Б.ЗАЯА

Түрээсийн харилцааг зохицуулах судалгааны үр дүн, Түрээсийн тухай хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлэг өнөөдөр хоёр дахь удаагаа Төрийн ордонд болов. Өмнө нь түрээслэгч болон үл хөдлөх хөрөнгийн эздийг оролцуулсан томоохон хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Г.Уянга, Д.Сарангэрэл нар удирдан явуулсан бөгөөд “МИРИМ” консалтинг ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Мөнхбат, “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн ерөнхий захирал Ө.Эрдэнэбаяр, Удирдлагын академийн мэргэжил дээшлүүлэх институтын захирал Я.Бямбасүрэн нар танилцуулга хийж, санал солилцлоо.

Түрээсийн тухай хууль 2013 оноос эхлэн яригдаж эхэлсэн. Хуулийн судалгааг салбартаа туршлагатай “МИРИМ” консалтинг компани болон судлаач, мэргэжилтнүүд улс орон даяар хоёр үе шаттай хийжээ. Энэ хугацаанд гурван өөр газраар гурван хуулийн төсөл боловсруулж түүнийгээ нэгтгэн, ашиглаж болохуйц сайн талуудыг авч нэг хуулийн төсөл болгосноо гишүүд танилцуулав.

МИРИМ консалтинг ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Мөнхбат “Судалгаагаар үнийн нөлөөлөл, чадамж, барьцааны сан байгуулах тухай, түрээсийн даатгалын тухай, түрээстэй холбоотой дата мэдээнд нарийвчилсан шинжилгээ судалгаа хийгдсэн. Энэхүү судалгаанд нийслэл болон Ховд, Сэлэнгэ, Өмнөговь аймгууд хамрагдлаа. Судалгаанд нийтдээ 1000 орчим түрээслэгч, түрээслүүлэгч, оролцогч талуудыг оролцсон байна. Ажлын байрны, орон сууцны, газрын түрээсийг хамруулан судалгаа явууллаа. Түрээслүүлэгчид ажлын байр болон амьдрах зориулалттай байран дээр гэрээ хийж байна. Харин газрын түрээсэн дээр огт гэрээ хийгдэхгүй нөхцөл байдалтай байна. Мөн үнэ тогтоохдоо ажлын байр болон амьдрах сууцанд жишиг үнээр үнэ тогтоож байгаа бол бол газрын түрээсэн дээр аман тохиролцоогоор үнээ тогтоодог хандлага ажиглагдаж байна. Үнэ тогтоолтод гол нөлөө үзүүлж байгаа хүчин зүйл нь байршил, тохижилт, гэрээний нөхцлүүд харгалзан үзэж байна. Ажлын байрны түрээс илүү өндөр үнэтэй байгаа бол амьдрах зориулалтынх дундаж, газрын түрээс бага үнэтэй байгааг түрээслүүлэгчид хэлж байсан. Иймд түрээслэгчид үнэ тогтоох аргачлалыг боловсруулах шаардлагатай байна гэсэн саналыг хэлж байгаа. Мөн түрээстэй холбоотой их бага маргаан гардаг. Үүнээс ялангуяа ажлын байрны түрээсэнд гардаг маргаан 70 хувьтай байна. Энэ нь гэрээ хэт ерөнхий хийгддэгтэй холбоотой байна” гэв.

Эх сурвалж:www.polit.mn