Э.СОЛОНГО

Монголын уул уурхайн хөрөнгө оруулалтын ассоциацийн ерөнхийлөгч Т.Лхагватай ярилцлаа.

 

-Хөрөнгө оруулалтын тухай хуулийн талаар таны байр суурийг сонирхвол?

-Энэ хуулийг цаг хугацааны хувьд тийм ч нүдээ олсон гэж бодохгүй байна. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн үндсэн утга санаа нь “Татварын орчныг тогтвортой болголоо шүү, та нар ирж ажлаа хийж болно” гэсэн агуулгатай. Гэтэл татварын асуудал ажлаа хийж эхэлсний дараа л яригдана. Уг нь бол хамгийн эхлээд эрхзүйн орчны шинэчлэл буюу уул уурхайнхны хөлнөөс дүүжлээд усанд живүүлээд байгаа чулуунуудыг зайцуулах хэрэгтэй.

-Одоогийн байдлаар хэчнээн компани лиценз эзэмшиж байна вэ?

-Одоогоор лиценз эзэмшдэг 1300 гаруй компани байна. Үүний 800 гаруй компанийнх үйл ажиллагааг төрөөс ямар нэгэн байдлаар зогсоочихсон. Тиймээс энэ оныхоо ажлын төлөвлөгөөг гаргаад ажиллаж байгаа компани цөөнхөн байгаа. Ихэнх нь Ашигт малтмалын газарт тайлангаа өгч батлуулах гэхээр  хүлээж авахгүй байна. Танайх тусгай хамгаалалтын талбайд орчихсон байна ч гэдэг юм уу эсвэл танай талбайг орон нутаг нь аймгийн нөөцөд авчихсан, төрийн тусгай хэрэглээний талбайд багтсан гэх шалтгаар үйл ажиллагааны тайланг нь хүлээж авдаггүй.

-Төр хөрөнгө оруулал­тыг нэмэгдүүлэх хүчин зүйлсийг хийж эхэллээ. Үр дүн нь хэдийнээс эхэлж мэдрэгдэх бол?

-Хөрөнгө оруулчихаад байгаа компаниудын асуудлыг шийдээд энэ хүмүүсийн ажлыг эхлүүлэх юм бол тэд наад зах нь ажлын төлөвлөгөөгөө боловсруулж ажлаа эхэлнэ. Бидний явуулсан судалгаагаар хайгуулын буюу ашиглалтын урьдчилсан хөрөнгө оруулалтад хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан байна. Үүнд хөрөнгө мөнгөний асуудлыг шийдсэн ч ажил нь зогсчихоод байгаа компаниуд багтаж байна. Эдгээр компани үйл ажиллагаагаа үргэлжлүүлбэл ойрын таван жилд 30-50 тэрбум ам.долларын ашгийг Монголд авчирна. Зөвхөн эндээс харахад бид ямар их боломжоо алдаж байгаа нь тодорхой байна. 2009 оноос хойш ийм байдал үүсээгүй бол өнөөдрийн байдлаар 10 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт Монголд томоохон бизнесүүдийг эхлүүлж, эдийн  засагт тодорхой хувь нэмрээ оруулах байсан.

-Манай улс метал­лургийн салбараа хөгжүү­лэх талаар эрчимтэй ярьж байна. Манайд уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулахад гадны  хөрөнгө оруулагчид хэр хамтрах сонирхолтой байна?

-Манайд төмөр болон зэсийн баяжуулах үйлдвэр, нүүрс угааж гаргах зэрэг экспортын салбарт өртөг нэмсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх сонирхолтой хөрөнгө оруулагчид их бий. Гагцхүү ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа тул түүхий эд байхгүйгээс боловсруулалтын олон үйлдвэрүүд өнөөдөр үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байна.

Тэд төрөөс санхүү­гийн дэмжлэг хүсээгүй. Хөрөнгө мөнгөө өөрсдөө шийдэж  үйлдвэрээ байгуулж, олон хүнийг ажлаар хангая гэсэн санал тавьдаг. Үүнээс гадна уул уурхайн компаниуд 20 гаруй нэр төрлийн татвар төлдөг. Уул уурхайн салбарт 1300 гаруй компанид 60 мянган хүн ажиллаж байсан бол үүний 70 гаруй хувь нь ажилгүй байна.

-Засгийн газар энэ салбарт хууль эрхзүйн шинэчлэл хийхээр хэлэлцэж байна. Үүнээс ямар үр дүн хүлээж байна?

-Шинэчлэлийн Засгийн газар энэ салбарт өөрчлөлт хийх гэж оролдож байгаа ч хугацаа алдаж байна. Бизнес, хөрөнгө оруулалтын ажил цаг нартай уралдаж  байдаг. Энэ байдлаар явбал 2014, 2015 онд ямар ч үр дүн гарахгүй байсаар дараагийн сонгуультай золгох вий.