Ж.ЦОГЗОЛМАА

Оны эхний сар сүүлдээ орж байхад Засгийн газар үндэсний үйлдвэрлэлээ дэмжих төсөл хөтөлбөрүүдээ зарлаад, түүний шалгаруулалтыг шувтруулахаар болоод байна. Харин парламент нэлээд олон хуулийг батлах, өөрчлөх гээд түмэн завгүй. Уг нь энэ цаг үед өнгөрсөн онд цоорхой үлдээсэн төсвийнхөө дутууг нөхөж, дундуурыг дүүргэж, төсөвгүй баталсан төслүүдийг яах эсэхээ шийдэх учиртай. Гэвч энэ асуудалд анхаарал хандуулах сөхөөтэй хүн алга.

 

ТОДОТГОЛОО НЭХСЭН ТӨСӨВ БУЮУ МОРДОХЫН ХАЗГАЙ

Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сарын 15-нд парламент яаруу сандруу 2014 оны төсвөө баталсан. Хугацаанд нь төсвөө баталж хуулиа хэрэгжүүллээ гэсэн парламентчдын үгний цаана хариуцлагагүй төсөв илхэн байсан юм. Буруу замаар будаа тээвэл буцахдаа юу гэдэг билээ... Энэ оны төсвийг долоон их наяд төгрөгтэйгөөр баталсан. Өнгөрсөн оны эхний 11 сарын байдлаар Монгол Улсын нийт импорт зургаа орчим тэрбум ам.долларт хүрсний талаас илүү хувийг эрдэс, хуванцар, арьс шир, химийн бүтээгдэхүүн, машин механизм, цахилгаан хэрэгслийн импорт эзэлснийг Засгийн газар мэдээлсэн. Иймд эдгээр үйлдвэрлэлийг дотооддоо хангах төслүүдийг дэмжинэ гэдгийг Ерөнхий сайд мэдэгдсэн юм. Импорт орлох, экспорт нэмэх үйлдвэрлэлийг дэмжихэд “Чингис” бондын хөрөнгөөс 360 шахам тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ. Ийнхүү зарлагууд хэдийгээр ил болсон ч төсөвт хэзээ тодотгол хийх вэ гэсэн асуулт нээлттэй байна. Өнгөрсөн оны сүүлчээр 240 төсөл, арга хэмжээний өртгийг тэг дүнтэйгээр хөрөнгө оруулалтын жагсаалтад баталсан. Өөрөөр хэлбэл, тэг өртөгтэй эдгээр төслүүдэд аудит хийгдсэний дараа алийг нь санхүүжүүлэх нь тодорхой болох аж.

 Гэвч өнгөрсөн жилд хэрэгжүүлнэ гэж баталчихаад араас нь баллуурдах зарчмаар явах нь өөрөө өрөөсгөл хэрэг болох гээд байна. Дээр хэлсэнчлэн буруу замаар хэрэгжүүлсэн төсөв эцэс сүүлд нь бөөн хэл ам таталж, маргаан дэгдээхийг ч үгүйсгэхгүй. Түүний оронд анхнаасаа эдгээр төслүүдийг үр ашигтай чанараар нь жагсааж, түүнээсээ шүүгээд төсвийн төлөвлөгөөнд оруулж баталсан бол өнөөдөр хэн хүний жийрхэх сэдэв болохгүй байсан нь лавтай. Парламентын гишүүд батлах хуулиа яриад завгүй явах зуур хэзээ нэг өдөр хоосон төсөвтэй үлдсэн хэр нь төсвийн ногоон гэрлээр батлагдсан бүтээн байгуулалт, байгууламжийн төслүүд нэхэл хатуутай гүйцээд л ирнэ. Тэр үед бүгдийг нь хэрэгжүүлэх гэж хэчнээн хөрөнгө мөнгө зарах, түүнийг хэрхэн санхүүжүүлэх зэрэг олон асуулт хариултаа нэхнэ. Тэр цагт дахиад л бонд гаргаж өрийн хэмжээгээ нэмэх үү гээд эргэлзээ дүүрэн байна.

 

ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ХҮНГҮЙ ТӨСӨВ

Төсвөө батлах болохоор гишүүд бүгд л кнопоо дардаг хэр нь эргээд төсвийн хариуцлага ярих болохоор хаяглах эзэн олддоггүй жишиг урт настай үргэжилж байна. Оны сүүлч болохоор яам, Тамгын газруудын тавилга, хогшил өнгө зүс ороод шинэчлэгдэж байхад юу юунаас илүү санхүүжилт нь шийдэгдэх ёстой төслүүд мөнгөгүй болоод гацаж байна. Сургууль, эмнэлэг, цэцэрлэгийн барилга нүдний гэм болоод байхад томчуудын тэнгэр баганадсан орд харшууд хаана л бол хаана газар хатгаад сүндэрлэж л байдаг. Тэглээ гээд тэд ямар аргаар газраа авсан, хэрхэн сүндэрлүүлснийг мөшгөөд хөөцөлдөхөөр эцсийн дүндээ өөрөө амь ороод босчихсон гэхээс өөр тайлбаргүй болтлоо эзэнгүйддэг.

Дараагийн асуудал нь төсвөө батлуулах болохоор гишүүд бүр тойрогтоо хангалттай хэмжээний мөнгө тусгуулах гэж ихээхэн лоббидож байгаа талаар УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл хэлсэн байдаг. Тэрээр “Төсөв хэлэлцэж байгаа одоогийн механизм хэн сайн лоббидож чадсанд нь үйлчилж байгааг бид харлаа шүү дээ. Тэд үнэхээр сайн лоббидож чадсан учраас тойрогтоо хийж байгаа бүтээн байгуулалтыг авч үлдэж чадаж байна. Улс төрийн намууд ингэж тохиролцож, лоббид автаж төсвөө батлах нь улс орны амин чухал асуудал болсон эдийн засгийн бодлогоо буруу тал руу нь чиглүүлж байна гэсэн үг. Энэ утгаараа бол энэ хариуцлагагүй төсөв болж байна. Энэ үзэгдэл үүгээр л дуусаасай билээ” гэж хэлсэн юм.