Т.ДАЛАЙ
Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Улаанбаатар хотоос 53 км-ийн зайд Өүлэн эхийн хөшөөт цогцолбор байгуулж байна. Чингис хааны морьт хөшөөний цаахна бүтээн байгуулалт өрнөж байгаа юм. Цогцолборыг “Сайхан булган” компанийн тэргүүн, орчуулагч А.Лхамжавын санаачлагаар бүтээж эхэлжээ. Архитектороор М.Ганболд, барималчаар Монгол Улсын төрийн соёрхолт, барималч Л.Ганхуяг нар ажилласан байна. Одоогоор тус цогцолборыг байгуулах ажил ид өрнөж буй бөгөөд “Өүлэн эх-түүхэн цогцолбор”-ыг бүтээн байгуулах ажил 60 орчим хувьтай яваа гэнэ. Өүлэн эхийн хөшөөг нунтаг боржингоор, есөн метрийн өндөртэй цутгаж хийжээ. Уг хөшөө нь жижиг толгой дээр байрлах бөгөөд Чингис хааны түүхтэй холбоотой чухал дурсгалт газрууд харагдаж байхаар зураг төслөө гаргажээ. Өүлэн эхийн хөшөөний гол зохиомж нь дэлхийг байлдан дагуулаад ирж буй хүүгээ тосон алхаж буй ээжийг дүрслэн харуулсан байна.
Эх сурвалж:www.polit.mn