Д.АРИУН
Баянзүрх дүүргийн АН-аас УИХ-д нэр дэвших гишүүдээсээ 100 сая төгрөг авах тухай тогтоолын хуулбарыг УИХ-ын гишүүн Ж.Батзандан задлалаа. 100 сая төгрөгийг тушаах хугацааг уг тогтоолд 2016 оны тавдугаар сарын 24 гэж зааж өгчээ. Тэгэхээр өнөөдөр буюу тавдугаар сарын 23-нд багтаж, энэ мөнгийг Баянзүрх дүүргийн АН-ын Хаан банкин дахь дансанд тушаасан байх ёстой болж таарч байгаа юм. АН нэр дэвшигчдээсээ ямар хэмжээний мөнгө авч, сонгуулийн санхүүжилтийн нэг хэсгээ босгох гэж байгааг нь эндээс харж болохоор. Бас нэр дэвшигчийн татвар гэдэг шинэ хэллэг ч гарч ирлээ.
Намдаа 100 сая төгрөг өгөөд дээрээс нь өөрөө сонгуулийн сурталчилгааны зардлаа гаргана гээд тооцоод үзэхээр сонгуульд нэр дэвшинэ гэдэг мөнгөтэй хүний хийх ажил гэдэг нь тодорхой. Нөгөө талаасаа ийм их мөнгө зарлагадаж Их Хуралд суусан улс зардлаа олох гээд үнэтэй цэнэтэй юм болгон руу дайрах нь ч тодорхой буй заа.
Эх сурвалж: www.zms.mn