Р.ОЮУН

“Хөгжил-Ардчилал” ТББ, Германы Конрад-Аденауэр сан хамтран “Монголын эдийн засаг-ололт, сорилт, боломж” сэдэвт хөгжлийн чуулганыг зохион байгууллаа. Эх орныхоо төлөө сэтгэл зовнидог, яаж хөгжвөл зүгээр вэ гэдэгт гарц, шийдэл, арга хайсан хэсэг залуус нэгдэж “Хөгжил-Ардчилал” төрийн бус байгууллагыг өнгөрсөн жил байгуулжээ. Манай улс үндэснийхээ хэмжээнд том тэсрэлт хийж, сэргэн мандсан гүрнүүдийн тоонд ордог ч үүний цаана бодит сорилтууд, орлогын тэгш бус хуваарилалт, баян хоосны ялгаа байна.

Орлого, баялгийн хуваарилалт Монгол Улсад анхаарал татсан асуудлын нэг болжээ. Зөвхөн Монголд ч биш дэлхийн улс орнуудын хувьд тухайлбал, АНУ-ын хувьд орлогын хуваарилалтын асуудал санаа зовоосон зүйл болж байна. Тэгэхээр бид зөв явж байна уу, буруу явж байна уу. Хэрэв буруу явж байвал энэ алдааг яаж засвал дээр вэ гэдэг дээр ширүүн маргаан үүссэн.

Тиймээс олсон ололтоо бататгаж цаашдынхаа сорилтыг давна гэж хичээвэл үүний цаана хамгийн том боломж нээлттэй байгаа талаар оролцогсод ярьж байлаа.

Чуулганы үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Конрад Аденауэр сангийн суурин төлөөлөгч Даниел Шмюкинг, УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, МУИС-ийн багш, судлаач Г.Түмэннаст нарын сэтгэгдлийг сонслоо.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

ХЭРЭГЛЭГЧ УЛСАА БҮТЭЭЛЧ БОЛГОЁ

-Халамжинд хамаагүй мөнгө тараадгаа болих ёстой. Бид гаднаас авдаг буюу импортоор орж ирдэг юмыг худалдаж авдаг улс болж хувирчихаад байна. Бид өөрсдөө баялаг, орлогоо бүтээдэг улс болох нь зөв. Дэд бүтцээ хөгжүүлье, үйлдвэржилтийг эхлүүлье. Бэрхшээл, сорилт тулгарч байна гээд суугаад байх бус үүнээс яаж гарах, хэрхэн даван туулж, хамтарч ажиллах талаар ярилцах хэрэгтэй. Тиймээс хэрэглэгч улсаа бүтээлч болгоё. Бид Чингис болон янз бүрийн бондыг авчраад үйлдвэрлэл, дэд бүтэц рүү өглөө. Хэдэн хүний эрх ашгийн төлөө хийж байгаа билээ гэдгийг үндэс, сууриар нь гаргаж ярилцах цаг болсон. Ганцхан уул уурхайтайгаа ноцолдоод байвал бид хөгжихгүй. Тиймээс бусад салбарыг хөгжүүлэх хэрэгтэй байна. Тухайлбал, ноолуур. Бид 8000 тонн ноолуураас 1000 тонныг нь боловсруулж бүтээгдэхүүн болгож, 1000 тонныг нь самнаад гаргаж байгаа. Үлдсэн 6000 тонн ноолуураа угаагаад л гаргадаг. Өнөөдөр энэ салбараас 540 орчим тэрбум төгрөг олж байна. Үүнийг бид жаахан дэмжээд өгвөл эндээс нэг их наяд төгрөг олох боломжтой. Тиймээс нүдээ нээж, юмыг өөр өнцгөөс харах цаг болсон.

Конрад Аденауэр сангийн суурин төлөөлөгч Даниел Шмюкинг:

ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХЗҮЙН ҮНДСИЙГ НЬ БҮРДҮҮЛЖ ӨГӨХ ЮМ

-ХБНГУ-ын Конрад Аденауэр сан нь дотооддоо болон дэлхийн 80 гаруй оронд суурин төлөөлөгчийн газраараа дамжуулан үйл ажиллагаагаа явуулдаг. 1993 онд Монголд суурин төлөөлөгчийн газраа нээсэн. Монгол Улс эдийн засгийн хувьд олон улстай хамтарч ажилладаг. II дайны дараа Германы эдийн засаг ямар байсныг та бүхэн сайн мэдэж байгаа. Герман улсын эдийн засаг европын орнууд дундаа хамгийн хөгжилтэйд тооцогддог. Хөгжлийн гол түлхүүр нь холбооны улсууддаа нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засаг гэсэн загварыг сонгосон. Энэ нь нийгмийн эмзэг бүлгүүддээ адилхан анхаарч, зах зээлийн эдийн засгаа давхар авч явдгаараа онцлог. Нийгмийн эмзэг бүлгийнхэн буюу тэтгэврийн хөгшид улсаас тэтгэмж авдаг. Төр юуг хариуцаж ажиллах вэ гэвэл бизнесийн байгууллагуудтайгаа нийлээд, ажиллаад байхдаа гол биш эдийн засаг, эрхзүйн үндсийг нь бүрдүүлж өгөх юм. Өнөөдрийн ярилцаж байгаа сэдвүүд улс болон мөрийн хөтөлбөр, Засгийн газрынхаа бодлогоор дамжин хэрэгжээсэй гэж хүсч байна.

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат:

АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАР ДНБ-ИЙН ЕСӨН ХУВИЙГ ХАНГАЖ БАЙНА

-Бид эдийн засгийн өсөлт, хөгжилт гэж ярьдаг. Аж үйлдвэргүйгээр эдийн засгийн ойлголт байхгүй. Байгаа боломжоо унагаасан зүйл олон бий. Бид өөрсдийнхөө үндсэн түүхий эд, баялагт тулгуурлаад үүнийгээ боловсруулдаг үйлдвэр байгуулах нь хамгийн тэргүүний зорилт, том сорилт. Эхний хагас жилд багтаагаад буруу ч бай, зөв ч бай сууриа бүгдийг нь тавина. Яагаад гэвэл аливаа нэг ажлыг эхэлнэ гэдэг хамгийн гол хэсэг. Хоёрдугаарт, дотоодын үйлдвэрлэлээ хамгаална. Өнөөдөр аж үйлдвэрийн салбар ДНБ-ий есөн хувийг хангаж байгаа бол эдийн засгийн өндөр хөгжилтэй орнууд 20-30 хувийг хангаж байна. Бидний тавьсан стратеги төлөвлөлт аж үйлдвэрийн бодлогоор 2020 он гэхэд 21 хувьд хүрэх зорилт тавьж байгаа. Өнгөрсөн жил хоёр хувийн өсөлт гарсан.  Цаашид үүнийг 21 хувьд хүргэхийн төлөө ажиллана.

МУИС-ийн багш, судлаач Г.Түмэннаст:

БАЯЛГИЙН ХУВААРИЛАЛТЫГ ХҮН БҮР ТЭГШ ХҮРТЭХ ЁСГҮЙ

-Нийгэмд баялаг хуваарилах олон суваг байдаг. Зах зээлд бүтээж байгаа баялаг хэр олон улсад хамааралтай, түүнээс хэр олон хүн хүртэх боломжтой вэ гэдэг асуудлууд. Өнөөдрийн ярьж байгаа асуудлууд нь зах зээлийн эдийн засгийг нийгэмд яаж хүртээмжтэй байлгах вэ. Зөвхөн эдийн засгийн том зорилго, бодлогоос гадна нийгэм, эдийн засаг хоёрын хооронд үүсч байгаа орон зайн гажуудлыг яаж арилгах, хэрхэн хэвийн хөгжих вэ гэдгийг ярьж байна. Бид гажуудлыг яаж засч цааш явах вэ. Ялангуяа, Монгол Улс хүн ам цөөтэй учраас эдийн засгийн тэгш бус байдлыг хэрхэн даван туулах вэ. Хүртээмжтэй эдийн засагтай байж, баялгийн шударга хуваарилалттай байх энэ боломж руу яаж явах вэ гэдэг асуудлыг хэлэлцэж байна. Баялгийн хуваарилалт гэхээр хүн бүр тэгш хүртэх ёстой гэсэн асуудал биш. Зах зээл хөгжсөн, ардчилсан оронд хэн нийгмийн хөгжилд илүү хувь нэмэр оруулна тэр нь баялгаасаа илүү хүртэх үндсэн зарчим бий. Зах зээлийн эдийн засаг хөгжсөн орнуудад нийгмийн асуудлуудаа шийдвэрлэх чадамжийн тухай ярьж байгаа. Энэ чадамжийн нэг үзүүлэлт нь зах зээлд бүтээж байгаа баялгийг илүү хүртээмжтэй байлгах бололцоо байна уу гэдгийг ярьж байгаа болохоос нийт баялгийг тэгш хуваарилах талаасаа биш юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин