Б.БАРС

Английн нийслэл бус Канадын Онтарио мужийн жижигхэн Лондон хотноо 1994 оны гуравдугаар сарын 1-нд төрсөн Жастин Бибер өдгөө 19 настай. Нас хэдий залуу ч тэрээр ноднин 55 сая ам.долларын орлоготой ажиллан “Forbes” сэтгүүлийн шоу бизнес дахь дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтад гуравт бичигдэн шаггүй эр гэдгээ харуулсан.

Сар гаруйхны дараа “Believe” нэртэй баримтат кино Америк, Канадын кинотеатруудаар гарч эхлэнэ. Жастин Биберийн дэлхийг тойрсон дуулиант аялан тоглолтын тухай энэ кинонд өгүүлэх аж. Чухам энэ аялан тоглолтын үеэр англи хэлэнд Вelieber гэсэн цоо шинэ үг бий болсон гэнэ. Энэ нь Биберт итгэгч гэсэн утгатай бөгөөд залуу дуучны олон арван сая шүтэн бишрэгчдийг ийн нэрийдэх болжээ.

15 сая ширхэг цомгоо хэдийнэ борлуулж өнөөгийн өсвөр үе, залуусын шүтээн дуучин нь болсон авьяаслаг дуу зохиогч, хөгжимчний Канадын “Gulf Times” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэе.

 

-Та үе тэнгийнхнээсээ ялгарахгүй жирийн л нэг хөвгүүн байхыг хүсдэг байсан уу?

-Би тэртээ тэргүй жирийн нэг хөвгүүн шүү дээ.

-Тэгж дүгнэхэд хэцүү л юм?

-Би ямар нэг зорьсон зүйлээ санасан хэмжээндээ хүртэл хийж чадаагүй тохиолдолд өөртөө ингэж л хэлдэг. Би чинь жирийн нэг хөвгүүн шүү дээ гэж. Тэгэнгүүт хэн ч, юу ч намайг өөрөөрөө байхад саад болж чадахгүй гэж бодон тайвширдаг юм.

Мэдээж уран бүтээлийнхээ төлөө олон зүйлээс татгалзахад хүрдэг л дээ. Гэхдээ  өмнө нь мөрөөдөж ч байгаагүй олон юм миний амьдралд орж ирсэн. Жишээ нь би дэлхийн олон улс орноор аялах болсон нь надад таалагддаг.

-Хэрэв та дуучны хувьд ийм их амжилтад хүрээгүйсэн бол юу хийх байсан бол?

-Ёстой хэлж мэдэхгүй юм. Би дунд сургуульд сурлагаараа алтан дундажид багтаж явлаа. Сурлагадаа тэгтлээ муу биш ч, ангийнхаа онц сурлагатан нь хэзээ ч байсангүй. Архитектор болохыг мөрөөдөж эхэндээ математикт дуртай байлаа. Мөн муугүй зурдаг байсан. Гэвч хүндрэх тусам математикийн хичээлд дургүй болж эхэлсэн дээ. Иймд миний дуучны карьер эхэлж намайг аварсанд бурханд үнэхээр баярлаж явдаг.

-Ингэхэд хэр их шүтлэгтэй вэ?

-Би Христийн сүмд тогтмол очиж мөргөдөг. Би Есүс Христтэй сэтгэл санаагаараа маш дотны харьцаатай гэдэгтээ гүнээ итгэдэг. Хорвоо дэлхийн тоосыг хөдөлгөж яваа нь түүнээс улбаатай шүү дээ.

-Чи хэдэн настайдаа анх дуулж эхэлсэн нь сонирхол татаж байна?

-Би хар нялхаасаа л хөгжимд дуртай байсан. Хэлд орохоосоо ч өмнө хөгжим дуугарангуут таарсан бүхнээ хэмнэлтэйгээр нүдэн бөмбөр “тоглодог” байсан гэдэг. Ээж маань үүнийг анзаарч дөрвөн настай байхад надад жинхэнэ бөмбөр авч өгсөн юм. Тэгээд зургаан нас хүрэнгүүт гитар бэлэглэж байлаа. Үүнээс нэлээд хожуу, аравтайдаа л анх дуулж эхэлсэн дээ.

-Дуу хөгжим гэдэг зүгээр нэг сонирхол биш гэдгээ хэзээ ойлгосон бэ?

-Би 12 настайдаа хотынхоо авьяастны тэмцээнд оролцон хоёрдугаар байр эзэлсэн юм. Ээж маань миний дуулахыг видео дээр бичээд “YouTube” дээр байрлуулсан. Гэтэл тэр бичлэгийг манай хамаатан садан, найз нөхдөөс гадна олон мянган огт танихгүй хүн үзсэн, олон ч хүнд таалагдсан. Чухам тэр бичлэгийг миний анхны менежер санамсаргүй үзээд ээжийг ятган байж надтай АНУ-ын Атланта хотод уулзан гэрээ байгуулж билээ.

-Чи хар багадаа л алдаршсан. Майкл Жексон өөрт нь бусадтай адил хүүхэд нас байгаагүй тухай харамсан дурссан нь бий. Чи үүнд харамсдаг уу?

-Надад бага нас байгаагүй гэж би хэлэхгүй. 12 настайдаа би шоу-бизнест хөл тавьсан нь үнэн. Гэхдээ үүнээс өмнө би ердийн амьдралаар амьдарч, жирийн сургуульд явдаг байсан. Эрт эхэлсэн дуучны карьер миний бага насыг хулгайлаагүй гэж боддог. Харин ч бүр догь болгосон шүү.

-Гэхдээ заримдаа ганцаарддаггүй гэж үү?

-Хүн бүр заримдаа ганцаарддаг байлгүй дээ. Би ч ялгаагүй, хэн нэгэн хажууд байхыг хүсдэг тал бий. Үе үе гунихравч өөрийгөө хүчлэн хийх ёстой юмаа чадлынхаа дээд хэмжээнд хийхээр өөрийгөө хүчилдэг.

-Шоу-бизнесийн шаардлагаар уу?

-Тийм. Сэтгэлд ямар ч хэцүү байсан чи нүүрэндээ байнгын инээмсэглэл тодруулах хэрэгтэй. Өөрийн дотоод сэтгэлээ хүчлэн далдлах хэрэг цөөнгүй тохиолдоно доо. Шоу-бизнест амжилтад хүрэх өөр зам байхгүйг би дэндүү эрт ойлгосон.

-Ямар ч одыг папарацци зурагчид сүүдэр мэт дагадаг. Хэцүү биз?

-Хэцүү байлгүй яах вэ. Тэвчээр алдрах дээр тулдаг. Хүмүүс хэлдэг л дээ. Үүнтэй эвлэрэхээс өөр аргагүй гэж. Гэвч би чинь хүн. Арван цаг онгоцоор нисээд буусан хэн ч гэсэн олигтой харагдана гэж үү. Ядарч, нүүр ам хавдана биз дээ. Ийм үед намайг ангуучлан зураг авахад би дургүй. Эцсийн эцэст шөнийн хоёр цагт гэрийн шаахайтай нойрмог таныг үүд онгойлгонгуут урдаас чинь зураг аваад унавал хэн ч гэсэн бухимдана биз дээ.

-Оддын хувийн амьдрал, хайр дурлалын асуудал ч папарацци нарын хажуугаар өнгөрдөггүй. Селена Гомес та хоёр үүнээс болж хагацсан уу?

-Олны танил хүмүүс хэн нэгэнтэй дотны харьцаатай болсноо олон нийтээс нууна гэдэг үнэндээ боломжгүй. Үргэлж л тагнуулч Жеймс Бондын дүрд хувиран намайг нэг хаалгаар орсноос арван минутын дараа Селена нөгөө хаалгаар орж учирна гэдэг утгагүй санагдсан. Жинхэнэ хайр дурлал ийм нөхцөлд амьдрах аргагүй юм билээ.

-Чи 25 нас хүрч байж гэрлэнэ гэж нэгэнтээ ам алдсан?

-Тэр хавьцаа гэрлэнэ гэж боддог. Гэхдээ цаг хугацаа л бүхнийг харуулна шүү дээ. Ямар ч байсан үзэсгэлэнтэй эхнэр авч, олон хөөрхөн хүүхдийн эцэг болно гэдэгт итгэдэг.

-Итгэж болох хүн сонгоно гэдэг алдартнуудад амаргүй гэж сонссон. Таны хувьд? 

-Үнэхээр хэцүү. Иймээс ч алдар нэрд хүрэхээс өмнө дотно харилцаатай байсан хүмүүсээ, анд нөхдөө алдахгүй байхыг хичээдэг. Үнэнийг хэлэхэд би найз олонтой хүн биш. Бүхнээ хуваалцдаг найз гэвэл гуравхан л бий. Хар багаасаа үерхэж өдий хүрсэн юм.

-Чи үй түмэн шүтэн бишрэгчидтэй. Тэд бүгд чамд амжилт хүсдэг нь мэдээж. Гэхдээ чамайг бүдрээсэй гэж боддог хүн ч цөөнгүй байгаа даа?

-Мэдээж. Залуу дуучид карьерынхаа эхэнд бүдрэх нь бишгүй л тохиолддог шүү дээ. Тэдний адил намайг амжилтдаа бялууран архинд орж, хар тамхинд донтохыг хүлээдэг хүмүүс байж л байгаа.

-Тэгж хальтрахаас өөрөө яаж сэргийлдэг вэ?

-Амьдралд юу чухал вэ гэдгээ хүн бүр сайтар ухамсарвал хэзээ ч хальтрахгүй гэж боддог. Гэхдээ огт бүдэрдэггүй хүн гэж байдаг гэж үү. Бүдэрсэн ч босоод зорьсон замналаасаа хазаалгүй явах хүч л юу юунаас чухал болов уу. Эргэн тойрныхон намайг өөр өөрийн зөв гэсэн зүйл рүү татаж чангаадаг л даа. Гэвч хэрхэхээ би л шийддэг.

-Чи 18-хан насандаа арав гаруй сая долларын үнэтэй тансаг харш худалдаж авсан. Тэр үед юу бодогдож байв?

-Миний амьдралын чухал агшнуудыг нэг нь тэр байсан. Багадаа би хэцүүхэн орчинд амьдарч байснаа нуухгүй. Иймд өөрийн гэсэн байшинтай болсондоо маш их баярласан.

-Чи эрүүл мэнддээ хэр их анхаарал тавьдаг вэ?

-Одоо би 19 настай. Юу дуртайгаа иддэг. Орилж, хашгирч, үсэрч дэвхэрсээр л яваа. Мэдээж нас ахингуут эрүүл мэнддээ анхаарах нь жам биз.

-Аль улс руу очих хамгийн дуртай вэ?

-Япон.

-Яагаад?

-Япон хүмүүс нэг нэгэндээ ёслон хүндэтгэл үзүүлдэг нь том соёл гэж бодогддог. Мөн гэртээ орохдоо гутлаа тайлдаг нь ч таалагддаг.

-Жастин Биберийн имижэд дахин өөрчлөлт гарах уу?

-Гаралгүй яахав. Би үргэлж хөгжиж, шинэ оргил руу тэмүүлэхийг хүсдэг. Шинэ хэв маягтай дуу, клипийн санааг тасралтгүй илэрхийлдэг дээ.

-Чи хувцалалтдаа хэр анхаарал тавьдаг вэ. Моод хөөдөг үү?

-Би тэгтлээ моод хөөдөггүй ч огт тоодоггүй гэвэл худал хэлсэн болно.

-Хэзээ нэгэн цагт өөрийн нэртэй брэнд хувцасны компанитай болох сонирхол бий юу?

-Яагаад үгүй гэж. Болохгүй гэх газаргүй. Гэхдээ би юуны түрүүнд хөгжмийн хүн. Үүндээ л гол анхаарлаа хандуулсаар байх болно.

-Тэгвэл чиний хамгийн их хүсч буй мөрөөдөл юу вэ?

-“Грэмми”-гийн шагнал гардах. Надад одоо цөөнгүй шагнал бий л дээ. Гэхдээ “Грэмми”-г гардана гэдэг онцгой. Тэр агшинг би тэсч ядан хүлээдгээ нуугаад яахав.

-Нэгэн сонинд чамайг Барак Обама, бүр Далай ламаас ч илүү нэр нөлөөтэй болсон тухай бичжээ. Өөрийнхөө тухай иймэрхүү зүйрлэл уншаад юу гэж боддог вэ?

-Ийм юм уншаад баярлаж хөөрнө гэж юу байхав. Барак Обама ч, Далай лам ч маш хүчирхэг хүмүүс шүү дээ. Тийм мундаг хүмүүстэй өөрийгөө адилтгана гэдэг утгагүй. Гэхдээ хүмүүст ямар нэг хэмжээгээр эерэг нөлөө үзүүлж чадаж байвал би өөрийгөө аз жаргалтайд тооцно.

-Өөр шиг чинь шоу-бизнесийн оргил руу тэмүүлж буй залуу уран бүтээлчдэд ямар зөвлөгөө өгөх вэ?

-Миний зохиосон нэг дуун дээр “Хэзээ ч үгүй гэж хэзээ ч битгий хэл” гэсэн үг бий. Үүнийг л үргэлж санах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өөртөө итгэдэг л бол юу ч болж байсан зорьсноосоо ухарч ерөөс болохгүй.