Э.СОЛОНГО
Бүтэн жил ярилцсан далд уурхайн санхүүжилт шийдэгдвэл морин жилд хоёр тэрбум гаруй ам.долларын орлого олох тооцоог Оюутолгой компаниас гаргаад байна. Өнгөрсөн онд гадны мөнгөний урсгал татарснаас болж улсын “хэтэвч” дэх нөөц 2.5 тэрбум ам.долларт хүрчээ. Үүний 200 гаруй сая ам.долларыг төр өрөндөө өгнө гэж төлөвлөсөн бол 500 гаруй сая ам.доллар нь арилжааны банк, аж ахуй нэгжүүдийн валютаар төлөх зээл юм. Үлдсэн тэрбум гаруй ам.доллараар зах зээлийн хэрэгцээг хангах боломжгүйгээс болж “ногоон”-ы ханш өсч, хэмжээнээс хэтрээд байгаа. Зэс, нүүрсний орлогоос шалтгаалж Монголын зах зээлд таагүй нөхцлүүд үүссэний нэг нь энэ. Гэхдээ морин жилд Хөрөнгө оруулалтын тухай хуулийг даган уул уурхайн салбар урагшилж, улсын “хэтэвч” зузаарна гэж тооцоолсон боловч Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн хэлэлцээрийг хүлээсэн хэвээр байгааг эдийн засагчид онцолсон. Уг хэлэлцээрийг морин жилээс өмнө шийдэхээр хэд хэдэн удаа хэлэлцээрийн ширээний ард суусан боловч тодорхой шийдэлд хүрээгүй. Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн зургадугаар хуралдааныг өнгөрсөн хоёрдугаар сарын 6-ны өдөр Улаанбаатарт зарлан хуралдуулсан. Үүгээр Оюутолгой төслийн анхны хөрөнгө оруулалтыг нягтлах, далд уурхайн санхүүжилтийг шийдэх зэрэг асуудлыг хэлэлцсэн юм. Гэвч, хоёр тал тодорхой шийдэлд хүрч чадаагүй учраас хувь нийлүүлэгчдийн хурлыг түр завсарлуулж, хоёрдугаар сарын 27-ны өдөр дахин хуралдуулсан билээ. Энэ хурлаар хоёр тал мөн л тодорхой алхмыг хийгээгүй. Дахин долоон сарын дараа Оюутолгой компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Монголын талын гишүүд Да.Ганболд, Г.Тэмүүлэн, Ч.Отгочулуу нар “Туркойз хилл” компанийн 51 хувийг эзэмшигч “Рио Тинто”-той хэлэлцээрээ үргэлжлүүлэхээр Лондонг зорьсон. Ингэхдээ өмнө хэлэлцэж байсан асуудлаа нэмж 30 асуудал хэлэлцсэн ч, үүнийхээ тал хувийг л шийдвэрлээд ирсэн. Үхрийн баас шиг уван цуван үргэлжилсэн Оюутолгойн хэлэлцээр үүгээр дууссангүй. Лондонд хуралдсан асуудлууд Улаанбаатарт үргэлжилсэн ч төслийн анхны хөрөнгө оруулалтыг нягтлах, далд уурхайн санхүүжилтийг шийдвэрлэх зэрэг бүтэн жилийн өмнө хоёр талыг хэлэлцээрийн ширээний ард суулгасан гол асуудлууд дорвитой алхамд хүрээгүй хэвээр үлдэв. Ингээд жил дамнасан Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийг шийдэх хэлэлцээр морин жилд дахин үргэлжлэх нь тодорхой болсон. Дуусдаггүй энэ хэлэлцээрийг энэ оны эхний хагаст шийднэ гэдгийг салбарын сайд хэлсэн юм. Сайдын ам гарснаар далд уурхайн санхүүжилтийг жилийн дундуур шийдчихвэл эдийн засагт ирэх сайн үр дагавар олон бий. Оюутолгойн хөрөнгө оруулалт валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй. Тус компанийн тогтвортой үйл ажиллагаа манай улсад хөрөнгө оруулалт татах гол хүчин зүйл. Тиймээс Оюутолгойгоо тойглохгүй бол болохгүй гэдгийг эдийн засагчид, уул уурхайн салбарынхан “Эрдэс баялгийн салбар- 2025” хэлэлцүүлгийн үеэр онцолж байсан. Оюутолгой энэ оны эхний хагас жилд нэмэлт санхүүжилтийн асуудлаа шийдэж энэ оны хөрөнгө оруулалтын зардлыг 1.3 тэрбум ам.доллар, борлуулалтын нийт орлогыг 2.6 тэрбум ам.доллар байхаар тооцоолжээ. Энэ нь могой жилд доошоо үзүүлэлтийг зааж байсан уул уурхайг өөд нь татна гэдгийг салбарынхан хэлж байна. Монголын эдийн засагт тодорхой ахиц авчрах далд уурхайн бүтээн байгуулалтын ажил морин жилд хэрхэн өрнөхийг талууд хэлэлцэж байгааг Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган хэллээ. Ямартай ч дуусдаггүй хэлэлцээр салбарын сайдын мэдэгдсэнээр энэ жилийн дундуур шийдэгдчихвэл морин жилд Монголын эдийн засагт 2.5 тэрбум ам.долларын орлого орох ажээ.