийн сөрөг талыг ярихдаа хэн нэгэн хүний эрх ашгийг хамгаалж байгаа юм биш. Надад өөрийн гэсэн уурхай байдаггүй. Өөрөөр хэлбэл, надад ашиг сонирхлын зөрчил байхгүй. Хууль хэрэгжсэнээр Монголын ойн сан нэмэгдэж, гол горхи олширч, байгаль экологи сайжрах эсэх талаар олон ургальч үзэл санаагаа ярьж, хүмүүст нэгийг бодож хоёрыг тунгаахад нэмэр болох зорилготой байгаагаа хэлье. Олборлолтод өртсөн газар залуу ой ургаж, сэргэж байдаг. Харин өртөгдөөгүй хажуугийн уулсын мод сөнөж байгаа шинж илэрч байна. Учир нь хүн амьдардаггүй, гар хүрээгүй , мал ойртоогүй газар өвс өндөр ургадаг. Жил жилийн явцад ургасан өвс нь хагдарсаар 20-30 см-ийн өвсөн давхаргаар газар нилэнхүйдээ бүрхдэг. Түүн дээр давхарлаж модлог ургамлын үр унахаас өмнө цасан бүрхүүл тогтож зарим газарт нэг метр хүртэл зузаан үеийг тогтоодог. Ингээд модны үр газарт хүрч харилцан үйлчлэх нөхцөл байхгүй болсноор шинэ мод ургаж нэмэгдэх нь багасч, ой хөгширч хуурай мод олширч сөнөж эхэлдэг. Уурхайн газрын мод залуужаад, сайн ургаж байдгийн үндэс нь хүний гар хүрсний улмаас өвсөн бүрхүүл алга болж, хөрс сийрэгжсэнд оршиж байгаа юм. Завхан аймгийн Тосонцэнгэлд баруун таван аймгийн хэрэгцээг хангасан модны үйлдвэр байсан. Үүнээс үзвэл байгаль орчин нь доройтсон баймаар. Гэвч энэ газрын ой мод үнэхээр сайхан ургасан. Одоо ч хэвээрээ байгаа. Ой эзэнтэй бол ургадаг зүйл. Харин эзэнгүйдвэл сөнөдөг жамтай. Тиймээс тодорхой хэмжээгээр ойгоо ашиглаж, цэвэрлэж, хүн хүрч байвал сэргэж байдаг.
-Уул уурхай гэхээр ой модноос гадна усны асуудал анхаарал татдаг. Уул уурхайгаа дагаад усны нөөц багасдаг уу?
-Шороо өөрөө тогтсон онцлогтой. Голын хөндийн усаар ялгарч, алт нь доошоо тунаж хоцордог. Алтан дунд нь шороо нь явсаар байгаад алттай зузаан үе үүсгэдэг. Усны үйл ажиллагаагаар гэж болно. Одоогийн байгаа, дээр үед байсан голын сүлжээ гольдролуудаар хуримтлагддаг юм. Алт нь ховор металл учраас тэр бүр хуримтлагдаад байдаггүй. Хааяа нэг хөндийд хуримлагддаг. 100 хөндийгөөс нэг л алттай хөндий байдаг. Алт нь чулуун дээр тогтдог. Чулуу, шороо хоёрын завсар сийрэгхэн хэсэг буюу ус гүйж байгаа хэсэгт тогтдог. Устай газар уул уурхай явагддаг учир нь үүнд байдаг юм. Усгүй газар алтны орд хуримтлагдаж чаддагүй. Газар ухлаа. Алтаа авлаа. Нөхөн сэргээлт хийлээ гэж бодоё. Үүний дараа тухайн газар сийрэгждэг. Үүнээс болж гол горхийн ус орж, хөрсний ус маш их нэмэгддэг. Манайхан хөрсний ус байхгүй боллоо гэж ярьж байгаа. Өөрөөр хэлбэл, ухсан газар болгон нүх сүвтэй болж сийрэгждэг. Энэ нүх сүвээр бороо, цасны ус орж хөрсний ус их хэмжээгээр ихэсдгийг хүмүүс төдийлөн ойлгодоггүйгээс хөрсний усгүй боллоо гэсэн буруу ойлголт бий болоод байгаа. Харин ухаагүй газар үер болж хаа нэг тийшээ урсдаг. Газарт шингэдэггүй. Хөрсний усыг арвижуулдаг сайн талтай гэж болно.
-Нөхөн сэргээлтэд хайнга, хойрго хандах асуудлыг урт нэртэй хуулиар бүрэн зохицуулж байгаа гэж хүмүүс үзэж байгаа. Энэ талаар?
-Нөхөн сэргээлт хийдэггүй газрууд хангалттай их байна. Хууль ч их байгаа. Өмнө нь ашигт малтмалын эрхийг замбараагүй олгосноос нөхөн сэргээлтийн асуудалд хариуцлагатай хандаагүй. Мэргэжлийн бус хүнд их хэмжээгээр олгосон. Нэг хүн 100 газар авах хүсэлтэй байвал түүнийг нь л өгдөг байсан. Мэргэжлийн бус хүмүүс газар болгоныг таамаглан ухдаг. Зарим нь нөхөн сэргээлт хийдэг. Зарим нь хийхгүй тэр чигт нь орхидог. Мэргэжлийн хүмүүс ухах газар болон хэмжээгээ нарийн тодорхойлдог. Нөхөн сэргээлтээ ч зөв аргаар хийдэг. Алттай газар ухсан ч, алтгүй газар ухсан ч нөхөн сэргээлтээ адилхан хийх ёстой. Хуульдаа бол нөхөн сэргээлтийг хийхдээ унаган байдлаар нь болго гэсэн ерөнхий байдлаар заасан байдаг. Их хэмжээгээр ухсан газрыг унаган байдалд нь оруулахад зардал нь хоёр дахин ихэсдэг. Их зардал гарах учир хүмүүс халшраад ухсан хэвээр нь үлдээдэг. Ийм тохиолдолд дахин ажлаа үргэлжлүүлэхийг хориглоно гэж хуульд заасан байдаг. Орон нутгийн захиргааны албан хаагчид энэ асуудалд хамгийн их холбоотой. Хяналт шалгалт хийдэггүй далимдуулан ухсан газраа унаган байдалд нь оруулсан гэдэг тодорхойлолтыг дээрх хүмүүс хуурамчаар хийж өгдөг. Алт нь янз бүрийн гүнд байдаг. Тиймээс өнгөн хөрс хөндөх, намхан ухах, гүнзгий ухах гэсэн олон төрөл байдаг. Өнгөн хөрсийг ухсаны дараа буцаад нүхээ булахад хялбар байдаг. Нүх ухсан бол асуудалтай. Хэмжээнээс нь шалтгаалан нөхөн сэргээлтээ хийх хуулийн нарийн заалт хэрэгтэй байна. Нөхөн сэргээлтээ зөв хийж чадвал байгаль дэлхий сүйдэнэ гэсэн асуудлыг шийдвэрлэж болно. Уул уурхайг ашигласнаар газар дэлхий сэргэдэг. Би Монголд байгаа бүх уул уурхайд ажиллаж үзсэн. Үүнээс болж нэг ч гол горхи ширгэж байгаагүй юм.
-Уул уурхайгаас болж олон булаг, гол горхи ширгэж байна гэж үзэх хүн олон бий?
-ХХ зуунд нарны идэвхжил удаан хугацаагаар бий болсон. Тиймээс газар их хуурайшсан. Түүний нөлөөгөөр усны төвшин унасан юм. Ингээд гол горхи ширгэж, багассан. Мэргэжлийн зүгээс харахад уул уурхайгаас болж гол горхи ширгээгүй. Харин усны нөөцийг арвижуулж байгаа. Сүүлийн хэдэн жил хур тундас ихтэй, өвөл нь хүйтэн цас ихтэй байгаа учраас булаг, шанд сэргэж эхэлсэн. Баруун төв аймагт.
-Уул уурхай хөгжсөн улс орон нөхөн сэргээлтээ хэрхэн хийдэг юм бол?
-Гадаадын орнуудын туршлагаар бол ухсан газраа хиймэл нуур хийдэг. Зарим нь буцаад тэгшилдэг. Уурхай ашиглаад дууссаны дараа аялал жуулчлалын бааз ажиллуулах зэрэг төрөл бүрийн үйл ажиллагаа эрхэлдэг. Өндөр хөгжилтэй орнуудын жишээгээр ухсан газраа унаган байдалд нь оруулж тэр бүр чаддагүй. Харин тэр газраа байгалийн үзэсгэлэнт цогцолбор газар, аялал жуулчлалын бааз байгуулах зэрэг ашигтай талыг сонгодог.
-Уул уурхайн салбар хөгжиж байгаа ч геологийн салбар хаягдсан. Гелогийн салбар хоцрогдолд орсны муу үр дагавар нь юу вэ?
-Хуучин 20 гаруй хайгуулын баг байдаг байсан. Нэг баг гэхэд 700-800 хүний бүрэлдэхүүнтэй. Монголд судалгааг хангалттай сайн хийдэг байж. Ажлын байр ч олон байсан. Зах зээлд шилжсэнээр байдал өөр болсон. Одоогийн байдлаар уналтад орсон энэ салбарыг сэргээх боломжтой. Энэ жил долоон тэрбум төгрөг төсөвт суулгасан. Хэзээ ч байгаагүй их хэмжээний хөрөнгө зарцуулж байгаа мэт ярьж байгаа. Гэтэл талбайн захын гэрэлтүүлэг хийхэд гурван тэрбум төгрөг төсөвлөсөн байх юм. Үүнтэй харьцуулахад долоон тэрбум төгрөгөөр салбарыг хөгжүүлнэ гэдэг үнэнд дүйцэхгүй байгаа юм. Наад зах нь 700-800 тэрбум төгрөг зарж байж энэ салбар хөл дээрээ босох боломжтой. “Бороо гоулд” компани Бороогийн алтыг ашиглаж байгаа ч Монголбанкинд алт тушаадаггүй. Шууд гадагш нь гаргадаг. Хуульдаа бол Монголбанкинд тушаасан алтныхаа мөнгийг авах ёстой. Гэтэл үүнд ямар ч хяналт байдаггүй. Харин жирийн иргэн 500 грамм алт гаргах гэж байсан бол хатуу хариуцлага тооцох жишээтэй. Ийм гажуу тогтолцоог засах хэрэгтэй. Мөн монголчууд авсан лицензээ гадныханд худалдсан. Тиймээс монгол геологичид гадаадын уурхайчдын гар, хөл болон ажиллаж байгаа нь харамсалтай. Монгол орон баялаг ихтэй гэдэг нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн. Тиймээс энэ салбарыг хөгжүүлэх нэн тэргүүний шаардлагатай. Уг нь бид нөөцөө бодчихсон ямар үед аль ордоо ашиглахаа тооцчихсон байвал гадныхны аманд орохгүй. ОХУ, БНХАУ гэхэд газрын баялаг, ордуудаа урьдчилан нээж, нөөцөлсөн байдаг.