Э.СОЛОНГО
“ХАС Лизинг” компанийн гүйцэтгэх захирал Г.Цэвэгжавтай лизингээр хэрхэн хөрөнгө босгож болдог, лизинг авахад ямар эрсдэл үүсдэг, түүнийг хэрхэн зохицуулах талаар ярилцлаа.
-Лизингийн хөгжлийн талаар сонирхуулаач. Манайд энэ үйлчилгээ хэзээнээс нэвтэрч, хэрхэн хөгжиж байна вэ?
-Дэлхийд лизингийн хөгжлийг 4000 орчим жилээр хэмждэг. Ийм олон жилийн өмнө хүмүүсийн амьдралд лизингийн үйлчилгээ байсныг тухайн үеийн томоохон эдлэн газар эзэмшигч цэргүүдийн амьдралаас харж болно. Вавилоны эрчүүд урт хугацаагаар цэрэгт явахдаа газраа тодорхой хэмжээгээр үнэлж, түрээслүүлдэг байсан нь одоогийн лизингийн үйлчилгээтэй адилхан байж. Харин манай зах зээлд 2006 оноос лизинг жинхэнэ утгаараа хөгжлийн эхлэлийг тавьсан гэж болно. Жилээс жилд лизингээр авдаг бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөл нэмэгдэж байна. Хүмүүс банкнаас лизингийн үйлчилгээ авдаг байсан бол одоо дан лизинг, түрээсийн үйлчилгээ үзүүлдэг компаниудтай хамтардаг боллоо. Тухайлбал, манай компани хувь хүнээс эхлээд жижиг, дунд бизнес эрхлэгч, томоохон компани, корпорацид лизинг олгож байна.
-Ихэнх хүн лизингийн үйлчилгээг банкнаас авдаг гэж ойлгодог. Компаниудын лизингийн банкныхаас ялгарах давуу тал нь юу вэ?
-Олон давуу тал бий. Хамгийн чухал нь компани танд худалдаж авч өгсөн хөрөнгө лизингийн хугацаанд компанийн эзэмшлийнх байсан ч түүнийг ашиглах боломжийг нь бүрдүүлж өгдөг. Дараа лизингийн хугацаа дуусахад шууд таны өмчид шилждэгээрээ онцлог юм. Зарим банкны лизингийн хүүнээс компаниудын хүү бага байдаг бол банк бус санхүүгийн байгууллагынхаас хэд дахин бага байдаг. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн бэрхшээлүүдийн нэг барьцаа хөрөнгийн асуудлыг энд хөнддөггүй. Өөрөөр хэлбэл, тэднийг лизингээр үйлдвэр, компанидаа тоног төхөөрөмж, техник технологи авахаар манайд хандахад нь барьцаа хөрөнгө шаарддаггүй. Мөн компаниуд үйлчлүүлэгчдийнхээ лизингийн хүсэлтийг богино хугацаанд шийддэг. Жишээлбэл, суудлын автомашин лизингээр авахаар банкинд хандсан хүн 10-30 хоног зарцуулдаг бол манай компани ийм хүсэлтийг 5-7 хоногийн дотор шийддэг.
-Ийм тохиолдолд танайд эрсдэлтэй биш үү?
-Мэдээж эрсдэлийг тооцож судална. Барьцаа хөрөнгийн хувьд бид тухайн бизнес эрхлэгчийн ур чадвар, туршлагад тулгуурлаж лизинг олгодог. Дөнгөж эхэлж байгаа бизнес, жижиг, дунд үйлдвэрлэлээс барьцаа хөрөнгө шаардахад хүндрэлтэй. Тиймээс хүнийх нь нөөц боломжийг чухалчилъя гэсэн бодлого баримталдаг. Үнэхээр нэг оёдлын машин, ганц хоёр газар тариалангийн техник хэрэгтэй, түүнийг нь шийдээд өгчихвөл өөртөө байгаа туршлага, боломжоо ашиглаад, ашигтай ажиллаж чадах хүн олон байдаг.
-Ер нь лизингээр бараа, автомашин авсан айл эрсдэлд орох магадлал хэр байдаг вэ?
-Лизингийн эрсдэлийн хувьд тухайн хүн зээлийн чанараа таниулах л байдаг. Лизингээр бараа, автомашин авчихаад хугацаандаа төлбөрөө хийхгүй бол чанаргүй зээлдэгчийн тоонд нэр нь шилжинэ. Энэ нь дараачийн зээл, лизинг авах боломжийг нь хаана. Мөн лизингээ 70-80 хувьтай төлж явснаа дунд нь зээл төлөх хугацаагаа хэтрүүлвэл өөрийн чинь өмчид шилжиж амжаагүй байсан бараа шууд тухайн байгууллагын орлого болно. Дээр нь таны олон сар төлсөн мөнгө ямар ч үр дүнгүй болж зүгээр л нэг байгууллагын дансанд үлдэнэ. Ийм эрсдэл бий. Харин эсрэгээрээ лизинг хүмүүсийг олсноо зөв хуваарилах, оновчтой зарцуулах арга, ухаанд сургадаг. Өөрийнхөө боломж, өрхийнхөө орлогын хэмжээнд хэрэгцээндээ нийцүүлэн авсан бараа, автомашины лизингээ төлөхийн тулд өрхийн сарын орлого, цалингаа хуваарилах аргад суралцаж байгаа олон харилцагч, залуу гэр бүл байна.
-Компанийнхаа лизингийн үйлчилгээнээс сонирхуулахгүй юу?
-Манай компани цахилгаан бараа, суудлын автомашин, үйлдвэрлэл, үйлчилгээний тоног төхөөрөмжийн санхүүгийн түрээсийн үйлчилгээг эрхэлдэг. Үүнийхээ хүрээнд нийгэм, байгаль орчинд хор нөлөөгүй үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн, бизнес эрхлэгчдийн эрхэлж буй ажилд шинэ техник технологийг нэвтрүүлэхэд нь тоног төхөөрөмжийг лизингээр олгодог. Мөн үйлдвэрлэл үйлчилгээ, тээвэр, барилга угсралт, хөдөө аж ахуй, оффисын зориулалттай тоног төхөөрөмж борлуулдаг байгууллагуудтай хамтран ажилладаг. Лизингийн компаниуд одоогоор орон сууцыг лизингээр олгож эхлээгүй байна. Манайх тэр зах зээлийг судалж байгаа.
-Танайхаас лизингээр бараа, автомашин авлаа гэхэд давхар зээлтэй байж болох уу?
-“ХасЛизинг” компаниас лизинг авах үед хэдэн ч зээл, эсвэл лизингийн үйлчилгээ авсан байж болно. Гол нь орлого тань бүх зээл, лизингийг төлөхөд хүрэлцээтэй, хангалттай байх ёстой юм.
-Жижиг, дунд үйлдвэрлэгчид хөл дээрээ бостлоо багагүй цаг алддаг. Танайд тэднийг дэмжсэн ямар нэг уян хатан нөхцөл бий юу?
-Орлого бага, эрхэлж байгаа бизнесээс нь шалтгаалаад зах зээлд үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийх нь эрэлт буурсан саруудад орлогынхоо хэрээр лизингийн төлбөрөө төлж болно. Өөрөөр хэлбэл, лизингийн төлбөрийн уян хатан нөхцлийг харилцагчдадаа хүргэхээр нэг жилд зургаа хүртэлх сар зөвхөн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөн хүүгээ төлөх боломжийг бүрдүүлсэн.