Э.СОЛОНГО
Гаднаас 100 мянган тонн улаанбуудай импортлох шийдвэрээ Засгийн газар “Хавар их хэмжээний рапс тарьсных” гэж тайлбарласан. Манай улс 2011, 2012 онд 280-300 мянган га талбайд буудай тариалж 340 мянган тонноос дээш ургац хураан авсан байдаг. Гэтэл энэ жил 230 мянган га талбайд буудай тариалсан нь гаднаас улаанбуудай “гуйх” шалтгаан болжээ.
Гурилын түүхий эдийн тариалалт буурсан нь рапсын тариалалтад талбай илүүчилснээс үүдэлтэй аж. Рапс нь улаанбуудайнаас хэд дахин илүү үнээр өмнөд хөршид борлогддог тариаланчид үүнд “дурлах” болжээ. Монгол Улс өмнө нь уринш, тариалан гэсэн хөрсний хоёр төрлийн сэлгээтэй байсан бол өнгөрсөн хавраас рапс буюу тосны ургамал тарьж сэлгээ хийж эхэлжээ. Тариан талбайд тосны ургамал тарьж хөрс сэлгэж болох зөвлөгөөг мэргэжилтнүүд өгсөний дагуу рапс тарьснаа салбарын яамныхан онцолсон. Ингээд тариаланчид өнгөрсөн хавар 70 мянга орчим га-д тосны ургамал тарьсан нь буудайн тариалалт буурахад хүргэжээ. Улсын хэмжээнд 280 мянган га талбайд буудай тариалж байж гурилын хэрэгцээг хангах тооцоо байдаг ч нийт талбайн 25 хувьд рапс тарьсан байна. Тэр мөчөөс л энэ хавар улаанбуудайн хомсдол үүсэх эрсдлийн суурь тавигдж, 100 мянган тонн улаанбуудайг гаднаас гуйхад хүрч байгаа аж. Нөгөө талаас хойд хөршөөс буудай импортлоход өнгөрсөн намрын ургац хураалтын үеэр тариалангийн бүс нутагт гурван удаа цас орж, буудай дарагдсаныг онцолж байгаа ч тариаланчид үүнийг гол шалтгаан биш гэсэн. Засгийн газар улаанбуудайгаар уутаа дүүргэж чадаагүй буруугаа рапс руу түлхэсэн. Харин тариаланчид улаанбуудайгаас илүү рапсыг чухалчилах болсноо “Төр уулаанбуудайг хэдэн төгрөгөөр үнэлэхээ эрт хэлдэггүй, бөөрөнхий хариултаар цаг алддаг.
Тиймээс бид алинаас нь ашиг олохоо эхэлж тооцоолсон” гэж тайлбарласан. Хятадууд рапсыг хэдээр, хэчнээн хэмжээнийг авахаа хаврын тариалалтаас өмнө захиалчихдаг учраас рапс улаанбуудайгаас “хүчтэй” байгааг тэд хэлж байна. Өнгөрсөн хавар тариаланчдын тариалсан рапс нь ургамлын тосных бус техникийн тосны түүхий эд болдог, хөрсний үржил шимийг “сордог” сортынх байж. Тиймээс урд хөршийн бизнесмэнүүдийн ачаар үнэд орсон рапс Монголын атраас хураасан улаанбуудайг үнэгүйдүүлсэн хэрэг. Тонн улаанбуудайгаа 360-400 мянган төгрөгөөр үнэлүүлсэн тариаланчид нэг тонн рапсыг хятадуудад 700-900 мянган төгрөгөөр борлуулсан байна. Рапс буудайнаас хоёр дахин их үнэтэйгээс гадна тариалалт нь зардал багатай аж. Буудай тарихад нэг га талбайд 160-170 кг үр цацдаг бол рапс тариалахад 4-10 кг хангалттай гэнэ. Бас зэрлэг ургамал устгах хор цацах шаардлагагүй. Үүнээс гадна рапс тарихад шаардлагатай үр, мөнгөөр хятад түншүүд нь хангадаг тул өнгөрсөн хавар том талбайд рапс тарьсан. Улаанбуудай тариалахад төр ингэж тусалж, дэмжвэл тариаланчид рапс руу хошуурахгүй гэдгийг Үр, тариа эрхлэгчдийн холбооныхон хэлсэн. Тэгэхээр тэд ашиг хөөж, рапсыг их хэмжээгээр тариалах тусам манай улсын гаднаас авах буудай тэр хэмжээгээр нэмэгдэнэ гэсэн үг. Ирэх намар улаанбуудайгаар уутаа дүүргэж гаднаас гуйлга гуйхгүйн тулд энэ хаврын тариалалтын талбайг хэрхэн ангилах, тариаланчдын буудай тарих нөхцөлийг яаж бүрдүүлэх нь гол асуудал болж таарах нь.