Б.ТҮШИГ 
"Атлетико" (Испани) -"Барселон" (Испани) -2:0 (өмнөх тоглолт 1:2)
Мадрид хот. "Висенте Калдерон" цэнгэлдэх хүрээлэн.

Гоолууд: Гризманн, 36 (1:0), 88-11 метрийн торгуулийн цохилтоос (2:0). 
"Атлетико": Облак, Хуанфран, Лукас Эрнандес, Годин, Филипе Луис, Коке, Фернандес (Савич, 90+3), Габи, Ньигес, Гризманн (Корреа, 90), Феррейра-Карраско (Томас, 74).
Ахлах дасгалжуулагч: Диего Симеоне.
"Барселон": Тер Штеген, Дани Алвес (Серхи Роберто, 64), Маскерано, Пике, Жорди Алба, Серхио Бускетс, Иньеста, Ракитич (Арда Туран, 64), Месси, Суарес, Неймар.
Ахлах дасгалжуулагч: Луис Энрике.
Тоглолт эхлэхээс өмнө хөлбөмбөгийн хорхойтнуудын дийлэнх нь Мадридын "Атлетико" талбай дээрээ Аваргуудын лигт урьд жил түрүүлсэн хүчирхэг "Барселон"-ыг хожино гэдэгт ихээхэн эргэлзэж байв. Уг нь "Барселон"-ыг сүүлийн есөн жилд Аваргуудын лигийн хагас шигшээгээс чухам л "Атлетико" хоёр жилийн өмнө ганц удаа мулталж дөнгөсөн юм. Хэдий тийм ч "Атлетико" баскуудын багтай учраа таарсан сүүлийн долоон тоглолтдоо дараалан хожигдсон билээ. Тэгээд ч "Атлетико"-гийн шилдэг довтлогч Фернандо Торрес шар хуудасны улмаас энэ тоглолтод оролцох эрхгүй болоод байлаа.
Гэвч талбайн эзэд шүүгчийн шүгэл дуугарсан мөчөөс эхлэн тоглолтыг хяналтдаа авч Тер Штегений хаалга руу хэд хэдэн аюултай довтолгоо хийсэн. "Атлетико" талбайн хаа сайгүй бөмбөгийн төлөө идэвхтэй тэмцэж, "Барселон"-ы Месси, Суарес, Неймар гэсэн довтлогчдын оддын гурвалын хаалганд нь ойртох аливаа оролдлогыг амжилттай таслан зогсоож байлаа. Мадридынхны дайчин тоглолтын дэргэд "Барселон" танигдахын аргагүй дорой харагдаж байсныг тэмдэглэх хэрэгтэй. Иймээс ч Гризманны мөргөж оруулсан гайхамшигтай гоол тохиолдлын зүйл байсангүй.
Хоёрдугаар үед "Атлетико" хамгаалалтдаа илүү анхаарч ухарснаар "Барселон" бөмбөгийг илүүтэй хянах болсон ч үүнээс тоймтой үр ашиг гаргаж чадахгүй байв. Хүч тэнцүү өрсөлдөөн өрнөсөөр, цаг явсаар тоглолтын сүүл рүү аль түрүүлж гоол оруулсан тал хожих нь тодорхой болов. Тэгтэл "Барселон"-ы хашир Иньеста торгуулийн талбайдаа бөмбөгөнд гар хүрчихсэн. 11 метрийн торгуулийн цохилтыг Гризманн амжилттай гүйцэтгэж, "Барселон"-ыг хоёрдахь удаагаа гомдоосон доо.
Гэхдээ үлдсэн хугацаанд "Барселон" нэг л бөмбөг оруулбал хоёр тоглолтын нийлбэр дүн тэнцэж цаг сунгах учиртай байв. Тийм боломж ч гарсан. "Атлетико"-гийн Габи Иньестагийн нэгэн адил торгуулийн талбайдаа бөмбөгөнд гар хүрчихэв. Даанч шүүгч Рицолли 11 метрийн торгуулийн цохилт өгөөгүй. Дараа нь Месси ханатай торгуулийн цохилт гүйцэтгэсэн ч бөмбөг хаалганы дээд булангаас холгүй өнгөрсөн юм.
Ийнхүү "Барселон" Гризманн, шүүгч хоёрт өвдөг сөхрөн Аваргуудын лигээс мултарлаа.
Эх сурвалж: www.polit.mn