Э.СОЛОНГО
Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх компаниуд төслөө шалгуулахаар Засгийн газарт бүртгүүлж дууслаа. “Чингис” бондоос санхүүжих төслийн уралдаанд Монголд ямар баялаг бүтээх санал, төлөвлөгөө ирснийг сурвалжиллаа.
САНХҮҮЖИЛТ ХҮССЭН ТӨСЛҮҮДИЙН ИХЭНХ НЬ ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫНХ
Засгийн газар энэ онд дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжиж, импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжихээ зарласан. Ингэснээр Монгол Улс ам.долларын ханшийн өсөлтөд дарлуулахгүй гэж эрх баригчид үзэж байгаа. Валютын ханшийг хазаарлах гарцыг олсон. Одоо хийх үлдлээ гэдгээ тэд онцолсон юм. Импортыг хязгаарлаж дотоодын үйлдвэрлэл, бүтээгдэхүүнийг дэмжих эхний алхамаа “Чингис” бондын санхүүжилтээр эхлэхээр болсоноо ч хэлсэн юм. Үүний хүрээнд өнгөрсөн сарын 23-наас энэ сарын 17 хүртэл ердөө 20 хоногийн хугацаанд дотоодын үйлдвэрүүдийн төслийг бүртгэж дууссан. “Чингис” бондын хөрөнгөөр санхүүжиж, бага хүүтэй зээл авахыг хошуурсан дотоодын үйлдвэрлэгчид энэ хугацаанд 1151 төслийг Засгийн газарт хүргүүлжээ. 20 хоногийн хугацаанд аж ахуйн нэгж, иргэдээс Засгийн газрын хэрэг эрхлэх газарт 963, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд 100, Хөдөлмөрийн яаманд 45, Барилга, хот байгуулалтын яаманд 43 төсөл ирсэн байна. Бондоос санхүүжилт хүссэн дотоодын үйлдвэрүүдийн ихэнх нь хөдөө аж ахуй, барилгын салбарынх аж. Төслийг шалгаруулах ажлын хэсгийг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат ахалж, Ерөнхий сайдын зөвлөхүүд болон Эдийн засгийн хөгжил, Барилга, хот байгуулалт, Үйлдвэр, хөдөө аж ахуй, Хөдөлмөр, Сангийн яамны төлөөлөл орж ажиллахаар болжээ. Бондоос санхүүжилт хүссэн 1151 төслийн аль нь тэнцэж, ямар нь шалгууруудыг хангасныг ирэх гуравдугаар сарын 15-ны дотор тодорхой болгох юм. Шалгарсан төслүүдийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн тогтоол гаргаснаар төслүүд хэрэгжиж эхлэх юм байна.
МАКС ГРУПП “ЧИНГИС” БОНДООС САНХҮҮЖИЛТ ХҮСЭВ
Бондоос санхүүжилт хүссэн 1000 гаруй төсөл дунд далайн байцаа, бохь, кофе, костюм, живх, саван, угаалгын нунтагаас эхлээд унадаг дугуй, мотоцикль, автобусны үйлдвэрлэлийн төсөл хүртэл байна. Оёдлын цех ажиллуулдаг иргэн О.Батсүх костюм, дүрэмт хувцасны үйлдвэрийн төсөл ирүүлсэн бол “Макс” групп зэрэг томоохон бизнесийн байгууллагын эзэн автобус үйлдвэрлэх төслөө бүртгүүлжээ. Тус групп Daеwoo bus корпорацийн бүтээгдэхүүнийг Монголд үйлдвэрлэх хүсэлтэй байгаагаа илгээсэн байна. Мөн барилгын салбарт хэрэгжүүлэх 40 гаруй төсөл ирсэнээс ихэнх нь цемент, хонины ноосоор барилга дулаалах материал хийх үйлдвэрийнх байна. Импортын бараа бүтээгдэхүүн орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөж буй зарим үйлдвэрийн эздийн байр суурийг сонслоо.
“Мандах газар” компанийн захирал А.Агиймаа: ЦАЙНЫ ХАНДЫГ ДОТООДДОО ШИЙДЭХ БОЛОМЖТОЙ
-Манай компани Солонгос улсаас кофе, эрүүл мэндийн зориулалттай цай импортолдог. Солонгосоос оруулж ирж байгаа бүтээгдэхүүнийхээ найрлага, үйлдвэрийн онцлогоос харахад Монголд пакеттай цай, цайны ханд, кофе үйлдвэрлэх боломж харагдсан. Хүнс, эмийн ургамлаар баялаг манай улсад ногоон цай зэрэг эрүүл мэндийн зориулалттай цай, цайны ханд үйлдвэрлэх бүрэн боломжтой. Бидэнд түүхий эд нь байна шүү дээ. Сүүлийн үед манай улсын кофены хэрэглээ ихэссэн. Үүний дагаад кофены импортын урсгал нэмэгдсэн. Түүнд зарцуулж байгаа валютын хэмжээ ч өсч байгаа. Дотооддоо кофе үйлдвэрлэх зайлшгүй шаардлагатайг манай зах зээл сануулаад байна.
“Хустайн шил” компанийн захирал Т.Ганхуяг: БАРИЛГЫН ТӨМӨР БЕТОНЫ ТҮҮХИЙ ЭД МАНАЙД ХАНГАЛТТАЙ БИЙ
-Барилгын төмөр бетоныг дотооддоо үйлдвэрлэдэг болсноор бид чанартай, чанарын батлгааг нь хариуцдаг эзэнтэй, хямд үнэтэй материалыг зах зээлд нийлүүлдэг болно. Дотоодын цөөхөн хэдэн үйлдвэр төмөр бетон, арматурын эрэлтийн 20 хүрэхгүй хувийг хангаж байна. Үлдсэн хэрэгцээг урд хөршөөс хангадаг. Манай нэг үйлдвэр өдөрт 10-20 төмөр бетоныг үйлдвэрээс гаргах хүчин чадалтай. Барилгын ажил ид бужигнадаг дулааны улиралд тэд захиалгаа гүйцэхгүй Хятадаас импортлохоос өөр аргагүй болдог. Тэндээс дотоодынхтой харьцуулахад чанаргүй, чанарын баталгаагүй, бүтээгдэхүүн оруулж ирдэг. Сүүлийн үед манайд олон янзын орон сууцны хөтөлбөр хэрэгжиж, барилгын салбар хөгжих хэрээр төмөр бетоны эрэлт огцом нэмэгдсэн. Үүнийгээ дагаад Хятадаас авах бүтээгдэхүүн, түүнд төлөх мөнгөний хэмжээ өсч байна. Энэ төсөл хэрэгжих гол шалтгаанууд нь манайд бий. Монголд эрэлт, зах зээл нь байна. Хамгийн гол нь манайх төмөрлөгийн түүхий эдээр арвин улс. Үйлдвэр байгуулбал төмөр бетоноо юугаар хийх вэ гэх зовлон байхгүй.