Ч.Зотол

Монголын Ногоон намаас Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын даргыг шүүхэд өгч байгаагаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдэж байв. Энэ талаар тус намын Бага хурлын гишүүн Ш.Жавзандуламаас тодрууллаа.

-Монголын Ногоон намаас  Захиргааны хэргийн шүүхэд хандсан асуудал ямар шатанд яваа вэ?

-Юуны өмнө нэг зүйлийг залруулах нь зүйтэй гэж бодож байна. Монголын Ногоон намаас Чингэлтэй дүүргийн Засаг даргыг биш, ЗДТГ-ын даргыг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өгсөн  байгаа. Зарим хэвлэлд ташаа мэдээлжээ.  Манай нам 2015 оны зургадугаар сарын 13-наас эхлэн бямба гариг бүр олон нийтэд хандсан санал асуулгын  үйл ажиллагаа явуулах болсон. Тэр нь зарим хэвлэлд  2016 оны сонгуульд зориулсан  ажил байсан мэт  мөн ташаа мэдээлэгдсэн байна.  Уг нь бол “Маргааш сонгууль болвол хэн гэдэг улстөрчийг сонгох вэ” гэсэн санал асуулга, судалгааны ажил байсан юм. Үүнийг нэг жилийн хугацаатай явуулах намын Бага хурлын шийдвэр  тухайн үед гарсан байдаг. Тэр дагуу үйл ажиллагаа явуулж байгаад сонгууль дөхсөн учраас үйл ажиллагаагаа  бүртгэлжүүлье гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-т хандсан юм. Гэтэл албан бичгийн хариуд Жагсаал, цуглааны хууль болон сонгуулийн тухай хуулиар хорино гэсэн. Манай үйл ажиллагаа энэ хоёр хуулийн алинд ч харшлахгүй. Иргэд үгээ чөлөөтэй хэлнэ, санал асуулга чөлөөтэй явна гэсэн  зарчим бий. Ингээд бид санал асуулга явуулахын тулд ямар нөхцлийг бүрдүүлсэн байх вэ гээд  албан бичиг хүргүүлсэн. Бидэнд хариу өгөөгүй. Даргатай нь уулзахаар эрхзүйчтэй уулз гэдэг. Тэр хүнтэй нь уулзахад янз бүрийн шалтгаан хэлж , бид хүлээж явсаар манай ажил  зогссон. Ажил зогсоолоо гээд намын зүгээс энэ ажлыг хариуцдаг учраас надад хариуцлага тооцох асуудал ярих болсон. Гэтэл би ажлаа хийхэд бэлэн, гагцхүү тэр байгууллага  албан бичгийн хариу өгөөгүйгээс миний эрх зөрчигдөхөд хүрээд байгаа юм. Иймд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариу нь “Та нам төлөөлөхгүй” гэж гарчээ.

-Та энэ намын удирдах шатны байгууллагын гишүүн биз дээ?

-Тийм ээ, би намын Бага хурлын гишүүн, дээр нь  тэр ажлыг хариуцдаг. Тэгэхээр “Нам төлөөлөхгүй”  гэсэн  хариу өгч байгааг учир дутагдалтай гэж үзэж байна.

-Цаашид  ямар алхам хийх вэ?

-Дараа дараагийн шатны шүүхэд хандах, нэхэмжлэх гаргана гэсэн байр суурьтай байна.

-Та Монголын  ногоон намд хэдэн онд элссэн бэ?

-1990 онд энэ намыг байгуулагдахад элссэн. Тухайн үед ойн инженер мэргэжлээр суралцдаг  оюутан  байсан. Төгсөөд мэргэжлээрээ ажилласан, энэ хугацаанд намаасаа түдгэлзсэн. Дараа нь хувийн бизнес эрхлээд намаас хол байсан. 2010 оноос намын ажилд оролцож, тодорхой сонгуульт ажил хүлээн авч, нэр төртэй биелүүлж яваа гэж боддог. Гэтэл нэг байгууллага албан бичигт хариу өгөхгүй байгаагаас хариуцлага үүрэхэд хүрээд байна. Эрхээ хамгаалуулах гээд хуулийн байгууллагад хандахаар надад ингэж үйлчилж байна. Хуулийн байгууллагууд  нь шударга байж, монголчууд хуулиа хэрэгжүүлэх цаг болжээ.

Эх сурвалж: Polit.mn